| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1717/Э |
| Дугаар | 1747 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1747
2019 11 18 2019/ШЦТ/1747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч П.Болормаа,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Хохирогч Д.Дарамханд,
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Эрхэмбаярын Э.Пд холбогдох эрүүгийн 1906 06224 2458 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Торгоны зах” дэлгүүрийн подволд иргэн Д.Дарамхандтай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06224 2458 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Э.П нь иргэн Д.Дарамхандын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Дарамхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би Баянзүрх дуүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуудаг “Торгоны зам” дэлгүүрийн подволд оёдолчин хийдэг юм. 2019 оны 10 дугаар сарын 14-ний 18 цагийн орчимд манай ажил дээр манай найз Нандинцэцэг, Энхтайван нар ирсэн ойрд уулзалдаагүй учир бид нар 2 шил 0.5 граммтай Соёрхол нэртэй архи уусан юм. Бид 3-тай цуг надтай хамт ажилдаг Э.П цуг архи уусан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Энхтайван, Нандинцэцэг нар гараад явсан юм. Тэгэхэд Э.П миний утас алга болчихлоо саяны 2 балиар юм аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр 2 хүн энүүгээр ороогүй шүү дээ чи цүнхэндээ сайн үзэлдээ гэхэд байхгүй байна тэр 2 хүн л авсан гээд байсан юм. Тэгээд Э.П цүнхээ нилээн удаан үзэж байгаад цүнхнээсээ утсаа гаргаад ирэхээр нь би “чи яах гэж цуг идэж уучихаад ингэж байдын бэ чиний утас байж л байна шүү дээ миний дүү нар тэгж хулгай хийх хүмүүс биш” гэхэд Э.П “май чи” гээд намайг цохих гэхээр нь би гарыг өрөөсөө холдуулаад гарыг нь цохичихсон юм. Тэгээд би ширээний хажууд ундаа асгасан байсан. Тэрэн дээр халтираад унахад Э.П нь дээр гараад намайг учир зүггүй нүүр рүү гараа атгаж байгаад цохиж байсан. Би доороос тийчилж байгаад босох гэж байгаад ахин хальтарч унасан. Тэгэхэд намайг бас дээр гараад зодсон. Тэгж байгаад арай гэж салаад би гарч яваад манай ажлын урд байдаг оёдол дээр очиж Нинжбадгар болон түүний нөхөр Алтанхундага нар дээр ороод Э.П намайг зодчихлоо гэхэд нүүр чинь аймар хавдсан байна гээд Алтанхундага намайг гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12532 дугаартай:
Д.Дарамхандын биед тархи доргилт, дух, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, цээжний зулгаралт, зүүн гуяны цус хуралт зүүн өвдөг, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10 тал/,
Шүүгдэгч Э.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тэгээд бид хоёр давхарлаад газарт унасан. Дарамханд нь миний дээр унасан байсан. Миний үснээс тавихгүй байхаар нь хариу үйлдэл үзүүлж баруун гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. Би хэдэн удаа цохисоноо мэдэхгүй байгаа. Бид хоёр архиндаа согтсон байсан. Хэсэг хугацааны дараа таны миний дээрээс босоод ажлын байрнаасаа гараад явсан байсан. Дараа нь өөрөө ярихдаа явж чадахгүй байсан гараад хажуу талын оёдол хийдэг хүмүүс рүү очсон гэж байсан. Маргааш өглөө нь уучлалт гуйх гэхэд чи миний нүүрийг ийм болгосон байхдаа яадаг юм. Би чамайг өгдөг газар нь өгнө, ханддаг газар нь хандана гэж байсан бөгөөд энэ үед нэг нүд нь хөхөрсөн нүүр нь хавагнасан байсан. Манай байранд хамт ажилладаг эмэгтэй та хоёр хоёулаа эвлэрээд асуудлаа шийд гэхээр нь би Дарамхандад 150-200 мянган төгрөг өгье гэхэд юу ярьж байгаа юм чи надад 500.000 төгрөг өг гэж хэлсэн. Энэ хүнд мөнгө авах ашиг сонирхол байгаа гэж бодож байна. Би тэгэхээр ханддаг газраа ханд гэж хэлсэн. Би Дарамханд гэх хүнийг намайг цохиж зодоод байхаар нь аргагүй хамгаалалт хийж цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Пгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Э.Пгийн иргэн Д.Дарамхандын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.П нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч нь өмнө 161.360 төгрөгийн хохиролын баримтыг хавтаст хэрэгт тусгуулсан байх ба шүүх хуралдааны явцад 430.400 төгрөгийн хохиролын талаарх 2 ширхэг нотлох баримтыг шинээр гаргаж нийт 591.760 төгрөгийн хохирол нэхэмжилсэн.
Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 161.360 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг үндэслэн хохирогчид төлж барагдуулсан байна. Шүүх хуралдаанд баримт гаргаж нэхэмжилсэн хохирогчийн хохиролыг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн болно. Хохиролын талаарх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 430.400 төгрөгийн хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Пд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролыг нотлох баримтаар төлсөн, төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пгээс 430.400 төгрөг гаргуулж хохирогч Д.Дарамханд /ЗЮ63041608/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ