Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 252

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух, СК67112105 регистрийн дугаартай Боржигин овогт Шаравын Наранцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

         Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сар хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.                                              

Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 5 хүүхэдтэйгээ амьдардаг. Би 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Намайг Нийгмийн даатгалын газар шүүхээр ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн” гэв.      

Ү Н Д Э С Л Э Х нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Ш.Наранцэцэг нь 1983 оны 07 дугаар сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн 1983 оны 07 дугаар сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлээс цалин авч байсан талаарх архивын тодорхойлолт /хх-н 3 дугаар хуу/, гэрч С.Тунгалагийн “Ш.Наранцэцэг Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуустал саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19 дүгээр хуу/, гэрч Т.Цэцэгмаагийн “Ш.Наранцэцэг нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1 дүгээр багт малчин, саальчнаар ажиллаж байсан. Сумын аварга саальчин болж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21 дүгээр хуудас/, Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 97, 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тушаалын хавсралт /хх-ийн 8-11 дүгээр хуу/  зэргээр нотлогдож байна.

Иймд Ш.Наранцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Наранцэцэгийг Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд 1983 оны 07 дугаар сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Шаравын Наранцэцэгийг 1983 оны 07 дугаар сараас 1992 оны 06 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ш.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР