Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0359/З |
Дугаар | 221/МА2020/0635 |
Огноо | 2020-12-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2020/0635
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, П.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 602 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдаалах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 602 дугаар шийдвэрээр: “...Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.9, 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7-д заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 8 дахь хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/07 дугаар тушаалаар байгуулагдсан Комисс нь “А” ХХК-аас иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсэг импортлох хүсэлтийг хэлэлцээд Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна”, 19 дүгээр зүйлийн 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана” гэсэн заалтыг тус тус үндэслэн “А” ХХК-ийн “Вепрь” загварын галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Комиссын энэхүү шийдвэр нь үндэслэл бүхий хууль, журамд нийцсэн гэж үзэж байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаар мэргэжилтний магадалгаагаар дээрх бууны зориулалт нь үйлдвэрлэгчээсээ ан агнуурын болон спорт сургалтын зориулалттай буу болохыг тодорхойлсон болно. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3487 дугаар мэргэжилтний магадалгаагаар “Вепрь” загварын галт зэвсгийг харуул хамгаалалтын ангилалд хамаарч байна гэсэн дүгнэлт гарчээ.
Гэтэл эдгээр буу нь ажиллагааны хувьд автоматаар цэнэглэгддэг, урт буу ба үйлдвэрлэгч улсын тодорхойлолтод зааснаар ан агнуурын болон спорт сургалтын зориулалтаар ашиглахаар байх тул Галт зэвсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна” гэснийг зөрчсөн тул анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
"А" ХХК-д олгосон квотын тоонд нь багтаан “Вепрь” загварын галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг шүүхээс Комисст даалгаж буй нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу “А” ХХК-д холбогдох “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн оруулж ирэхийг хүсч буй “Вепрь” загварын галт зэвсгийг улсын хилээр оруулж ирэхийг хүссэн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Комиссын татгалзал нь хууль бус болохыг тогтоосон. Энэ тогтоолын дагуу “Вепрь” загварын галт зэвсгийг спорт, сургалтын зориулалтаар оруулж ирэх хүсэлтээсээ татгалзаж, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх хүсэлт гаргасан. Эдгээр галт зэвсгүүдийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарахыг удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд нотолдог...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2, Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар “А” ХХК-д иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдаалах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаагаар олгожээ.
“А” ХХК өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан заалтыг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг спорт сургалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 87 дугаар тогтоолоор “Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн 3 дахь хэсгийг дахин шинээр акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай ...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай” гэж шийдвэрлэжээ.
Дээрх “...дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн” 87 дугаар тогтоолын дагуу “А” ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/05 дугаар албан бичгээр иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгуулах хүсэлтийг Комисс авч хэлэлцээд Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэг нь автоматаар, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг байх бөгөөд сумны хошуу нь зүрхэвчгүй байна”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна”, 19 дүгээр зүйлийн 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана” гэсэн заалт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаартай мэргэжилтний магадалгааг тус тус үндэслэн “А” ХХК-ийн “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.
Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Галт зэвсгийг ашиглаж байгаа зориулалтаар нь доор дурдсанаар ангилна” 4.1.2-т ” харуул хамгаалалтын” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна”, Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн А/250/А379,437 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтын 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 5,6 мм-ээс 9 мм хүртэлх калибрын галт зэвсгүүдийг ойлгоно” гэж заажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаартай мэргэжилтний магадалгаагаар “...7.62 мм “Вепрь”-308 СОК-95 308 win, 5.56 мм “Вепрь”-Супер СОК-97М-01 223 rem, 7.62 мм “Вепрь”-КМ ВПО-136 7.62*39 мм дээрх галт зэвсгүүд нь гохны нэг даралтаар нэг сум гардаг, үйлдвэрлэгчээсээ ан агнуурын, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн...” гэж тодорхойлсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн хүссэн 180 ширхэг “Вепрь” загварын галт зэвсгийг хэдий гохны нэг даралтаар нэг сум гарах ч хүхээгт байгаа сум автоматаар цэнэглэгдэх буюу ажиллагааны хувьд хагас автомат галт зэвсэг гэж ойлгоно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүссэн галт зэвсэг нь харуул хамгаалалтын зориулалтаар ашиглагдах боломжгүй бөгөөд Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн А/250/А379,437 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтын 2.1-д заасан “ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй” гэсэн шаардлагыг хангахгүй байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 3487 дугаар шинжээчийн дүгнэлтийн “Дүгнэлт” хэсэгт Оросын холбооны улсын Молот-Оружие үйлдвэрт үйлдвэрлэгдсэн “Вепрь” 223 супер /СОК-97м/, “Вепрь”-КМ /ВПО-136/, “Вепрь”-308 /СОК-95/ загварын галт зэвсгүүд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн А/250/А379,437 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалт”-ын 2.1-д заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарч байна гэж дүгнэсэн байх боловч “Үзлэг ба шинжилгээ” хэсэгт “Вепрь”-КМ /ВПО-136/ загварын галт зэвсэг нь ан агнуур, спорт сургалтын зориулалттай, хагас автомат ажиллагаатай, “Вепрь” 223 супер /СОК-97м/ загварын галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай, хагас автомат ажиллагаатай, “Вепрь”-308 /СОК-95/ загварын галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай, хагас автомат ажиллагаатай гэж дүгнэсэн байгаагаас үзвэл Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн А/250/А379,437 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтын 2.1-д заасан “ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй” гэсэн шаардлагыг мөн хангахгүй байна.
Нэгэнт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” гэж тодорхойлсон, шүүхээс уг шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй тул “А” ХХК-аас хүсэлт гаргасан харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид олгосон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
Тухайлбал, нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүссэн “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсэг нь хагас автомат буюу ажиллагааны хувьд автоматаар цэнэглэгддэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “автоматаар буудах боломжгүй”, мөн дээрх гурван сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтын 2.1-д заасан “ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй” гэж тус тус заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 602 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комисст холбогдуулан гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу “А” ХХК-д холбогдох “Вепрь” загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ