Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

 

  2019        08          12                                  2019/ШЦТ/1272

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Төмөр овогт Б У яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04086 1688 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Б.Унь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны 77 тоотын үүдэнд Г.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ууганбаярын өгсөн: ...Би тус өдөр ажилтай байсан бөгөөд манай ажлын газрын хүргэлтийн жолооч амарсан байсан. Ингээд би хүргэлтийн үйлчилгээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Олимп” хотхонд хийлдэг гудас хүргэж өгөхөөр 18 цагийн үед очсон. Тэгээд уг гудсыг захиалсан гэх айлд ороод захиалсан барааг нь хүлээлгэн өгсөн. Ингээд тэр барааг хүлээн авсан нэг ах согтуу байсан бөгөөд надаас энэ гудас чинь яаж ажилладаг юм бэ гэж асуусан. Тэгэхээр би наадхыг чинь салхиар дүүргэж ажилладаг юм шиг байна лээ сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгтэл уг ах чи юундаа гэрт орж ирчихээд томроод байгаа юм гээд гэрээсээ намайг түлхэж гаргасан бөгөөд гаргасны дараа намайг цохисон. Тэгэхээр нь би тэр ахаас зуураад бид хоёр ноцолдоод газар унасан. Ингээд газар унаад тэр ах намайг зөндөө цохисон. Тэгээд бас намайг цамцнаас татаж боосон бөгөөд би ухаан алдаад унасан. Ингээд сэрээд би цагдаагийн байгууллагад очиж гомдол гаргасан. Би толгойны зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, мөн шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Бас тус өдөр хүргэж өгсөн хийлдэг гудасны 30.000 төгрөг нийт 158.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний зүүн зовхинд хумсны сорви үлдсэн. Үүнийгээ би Солонгос улс руу очиж эмчлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8062 дугаартай шинжээчийн:

1. Г.Ууганбаярын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун хацарт, хүзүүнд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.У: ...Би Г.Ууганбаяртай ноцолдож түлхэж унагаасан. Мөн нүүр рүү нь хүчтэй түлхэж гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4-5 дугаар тал/,

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49-50 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 31 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Унь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны 77 тоотын үүдэнд Г.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Унь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Г.Ууганбаяр нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.У т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Унь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны 77 тоотын үүдэнд Г.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ууганбаяр, яллагдагчаар өгсөн Б.Унарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8062 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Г.Ууганбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Унь 150.000 төгрөгийг төлж, хохирогч гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./х-ийн 50 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Унь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Төмөр овогт Б У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б У г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Унь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ