| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00247/И |
| Дугаар | 253 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт оршин суух, СК66051902 регистрийн дугаартай Боржигон овогт Дамбын Түмэндэмбэрэлийн хүсэлттэй “Д.Маналтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг, нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О ДО Р Х О Й Л О Х нь:
Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Д.Маналтай 1989 онд гэр бүл болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид хамтарч амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Д.Манал нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өвчний учир нас барсан. Ингээд насанд хүрээгүй охин Янжинсүрэн, хүү Дарханбаатарт тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Д.Маналтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тунгалаг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түмэндэмбэрэл 1989 онд Манал гэдэг хүнтэй 27 жил хамтран амьдарсан. Тэгээд нөхөр Манал нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өвчний учир нас барсан. Насанд хүрээгүй гэр бүлийн хоёр хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах хүсэлт гаргасан боловч Түмэндэмбэрэл, Манал хоёр гэр бүлийн баталгаа байхгүй байсан учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоох боломжгүй гэж буцаагдсан байгаа юм. Нэгэнт энэ хоёр хүн 27 жил хамт амьдарсан учраас хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Хүсэлт гаргагч Д.Түмэндэмбэрэл нь Дондогийн Маналтай 1989 оноос 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Д.Түмэнбэмбэрэл нь талийгаач Дондогийн Маналтай 1989 оноос 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагч Д.Түмэнбэмбэрэлийн шүүхэд гаргасан “би Д.Маналтай 1989 онд гэр бүл болж 6 хүүхэд төрүүлсэн. Бид хамтарч амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр Манал 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зүрх, уушгины өвчнөөр нас барсан. Миний бага 2 хүүхэд болох 2000 онд төрсөн М.Янжинсүрэн, 2003 онд төрсөн М.Дарханбаатар нар насанд хүрээгүй учраас тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж шүүхэд хандсан юм” гэх тайлбар /хх-н 18 хуу/, Цоохор овогт Дондогийн Маналын ¹0000160514/07 нас барсны гэрчилгээний хуулбар /хх-н 29 хуу/, 1991 оноос 2003 оны хооронд төрсөн М.Бат-Очир, С.Батмөнх, М.Янжмаа, М.Баярхүү, М.Янжинсүрэн, М.Дарханбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 7-12 хуу/, гэрч Б.Дарханжаргал, И.Нэрэндаваа нарын Д.Түмэндэмбэрэлийг Д.Маналтай хамтран амьдарч байсан талаарх мэдүүлэг /хх-н 19-22 хуу/, Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Засаг дарга Ж.Пүрэвхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/867 дугаартай Д.Түмэндэмбэрэлийн ам бүлийн тодорхойлолт /хх-н 4 хуу/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г ТО О Х нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Дамбын Түмэндэмбэрэлийг /РД:СК66051902/ Цоохор овогт Дондогийн Маналтай /РД:СК43091912/ 1989 оноос 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Түмэндэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР