Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00023

 

 Т.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0160/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал

           Шүүгдэгч: Т.Бат-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:  Э.Сумъяажав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдох 201722000206 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Онход овогт Тогоочийн Бат-Эрдэнэ /регистрийн дугаар РА73042719/.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэд нийтийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр багийн иргэд нийтийн хуралдааныг хуралдуулахгүй байж 56 өрхийн төлөөлөл оролцож хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг зохион бичиж уг хурлын тэмдэглэлийг үндэслэн Багийн иргэдээс ирүүлсэн малын эмчийг солиулах саналыг дэмжих тухай 01 дугаартай хурлын тогтоол гаргаж баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Онход овогт Тогоочийн Бат-Эрдэнийг албан тушаалтан баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж,  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Т.Бат-Эрдэнэ би Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дүгээр сарын 30-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 Т.Бат-Эрдэнэ намайг Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2017.01.04-ний өдөр багийн иргэдийн нийтийн хуралдааныг хуралдуулахгүй боож, 56 өрхийн төлөөлөл оролцож хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг зохион бичиж, уг хурлын тэмдэглэлийг үндэслэн багийн иргэдээс ирүүлсэн малын эмчийг солиулах саналыг дэмжих тухай 01 дугаартай хурлын тогтоол гаргаж, баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэдгээ би өөрөө хүлээн зөвшөөрдөг болно. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул Т.Бат-Эрдэнэ надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг судалж үзэхэд:

Т.Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэд нийтийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр багийн иргэд нийтийн хуралдааныг хуралдуулаагүй байж 56 өрхийн төлөөлөл оролцож хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг зохион бичиж уг хурлын тэмдэглэлийг үндэслэн багийн иргэдээс ирүүлсэн малын эмчийг солиулах саналыг дэмжих тухай 01 дугаартай хурлын тогтоол гаргаж баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Т.Бат-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг албан тушаалтан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг їйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Т.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр дууссан байна.

Хэдийгээр шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдох дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байх хэдий ч яллагдагчаар татаж болохгүй хугацааг уг хуулиар нэмэгдүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Т.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан Т.Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 271 дүгээр зүйлийн 271.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ