| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1678/Э |
| Дугаар | 1724 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Г. Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1724
2019 11 14 2019/ШЦТ/1724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогт,
Шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт М.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 09607 1834 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 6 дугаар гудамжны 123/а тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял,
мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нийт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял,
мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч сулласан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, М.З.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2 дугаар хэсэг Баатархайрханы 213 тоотод амандаа маск зүүн орж гал тогооны шургуулганаас хутга авч иргэн Д.Зоогоод тулган зүүж байсан монетон ээмэг 1 хос, бүрмэл бөгж 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг дээрэмдэж нийт 170.000 төгрөгний хохирол учруулсан,
мөн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7-117 тоотод оршин суух иргэн С.Энхмаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, мөнгөн хөөрөг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 100.000 төгрөгний хохирол учруулсан,
мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 06-134/а тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэбилэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, 30.000 төгрөгний эд зүйл хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан,
мөн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 83-15 тоот хашаанд байрлах иргэн Б.Ариунбулагийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж, хууль бусаар нэвтэрч унадаг дугуй 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, мөнгөн тоногтой хутга 1 ширхэг, ангын хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.585.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасны дагуу дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар тал/, хохирогч Д.Зоогоогийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/, Тод үнэлгээ ХХК-ийн 307 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 31 дүгээр тал, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-69 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 78-82 дугаар тал/, хохирогч Энхмаагийн мэдүүлэг /хх-ийн 88 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлээнгийн кримнастикийн шинжээч Х.Ариунсанаагийн гаргасан 05/236 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 103-104 дүгээр тал/, хохирогч Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 226-227 дугаар тал/, Тод үнэлгээ ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 231 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 78-83 дугаар тал/, хохирогч Ариунбулганы мэдүүлэг /2хх-ийн 88-89 дүгээр тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 98 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримнастикийн шинжээч О.Баттулгын гаргасан 04/261 дугаартай дүгнэлт /2хх-ийн 103 дугаар тал/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 108-109 дүгээр тал/, яллагдагч М.Зын мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/, 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдөр М.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 213-214 дүгээр тал/, 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдөр М.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 246-247 дугаар тал/, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр М.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-ийн 116 дугаар тал/, хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд зэрэг болно. Шинжлэн судалсан дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар болон байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Зт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.З нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
“Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд хүргэн, охин 2 маань явж, хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгдөг юм. Тэгээд би ... 213 тоот хашаа байшинд ганцаараа үлдсэн. Тэгтэл үл таних 160 см орчим өндөртэй, тарган ч биш, туранхай ч биш нэг эрэгтэй хүн амны хар өнгийн хаалт зүүчихсэн манай гэрт шууд орж ирээд гал тогооны шургуулганаас хутга авч ирээд намайг мөнгө өг, 100.000 төгрөгийн хэрэг байна гэхээр нь би мөнгө байхгүй гэтэл миний зүүчихсэн байсан ээмэг, бөгжийг харчихаад хурдан тайлж өг гэсэн. Би айсандаа чихэндээ байсан монетон ээмгийг хуруундаа байсан бөгжөө өөрөө тайлж өгсөн. Тэгтэл миний ширээн дээр байсан Нокиа маркийн гар утсыг аваад явсан” гэх /1хх-15/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-7/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-8-12/,
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-31/,
-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-66/
2. Хохирогч С.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2019 оны 6 дугаар сарын 12-ны орой 17 цаг 40 минутын орчим гэртээ иртэл манай байшингийн цонх онгорхой, хаалгыг нь хөшчихсөн байсан юм. Тэгээд байшиндаа ороод үзтэл хамаг эд хогшлыг эмх замбараагүй болгочихсон байсан бөгөөд стекний шургуулганд байсан мөнгөн хөөрөг алга болсон байсан. Алт мөнгөн эдлэлүүд өөр газарт байсан, олоогүй байна лээ” гэх /1хх-89/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 05/239 дугаар дүгнэлт /1хх-92/,
-“ДАМНО” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХУ2-19-361 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-103-104/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-5/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх-78-82/,
3. Хохирогч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2018 оны 11 дүгээр 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 6-134а тоотод байрлах гэртээ 19 цагийн үед манай ажлын Алтан-Утас, Буянбат бид 3 ирээд хашааны үүд онгойлгож ортол манай байшингийн гэрэл унтарсан, тэгээд байшин руугаа гүйж очтол гал тогооны цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би цонхон дээрээ үлдээд Алтан-Утасыг үүдээр ортол шаргал, саарал өнгийн куртиктэй улаан хар саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй, пүүзтэй 160 см өндөртэй залуу орчихсон манай цай хийдэг савыг барьчихсан зогсож байсан. Тэгээд барьж аваад цагдаа дуудсан” гэх /1хх-226-227/,
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 296 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-231/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-221/,
-хохирогч Б.Эрдэнэбилэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-222/,
-Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /2хх-45/,
4. Хохирогч Б.Ариунбулагийн мөрдөн байцаалтад өгсөн:
“2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад 15 цагийн орчим гэрээ цоожлоод хороолол орчихоод 17 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоож эвдэрсэн байдалтай, амбаар дотор байсан хүүхдийн унадаг дугуй алга болсон байсан. Мөн гэрийн хаалганы цоож эвдэрсэн, цоож нь зүүлттэй байхаар нь гайхаад гэр рүүгээ ороод үзэхэд бариул хэсэг дээрээ мөнгөн тоногтой том хутга, гоёлын том хэмжээтэй Америк улсаас бэлгэнд ирж байсан ангийн хутга, дээр үеийн цалин цагаан том мөнгөн цөгц алга болсон байсан учир цагдаад хандсан юм” гэх /2хх-88-89/,
Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Тухайн өдөр 14 цагийн үед хулгай орсон айлын эгч машинтайгаа гарч явах үед нь таарч хальт мэндлээд өнгөрсөн. 16 цагийн үед Булагаа эгч цонх нүдээд намайг дуудахаар нь гараад очтол манай гэрт хулгай орсон уу гэж асуухад нь мэдсэн” гэх /2хх-93/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/261 дугаар дүгнэлт /2хх-103/,
-“ДАМНО” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн СХД3-19-558 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-108-109/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-77/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх-78-83/,
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-98/,
Шүүгдэгч М.Зын мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Яармагийн нэгдүгээр буудалд баригдаж байсан барилга дээр түр ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр ажлын газрын зүс таних хүнтэй маргалдаад ажлаа хаяад явсан. Тухайн үед надад автобусны мөнгө байхгүй байсан ба би гудамжаар алхаад явж байсан. Тэгж явж байхдаа би зүүн тийш харсан цэнхэр өнгийн гүйдэг хаалгатай хашаан дотроо цагаан өнгийн байшинтай айлын хашааг нь давж ороод вакум цонхыг түлхээд дотогш нэвтэрч орсон. Тэгээд тухайн айлын том өрөөнд байсан модон шүүгээнээс мөнгөн хөөрөг аваад буцаад гараад явсан. Би өөрийн хийсэн энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх /2хх-214/,
... Тэр үедээ би 2018 оны 11 сарын сүүл үед байхаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн орчим явж байхдаа мөн нэг айлаас хүн асууж ороход нэг настай эмэгтэй ганцаараа сууж байхаар нь тэр эмэгтэйн зүүж байсан ээмэг, бөгжийг нь дээрэмдэж авъя гэж бодоод гэрээс нь гарч байгаа дүр үзүүлээд амбаарт байсан жижиг модны хэлтэрхийг сонингоор ороогоод тэр эмэгтэйг айлгаж ээмэг, бөгжийг нь авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 214/,
... Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Камерын бичлэг үзлээ, би мөн байна. Би тухайн үед их согтуу байсан. Би өөрийн санаж байгаагаар мөнгөн цөгц, унадаг дугуй хулгайлж авснаа санаж байна гэх мэдүүлэг /2хх-116/,
... Тэгээд хамт архи уух гэж байсан хүмүүсээ гудамжаар хайж явж байгаад эзэнгүй айлын цонх руу чулуу шидсэн. Тухайн үед цонх хагарах чимээ гарсан бөгөөд би хэсэг хугацаанд хүн дуугарах болов уу гэж сонсож зогсож байгаад хашааг даваад байшингийн араар тойроод хагархай цонхон дээр очоод дотогшоо орох гэж байтал байшингийн эзэн гэх 3 залуу гэнэт гарч ирээд намайг бариад авсан. Энэ айлаас би юу ч аваагүй гэх мэдүүлэг /2хх-172/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.З нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Д.Зоогоод учруулсан 170.000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны орлогын баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч С.Энхмаад 100.000 төгрөгийн, хохирогч Б.Ариунбулагт 1.585.000 төгрөгийн, хохирогч Б.Эрдэнэбилэгт 30.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “ДАМНО” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ХУ2-19-361 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 296 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, “ДАМНО” ХХК-ний 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн СХД3-19-558 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчээс дээрх гэм хорын хохирлын мөнгийг гаргуулан хохирогч нарт олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.З нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд: “Миний хийсэн хэргүүд бүгд үнэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч М.Зыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт этгээдийн довтолгоон эхлэж хохирогчийн эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх нөхцөл байдлаас шүүгдэгч М.Зыг гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч М.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд нийт 121 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь М.Заас шүүх хуралдаанд “...яллах дүгнэлтэд тэмдэглэгдсэн гэмт хэргүүдээс гадна дахин өөр гэмт хэрэг үйлдсэн, уг үйлдлийг шалгаж байгаа, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн нэгтгэн шийдвэрлүүлмээр байна...” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах тул энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Зыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон, зэвсэг хэрэглэж дээрэмдэх, мөн Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Заас нийт 1.715.000 төгрөгийг гаргуулан, 1.585.000 төгрөгийг хохирогч Б.Ариунбулаг /ФА68010804/-т, 100.000 төгрөгийг хохирогч С.Энхмаа /ХЖ67111009/-д, 30.000 төгрөгийг Б.Эрдэнэбилэг /ЦЖ85022494/-т тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи нэг ширхэгийг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ