Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зуутраг овогт Н Мяллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04230 1677 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Н.М нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр-2” хотхоны урд талын авто зам дээр иргэн Д.Сандуйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Сандуйн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагийн үед би өөрийн эзэмшлийн 83-41 УБЯ улсын дугаартай “Х.Соната-7” маркийн автомашинтайгаа охин С.Ариун-Эрдэнэ, хүү С.Бүрэнтулга нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн уулзвар дээр явж байсан чинь 68-18 ДАР улсын дугаартай “Т.Приус-20” маркийн автомашин миний зүүн талаас шахаж орж ирээд цаашаа яваад өгөхөөр нь би араас нь түрүүлж гүйцэт түрүүлж байгаад урдуур нь шахаж зогссон чинь намайг тойроод яваад өгөхөөр нь би дахиж араас нь гүйцэж очоод урдуур нь шахаж зогссон. Миний тэгж шахаж зогсоосон газар нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр-2” хотхоны урд талд байсан. Би урд нь шахаж зогсоод машинаасаа бууж очоод жолоочид нь хандаж “Яагаад шахаад байгаа юм бэ” гэсэн чинь “хуцаад бай пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь бага зэрэг маргалдаад “хэнийг пизда гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу машин дотроосоо намайг заамдаад авахаар нь би хойшоо болсон чинь нөгөө залуу чинь бууж ирээд шууд миний нүүр рүү нэг удаа цохиод авсан. Би цохиулчихаад тэр залуугаас зуурахдаа цамцыг нь урчихсан юм шиг байгаа юм. Намайг цохиулсны дараа манай охин машинаас бууж ирээд намайг өмөөрөөд нөгөө залуутай маргалдсан чинь манай охиныг “гичий минь, наад сэгээ аваад зайл, нэг цохилтын ая даахгүй аавыгаа аваад зайл” гэж хараасан. Тэгээд нөгөө залуу чинь машиндаа суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч С.Ариун-Эрдэнийн өгсөн: ...Тухайн өдөр аав Сандуй болон дүү Бүрэнтулга нарын хамт үсээ засуулаад хоол идэх гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол руу явж байсан. Тэгээд аавын машин болох “Соната-7” маркийн машинтай явж байтал “Приус” маркийн машин хажуугаар шахаад ороод ирсэн. Тэгээд аав бид 2 согтуу юм болов уу гэж бодсон. Тэгээд аав маань цонхоо онгойлгоод нөгөө машины жолоочийг яаж яваад байгаа юм бэ гэхэд тухайн машины ах “хуцаад бай пизда минь” гэж хэлсэн. Тэгээд аав урд нь машинаа байрлуулж зогсоод буугаад очтол тэр ах машин дотроосоо аавыг заамдаад авсан. Тэгээд би буугаад очтол тэр машины жолооч бас машинаасаа бууж ирээд аавыг цохиод авсан. Тэгэхээр нь би очоод яагаад байгаа юм бэ болиоч гэхэд намайг “зайл гичий минь” гэх мэтээр хараагаад аавыг “ганц цохилтын ая даахгүй сэнсэрлээ юу банди минь” гээд байсан. Тэр үед машинаас үл таних 2 эрэгтэй хүн бууж ирсний нэг нь намайг “аавыгаа аваад зайл” гэж хэлсэн. Тэгээд хар сэг уначихаад гэх мэтээр доромжилсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Н.Төрсайханы: ...Тухайн өдөр Эх нялхас руу яаралтай явж байсан. Ахын хүүхэд хагалгаанд орох гээд яараад дүү М машинтай явж байхад зам дээр “Соната-7” маркийн машин зам голлоод яваад байсан. Тэгэхээр нь манай дүү М зөв талаар нь гүйцэж түрүүлээд өнгөрсөн. Гэтэл тухайн жолооч дахин гүйцэж түрүүлж ирээд шахаад сигналдаад байсан. Тэр залуу хоёр  удаа тийм үйлдэл гаргасан. Бид нар яарч байсан учир эхлээд тоогоогүй. Гэтэл 3 дахь удаагийнх дээр урд орж ирээд шахаад зогсоочихсон. Тэгээд тэр “Соната-7 “маркийн машины жолооч бууж ирээд манай дүүгийн машины хаалгыг хоёр  удаа хүчтэй савж нээсэн. Тэгээд манай дүүг буугаад ир гэж хэлэхэд нь буухгүй байтал татаж ирээд буулгасан. Тэгээд манай дүү машинаасаа бууж ирээд тухайн эрэгтэйтэй маргалдаад зогсож байтал тэр эрэгтэй 1 удаа дүүг маань цохисон. Тэгэхээр нь манай дүү зөрүүлээд 1 удаа шанаадчихсан. Охин нь гэх хүн ирээд манай дүүг түлхээд “ямар даварсан юм бэ, хүн зодлоо” гээд байхаар нь би очиж салгаад дүүгээ машинд нь суулгаад явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8661 дугаартай шинжээчийн:

1. Д.Сандуй-н биед хамар ясны хугарал, зүүн доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

- Шүүгдэгч Н.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36, 38 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас .М нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр-2” хотхоны урд талын авто зам дээр иргэн Д.Сандуйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Д.Сандуй нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Н.М холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Н.Мнь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр-2” хотхоны урд талын авто зам дээр иргэн Д.Сандуйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Сандуй, яллагдагчаар өгсөн Н.М нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8666 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Д.Сандуй нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 323.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.М нь 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Д.Сандуй гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./хх-ийн 28, 29, 50, 52 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Зуутраг овогт Н М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Намсрайн М 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ