Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2017/0016/З |
Дугаар | 111/ШШ2017/0028 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 111/ШШ2017/0028
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Баянхонгор аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн. Уг захирамжинд сумын сургуулийн захирал ******* нь сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон тул Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт зэргийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг би зөвшөөрөхгүй байна.
Намайг ажлаас чөлөөлөх шалтгаан болгож байгаа үндэслэл нь сургуулийн хуучин байрыг хадгалах хамгаалах үүргээ бүрэн биелүүлээгүйгээс болж улсад их хэмжээний хохирол учруулсан гэснийг би зөвшөөрөхгүй. Манай хуучин сургуулийн байр нь сумын захиргааны өмчлөлд байдаг. Тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга нь хуучин сургуулийн байрны түлхүүрийг авч бусдад түрээслүүлсэн, тус байрыг бусдад түрээсэлж байх явцдаа түрээслэгч нь тус эд хөрөнгийг хадгалж хамгаалах ёстой байтал цонхыг нь хагалж, паарыг нь алдсан хүнд хариуцлага тооцох ёстой гэж боддог.
Гэтэл түрээсэлсэн хүнд ногдох хариуцлагыг надад тохож намайг ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ захирамжийг гаргахдаа миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажил амьдралаас салгаж байгаа нь илт хууль бус юм.
Миний бие нь сургуулийн захирлаар ажилладаг, миний хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээгээр үүсдэг. Энэ талаар би төрийн албаны зөвлөлд болон шүүхэд 2017 оны 2 сарын 23-ны өдрүүдэд тус тус хандсан.
Баянхонгор аймгийн Засаг дарга нь намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан ч үр дүнгийн гэрээний заалтаа бариагүй, Боловсролын тухай хуулийн зохих зүйл заалтаа бариагүй, бусдын буруутай үйл ажиллагааны улмаас гарсан эвдрэл гэмтэл, сургууль орчмын зүйлсийг намайг учруулсан хэмээн дүгнэж илтэд хууль бусаар намайг ажлаас чөлөөсөн тул үүнд би туйлын их гомдолтой байна. Энэ хууль бус акт гарснаас болж би сумаас Баянхонгор аймагт ирж шүүхэд хандах, хуульчид хандан хууль зүйн туслалцаа авах зэргээр маш их хохирч үнэхээр хүнд байна.
Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамж нь хууль бус тул түүнийг хүчингүй болгуулах, намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс хойшхи цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг дарга сумын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө тухайн нарийвчилсан хууль буюу Боловсролын тухай хуулийн 30.1.15-т дахь заалтыг баримтлах ёстой байтал тухайн заалтыг баримтлаагүй ба аймгийн Засаг даргаас *******ийг ажлаас чөлөөлөх саналыг албан ёсоор бичгээр аваагүй. Захиргааны актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.15-т заасныг үндэслэж гарсан боловч *******ийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний хохирол учирсан талаар хөндлөнгийн байгууллагын акт, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй буюу 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө гарсан эрхийн акт байхгүй.
Захиргааны акт гарсаны дараа *******ийн ажлыг зориуд шалгах үндэслэлээр аймгийн Засаг дарга, дотоод аудитын хэлтэс, мэргэжлийн хяналтын ажлын хэсэг сум явж 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр илтгэх хуудас, дараа нь улсын байцаагчийн дүгнэлт гарсан ба үүнд хэвийн ашиглах боломжтой гэж гарсан байдаг. Барилгын хааны шохой нь ховхорсон, шал нь овойсон байгаа нь *******ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэдэг нь буруу. Хуучин байрыг засварлах, үйл ажиллагааг хэвийн явуулах талаар санхүүжилт төсөв өгөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа.
Баянхонгор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын *******тэй 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан үр дүнгийн гэрээнд хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг дурдаагүй. Гэрээг цуцлах тухай асуудлыг үр дүнгийн гэрээндээ тусгаж өгсөн. Өнөөдөр талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байдаг. Энэ гэрээн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай заалтыг 9.1 дэх зүйлд зааж өгсөн. Хөдөлмөрийн үр дүнгийн гэрээ, хугацаа чанартай холбогдон үүссэн маргааныг талууд зөвшилцөн шийдвэрлэх заалттай байхад Засаг даргын зөвлөлийн хурал дээр хамтарч ажиллахгүй гэдэг байдлыг илэрхийлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т дурдсан сонсгох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, сонсох ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээллийг заавал мэдэгдэлд дурдаж бичгээр хүргүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд хувийн хэрэг нээж, хяналтын дагалдах хуудас бүрдүүлэн гэж заасан боловч огт бүрдүүлээгүй.
Хөдөлмөрийн харилцааг цуцалсантай холбоотой харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан баримтлан *******ийг ажлаас чөлөөлсөн. 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ******* гэдэг хүнийг буруутай их хэмжээний хохирол учруулсан гэсэн нэг ч хөндлөнгийн байгууллагын дүгнэлт, акт тогтоогдоогүй байна. Иймд захиргааны акт нь хууль бус, эрх зүйн зөрчилтэй, бодит байдалд нийцээгүй, нөхцөл байдлыг буруу тогтоосон байгаа учир захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******* нь нэхэмжлэлдээ аймгийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлөхдөө бусдын буруутай үйл ажиллагааны улмаас гарсан сургууль орчмын эд зүйлсэд эвдрэл, гэмтэл учруулсан хэмээн дүгнэж илтэд хууль бусаар чөлөөлсөн тул аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах гэсэн.
Уг аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ******* нь сургуулийн захирлын хувьд ажилтан, албан хаагчдаа ерөнхий удирдлагаар хангаж сургуулийн хуучин болон шинэ хичээлийн байрны бүрэн бүтэн байдал, эд хогшлыг хариуцаж ажиллах ёстой. Гэтэл сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон.
Мөн аймгийн Засаг даргын 2017 оны А/57 захирамжаар томилогдсон Засаг даргын зөвлөх даргаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр 43 шилэн багц хагарсан, /1 шилэн багц нь ойролцоогоор 1.3 м2/, 198 паарны секц хулгайд алдагдсан, /22 угсарсан радиатор/, Дотор хаалганы хавтас болон кроп 100% ашиглалтаас гарсан гээд нийт 8.197.680 найман сая зуун ерэн долоон мянга зургаан зуун наян төгрөг/ төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Засаг дарга бол бүрэн эрхийн хүрээнд үр дүнгийн буюу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Үр дүнгийн гэрээн дээр зөвхөн сурлагын амжилт чанарын талаар заадаггүй сургуулийн орчин, сургуулийн хэрэглэгдэхүүн, хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих нөхцөл бололцоог бүрүүлэх чиглэлээр тусгасан байдаг. Сургуулийн захирлуудтай байгуулах гэрээнд “... сургуулийн хэв шинжийг хэрэгжүүлэн сургуулийн бага, дунд боловсролтой сургуулийн материаллаг орчинг бүрдүүлэх, сайжруулах...” өөрөөр хэлбэл сургалтыг үйл ажиллагааг жигд тасралтгүй явуулах материаллаг орчинг бүрдүүлэх улам бүр сайжруулж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, амьдрах орчинг бүрдүүлэх гэсэн тодорхой чиглэлээр гэрээ байгуулдаг. Үр дүнгийн гэрээ сургуулийн орчинг, түүнийг хамгаалах талаар тусгасан байдаг. Сургуулийн байр, дотуур байранд хохирол учирсан байгаа нь сургуулийн удирдлагатай холбоотой байгаа. Сургуулийн захирлаас тухайн объектыг хамгаалах бэхжүүлэх тодорхой арга хэмжээ аваагүй байна. Шинэ сургуульд шилжин орсоноор хуучин сургуулийг өөрийн харьяаны биш, дахин ашиглагдахгүй мэтээр хандсан байгаа. Сум орон нутгаас хуучин сургуулийн байшинг дуудлага худалдаанд худалдахаас гадна тодорхой үйл ажиллагаанд ашиглах шийдвэр гаргасан байдаг. Тухайлбал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд сургуулийн дотуур байрыг хүүхдийн хөгжлийн төв болгож ашиглах, мэргэжлийн чиглэлээр сургалт үйл ажиллагаа явуулах, тусгай хэрэгсэл буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан төв бий болгож ажиллах үүрэг даалгавар өгсөн байдаг. Гэтэл сургуулийн захирал нь энэ талаар санал санаачилга гаргаж ажиллаагүй тул хохирол учирсан гэж үзэж байгаа.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 тоот захирамж нь үндэслэлтэй буюу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ажиллагаа явагдсан байгаа. Засаг даргын хурал дээр Боловсрол, соёл урлагийн газрыг төлөөлөөд 4 хүний бүрэлдэхүүн орсон. Хуралд сумын сургуулийн үйл ажиллагаатай танилцаад цаашид хамтарч эсэх асуудал дээр санал бодлоо хэлэлцсэн. Бид хуралдаж *******ийг хариуцлага алдсан, зөрчил дутагдал гаргасан бол цаашид хамтарч ажиллах эсэх асуудал дээр зөвшилцсөн.
Иймд аймгийн Засаг даргын 2017 оны Б/129 дугаар захирамж нь үндэслэлтэй шийдвэр бөгөөд *******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалин 5140570 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 251 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаар “*******ийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга нь уг захирамждаа “ сумын сургуулийн захирал *******ийг сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар заалтын 15.5.2 дахь заалт, Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт” зэргийг үндэслэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг олгосон бөгөөд энэ нь хууль, санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагатай.
Хавтаст хэрэгт Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/57 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуучин байранд шалгалт хийсэн тухай 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Илтгэх хуудас, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн суманд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны А/57 дугаар захирамжаар ажилласан тухай тайлан, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05-07-003/24 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, мөн өдрийн 05-07-003/25 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт зэрэг баримтууд авагдсан бөгөөд эдгээрээс сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуучин байранд шалгалт хийсэн тухай 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Илтгэх хуудас, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05-07-003/24 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт, мөн өдрийн 05-07-003/25 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт зэрэг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа гарсан байх тул чөлөөлөхөөс өмнө тогтоогдсон гэж үзэх боломжгүй юм.
Мөн захирамжид ...аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт... гэсэн бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “******* сумын цэцэрлэг, сумын сургуулийн хуучин барилгын бүрэн, бүтэн байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилох тухай” А/57 дугаар захирамжийн дагуу шалгалт хийсэн хурлын тэмдэглэл, илтгэх хуудас, тайлан зэрэг баримтууд гарсан байх ба “Ажлын хэсгийн дүгнэлт” гэсэн баримт гараагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан ба 2014 оны 11 дүгээр сард суманд Шинэ сум баригдаж, улмаар тус сургууль нь шинэ сургуулийн байранд нүүж орсон байх бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...аймгаас хуучин сургуулийн халаалтын зардал төсөвт шийдэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Сумын Засаг дарга байсан *******, Засаг даргын Тамгын газрын дарга *******, Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн ******* нар ... жижиг дунд үйлдвэрлэгчдийг байрлуулж үйл ажиллагаа явуулна... гэж хэлээд надаас сургуулийн түлхүүрийг авсан..., ...Засаг дарга ******* “...сургуулийн гадуур байсан хашааг авч, шинэ сумын гадуур барь... гэсний дагуу авч, хашааг шинэ сумын гадуур барьсан. 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр суманд Бага олимп болно, сургуулийн байранд гаднаас ирсэн хүмүүсийг байрлуулна... гэхээр нь нярав, мужаан хоёр зарим хагарсан шилийг нь шиллэж, багш, ажилтнууд анги, танхимыг угааж, цэвэрлээд сумын Засаг дарга *******, санхүү, төрийн сангийн мэргэжилтэн н.Хонгорзул, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ******* нарт сургуулийн нярав *******, сургалтын менежер *******, бид гурав байлцан түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй...” гэсэн тайлбар, аймгийн Прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд сургуулийн захирал ******* нь сургуулийн хуучин байрыг хүлээлгэн өгчээ гэж үзэх боломжтой байх бөгөөд сургуулийн хуучин байруудыг хүлээн авах, хүлээлгэн өгөх талаар сургуулийн захирал болон сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулалтын арга хэмжээг албан ёсоор аваагүй, энэ талаар баримтжуулаагүй, баримт байхгүй зэрэг дутагдал харагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг заасан бөгөөд 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2.1-д “орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах”, 77.2.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх”-өөр,
мөн 78 дугаар зүйлд Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрхийг зааж, 78.1-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 78.2.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 78.2.5-д “орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах”, 78.2.7-д “нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдах”-аар хуульчилжээ.
Баянхонгор аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдээс сургуулийн хуучин байруудад зохих арга хэмжээ авах талаар тодорхой ажиллагаа явуулж байсан нь тус Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1а/31 дугаар албан бичиг , мөн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1а/41 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандахад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/375, 1а/376 дугаар албан бичгүүдээр хариу өгсөн, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс сумын Засаг даргад хандсан 2015 оны 06 сарын 02-ны өдрийн “Үүрэг, чиглэл өгөх тухай” 1а/19 дугаар албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1а/23/б дугаартай “Үүрэг, чиглэл өгөх тухай” албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн, мөн сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэл, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өмчийн талаар авах арга хэмжээний тухай” 10/04 дугаар тогтоол, тэмдэглэл, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хөрөнгө худалдах тухай” 34 дүгээр тогтоол, хавсралт, мөн тус Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгийн тухай” 10 дугаар тогтоол, хавсралт, “Өнөөгийн Баянхонгор” орон нутгийн сонины 2016 оны 2, 5 дугаар сарын дугаарт сумын сургуулийн хуучин байруудыг худалдах дуудлга худалдаанд урьж байгаа тухай холбогдох мэдээллүүд гарсан зэрэг баримтуудаас харагдах бөгөөд орон нутгийн өмч буюу сумын сургуулийн хуучин байруудын хадгалалт, хамгаалалт, түүнд хяналт тавих, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, үүнтэй холбоотой ажлыг зохион байгуулах нь Баянхонгор аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар олгогдсон эрх, үүрэг юм.
Мөн үүнээс гадна сумын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд заасан чиг үүрэгт ...*******ийг сумын сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах... талаар дээрх гэрээнүүдэд заалт байхгүй, уг гэрээнүүдэд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй, энэ талаар шинээр гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй, хуулиар эрх, үүрэг олгогдоогүй байхад буруутгасан, мөн түүнчлэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 287 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар *******т холбогдох гомдлыг шалгаад эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байхад “сургуулийн хуучин хичээлийн байрны хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, хайхрамжгүй хандсанаас их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хууль бус байна.
*******ийн урьд эрхэлж байсан сумын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь зохицуулалтыг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмснээр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах эрх зүйн үндэслэл бүрдсэн, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны, Хөдөлмөрийн, Боловсролын тухай хуулиудаар зохицуулагдахаар байхад Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2017 оны Б/129 дугаар захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэг буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах заалтыг дангаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь нийтлэг бүрэн эрхийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга нь сумын сургуулийн захирал *******тэй 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”-г байгуулж, уг үр дүнгийн гэрээний биелэлт 79,9 хувьтай үнэлэгдсэн ба Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар түүний 2016 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцсэн атлаа хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, харин хамтран ажиллах боломжгүй гэж *******тэй байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Боловсрол, соёл, урлагийн газрын даргын саналыг харгалзан чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь захирал *******ийн ажлын талаар саналаа гаргасан... гэж тайлбарлаж байгаа боловч зөвлөлийн хурал дээр зөвлөлийн гишүүний хувиар *******ийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцэхэд санал хэлсэн байх ба үүнийг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас сургуулийн захирал *******ийг чөлөөлөх эсэх талаар гаргасан санал гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2017 оны Б/129 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хийсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсан атал энэ хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, түүнчлэн мөн хуулийн 29-д заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөх зэрэг ажиллагааг хийгээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, мөн Төрийн албаны, Хөдөлмөрийн, Боловсролын тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд, шүүх Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дээрх нөхцөл байдлуудаар зөрчсөн байх тул уг захирамжийг хүчингүй болгож, *******ийг урьд эрхэлж байсан Бянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “*******ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/129 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх 7 сар 3 хоногийн олговор болох 5140570 /таван сая нэг зуун дөчин мянга таван зуун дал/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулах нь зүйтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/129 дугаартай “*******ийн ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, *******ийн урьд эрхэлж байсан ажил буюу Баянхонгор аймгийн сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан 7 /долоо/ cap 3 /гурав/ хоногийн цалин 5140570 /таван сая нэг зуун дөчин мянга таван зуун дал/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА