| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00230/И |
| Дугаар | 257 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 257
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нарт холбогдох 12.966.139 төгрөг 42 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Энхзаяа, Н.Энхболд нар нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн 1430004277 дугаар гэрээ байгуулж 30.000.000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй авсан.
Зээлдэгч Э.Энхзаяа, Н.Энхболд нараас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 11.141.345,42 төгрөг, хүү 1.784.034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.760 нийт 12.966.139,42 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг Өлзийтийн 2-8 тоотод оршин суух /РД: ЕВ 80101208/ Боржигин овогт Надмидын Энхболд, мөн хаягт оршин суух /РД: СО 80112011/ Боржигин овогт Энхмөнхийн Энхзаяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Э.Энхзаяа, Н.Энхболд бид Хас банкинд 12.966.139,42 төгрөгийн өртэй. Түүнээс 4.309.217 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна. Энэ мөнгийг төлөөд сар бүр төлөлтөө хийнэ гэж тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 600.000 төгрөг төлсөн” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцоооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайван шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нарын тайлбартай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч зээлийн төлөлтийн хүлээн зөвшөөрсөн, шүүхэд нэхэмжилсэн өдрөөс эхлэн зээлийн төлөлт хийж эхэлсэн зэргийг харгалзан хариуцагч нарын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтийг энэ оны 11 дүгээр сард багтаан төлүүлж, цаашид уг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 11.141.345,2 төгрөг, зээлийн хүү 1.784.034 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40.760 төгрөг, нийт 12.966.139,42 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нар нь Хас банкны Бор-Өндөр тооцооны төвтэй 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1430004277 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийг сарын 2.1 хувь, 36 сарын хугацаатайгаар тус авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нар нь нэхэмжлэлийн шаардлага 12.966.139,42 төгрөгнөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 600.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд үлдэгдэл 12.366.139,42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нар нь 12.966.139,42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 12.366.139,42 /арван хоёр сая гурван зуун жаран зургаан мянга нэг зуун гучин ес төгрөг, 42 мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Энхзаяа, Н.Энхболд нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222.408 төгрөгний тавин хувь 111.204 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 111.204 төгрөгийг хариуцагч Н.Энхзаяа, Н.Энхболд нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Энхболд, Э.Энхзаяа нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР