| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1694/Э |
| Дугаар | 1740 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г. Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1740
2019 11 18 2019/ШЦТ/1740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сагсай овогт Энхтүвшингийн Э.Мт холбогдох эрүүгийн 1906 03635 1745 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 16-252 тоотын иргэн Р.Баатарын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2х3 хэмжээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 0,5 литрийн хар чингис архи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 132.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 1-14/б тоотод оршин суух иргэн Э.Адъяасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн скайворт зурагт, 2 ширхэг гутал, 3 шил архи, 1 шил вино зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 997.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 07 дугаар сарын 01-ээс 05-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал 18-261 тоотод оршин суух М.Дөшийн хүн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч, цахилгаан мотор, эрэгтэй хүний хуучин драпан пальто, эмээлийн мод зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Баянзүрх дүүргийн 11-р хороо, Булгачин16-252 тоотоод байх байшиндаа2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед ирэхэд том өрөөний цонхоор хаалтыг нь хөшсөн, салхивчаар хулгайч ороод байшин дотрох хамаг эд зүйлийг орвонгоор нь эргүүлж орхисон байсан. Хананд өлгөөтэй байсан 2х3 харьцаатай Эрдэнэт хивс, 0,5 литрийн архи алга болсон байсан. Эд зүйлийн үнэлгээгээр гарсан 132.500 төгрөгийн хохиролыг хулгай хийсэн хүнээс нэхэмжилнэ. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-22/,
“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №348 дугаартай:
... хэрэглэж байсан 2х3 метрийн хэмжээтэй Эрдэнэт үйлдвэрийн хивс 1 ширхэг нь 120.000 төгрөгийн, 0,5 литрийн хэмжээтэй хар чингис нэртэй архи 1 ширхэг нь 12.500 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /1-р хх-ийн 30/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-15/,
Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 06 дугаар сард өдөрийг нь санахгүй байна Баянзүрх дүүрэг Хонхорт хуучны танил ахынхаа ажил дээр оччихоод буцах замдаа Төв замаас урагшаа буюу Хонхорын засмал замаас баруун тийшээ эргээд ертөнцийн зүгээр хойшоо харсан төмөр хаалгатай, модон хашааруу давж ороход мансарттай, 1 давхар улаан тоосгон байшин байхаар нь вакум цонхны төмөр сараалжийг цохиж унагаад, вакум цонхыг нь гараараа түлхэж ороод цонхоор орсон өрөөнд байсан бор өнгийн цоожгүй авдарнаас 1 ширхэг хар Чингис архи авсан. Цонхоор орсон өрөөний эсрэг талын өрөөний гадна хаалгыг цоожтой байхаар нь нэг өшиглөсөн чинь онгойхоор нь ороод хулгайлах эд зүйл хайж байгаад тэр өрөөний хананд байсан улаан шар өнгийн хээтэй хивсийг аваад өөр хулгайлах эд зүйл байхгүй болохоор нь орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Хулгайлсан эд зүйлээ барьчихсан явган явж байгаад хот руу явдаг Хонхорын шороон зам дээр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нартай таараад намайг шалгана гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн, би тэгээд тухайн цагдаа ахад ахынхаасаа эдгээр эд зүйлүүдийг аваад явж байна гэж хэлэхэд намайг явуулсан. Би цагдаагийн хэлтсээс шууд гараад такси бариад Нарантуул зах орж хивсийг хөдөө явна гэж хэлж байсан танихгүй эмэгтэй, эрэгтэй 2 хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Харин архийг Хонхорын тэнд явган явж байгаад газар унагааж хагалсан. Надад ойр зуурын хэрэгцээнд зарцуулах мөнгө шаардлагатай байсан болохоор хулгай хийсэн. Хонхороос гэртээ харих гээд явж байтал гайгүй эзэнгүй айл замд таарахаар нь гэнэт ормоор санагдаад орсон юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,
Манай зуны лагерийн байшин Баянзүрх дүүргийн 11-р хорооны Булгачин 1-146 тоотод байдаг. Энэ байшин өмнө ирж шалгахад зүгээр байсан. Харин 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хулгайч орсон талаар хөрш айлын хүн мэдээд цагдаагийн байгууллагад хандсан байна. Манай гэрээс 40 инчийн скайворт маркийн телевизор, манай нөхөрийн 2 ширхэг гутал, 3 шил архи 1 шил вино алдагдсан байсан. Байшингийн цонхыг нугас хэсгээр нь хөшиж орсон байсан. Хагарсан зүйл байгаагүй учир саналгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-160/,
“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №391 дугаартай:
... 40 инчийн скайворт брендийн зурагт 460.000 төгрөгийн, цагдаагийн хангалтын түрийтэй өвлийн гутал 200.000 төгрөгийн, цагдаагийн хангалтын хагас түрийтэй гутал 200.000 төгрөгийн, эвок нэртэй 1 литрийн архи 37.000 төгрөгийн, Алтангагнуур нэртэй эмчилгээний архи 25.000 төгрөгийн, 0,75 литрийн вино 35.000 төгрөгийн, нэрийг нь мэдэхгүй гадаад архи 40.000 төгрөгийн, нийт 997.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /1-р хх-ийн 189-190/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 140/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 141-148/,
-Мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 175-177/,
Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 07 дугаар сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн товчоо өнгөрөөд Хонхор гэх газар руу автобусаар очиж, буудлаасаа урагшаа гудамжаар алхаж байгаад хамгийн урд талын нүүрний гудамж руу орж тэр гудманд байсан цагаан өнгөөр будсан блокон хашааг хойд талаас нь давж орсон. Хашаанд ороход улаан өнгийн тоосгон 1 давхар байшин байсан. Хажуудаа бас залгаа гражтай байсан. Уг улаан өнгийн тоосгон 1 давхар байшингийн зүүн тийшээ харсан цонхны сараалжийг татаж аваад бор өнгийн жижиг модон хүрээтэй вакум цонхыг нь дотогш нь түлхэж нугасыг нь салгаж байшин дотор орсон. Байшин дотор ороод хулгайлах эд зүйл хайж байгаад зурагтны суурин дээр байсан 40 инчийн зурагт бас авдран дотроос урт түрийтэй болон хагас түрийтэй эрэгтэй хүний 2 ширхэг гутал, нэрийг нь мэдэхгүй 3 ширхэг архи хулгайлж том вакум цонхны шилийг нь авч хулгайлсан эд зүйлээ авч гарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197/,
2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, эмийн ургамал 18-261 тоотод байх гэрээ цоожлоод явсан. Тэгээд 05-ны өдрийн 19 цагийн үед ирэхэдэ гэр доторх бүх зүйл онгичиж хулгайч орсон байсан. Гэрээс 220 вольтын цахилгаан мотор, эмээлийн мод, пальто зэрэг зүйлийг хулгайлсан байсан. гэх мэдүүлэг /хх-18-19/,
“Тод Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №456 дугаартай:
Цахилгаан мотор /220v/ 150.000 төгрөгийн, драпул пальто 100.000 төгрөгийн, эмээлийн мод 150.000 төгрөгийн, байшингийн хагарсан цонх 130.000 төгрөгийн, нийт 530.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /1-р хх-ийн 226-227/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 202/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 203-208/,
-Мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 223-225/
Шүүгдэгч Э.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 07 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамалын автобусны буудлаас ертөнцийн зүгээр хойшоо явж байхад бор өнгийн мансартан дээвэртэй тоосгон байшин эзэнгүй байхаар нь зүүн тийшээ харсан вакум цонхыг чулуугаар цохьж хагалаад байшин дотор орж хулгайлах эд зүйл хайж байгаад цахилгаан мотор, эмийлийн мод, эрэгтэй хүний өмд, цамц, хуучин пальто зэрэг эд зүйлийг хулгайлан авч гарсан. Тэгээд уг хулгайлан авсан эмээлийн мод, мотор хоёрыг Нарантуул зах руу таксигаар авж зарсан. Харин эрэгтэй хүний өмд, цамц, хуучин пальто зэргийг зам дагуу хаясан. Хулгайлсан эд зүйлээ Нарантуул зах дээр юм аваад явж байсан эрэгтэй хүнд моторыг 100,000 төгрөгөөр зарсан. Эмээлийн модыг Нарантуул захын өргөтгөл дээр юм аваад явж байсан эрэгтэй хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Одоо тэр хүмүүсийн танихгүй. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Хулгайлсан эд зүйлээ зарсан мөнгөөрөө архи ууж, шоудаад дуусгасан. Би хохирогчийн хохирол мөнгийг гадуур шалгагдаж байж төлж барагдуулмаар байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-235/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Мын сурагчийн хувийн хэргийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 64-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 238/,Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 137, 199/, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1266 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 6/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байна. Дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлэхээс санаатайгаар зайлсхийж, эрэн сурвалжлагдаж байгаа байгаа болох нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1266 дугаартай албан бичигээр нотлогдож, өмнө нь шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй байна.
Шүүгдэгч Э.М нь өмнө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн төрлийн ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн, уг ялыг эдлэх боломжгүй байх тул уг ялыг хорих ялд шилжүүлэн хөрвүүлж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Баатарт 132.500 төгрөгийн, хохирогч Э.Адъяасүрэнд 997.000 төгрөгийн, хохирогч М.Дөшид 530.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тус бүр хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй байх тул дээрх хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байх ба шүүгдэгч Э.Мын цагдан хоригдсон 97 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Мыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Мыг гурван жилийн хугацаагаар хорих шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх хөнгөн ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван жил, ер хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан 3 жил, 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын цагдан хоригдсон ерин долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Маас 997.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Адъяасүрэн /ЖЭ77090406/-д, 530.000 төгрөг гаргуулж хохирогч М.Дөш /ЖЛ77100512/-д, 132.500 төгрөг гаргуулж хохирогч Р.Баатар /ЦЗ48071210/-т тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч нар, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ