Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0652

 

 

 

 

 

 

 

“Б-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр:  “...Татварын ерөнхий хуулийн (2008) 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын (2006 он) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-Ө ХХК-ийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012253 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “... Татварын улсын байцаагчийн 24/0012253 дугаар актын он, сар засвартай, мөн актын нүүр хэсэг буюу үнэт цаасанд бичигдсэн тэмдэглэх хэсэгт зөрчлийн дүнг “хоёр зуун арван найман сая нэг зуун наян нэгэн мянга найман зуун арван найман төгрөгийн зөрчил илэрсэн гэх боловч хавсралт 02-т байгаа тогтоох хэсэгт ногдуулсан нөхөн татварын дүнг хорин нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун наян хоёр төгрөгийн зөрчил илэрсэн гэж бичсэн.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 30.1.4-т “гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөх” гэсэн заалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Татварын улсын байцаагчийн энэхүү хууль бус актаас шалтгаалан манай компани нь ямар ч тендерийн ажилд оролцох боломжгүй болж үндсэндээ 2014 оноос хойш ямар ч ажил хийж гүйцэтгээгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа бүрэн зогссон.

Мөн энэхүү их мөнгөний татварын өрнөөс шалтгаалан тус компанийн захирлын эхнэр сэтгэл санааны хямралд орж 2019 оны 007 дугаар сарын 10-ны өдөр тархины цус харвалт болж одоогоор баруун тал нь мэдээгүй байнгын асаргаа, сувилгаа сахиуртай байх болсон ба тус компанийн захирал Д.Буянт нь хорт хавдар гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.

Гэтэл тухайн үеийн татварын улсын байцаагчтай хуйвалдан татварын падааныг компанид өгсөн “ТТБС” ХХК нь татварын өршөөлийн хуульд хамрагдаж ямар нэг хариуцлага хүлээхгүй алга болсон.

Иймд татварын улсын байцаагчийн 24/0012253 дугаар актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгаар ойлгогдож, үсэг болон тооны алдаа нь “Б-Ө”ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байсныг анхан шатны шүүх буруу дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тиймээс хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б-Ө”ХХК-аас “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012253 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012253 дугаар актаар Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 дугаар тоот албан бичиг, тасгийн даргын 24141200965 тоот томилолтын дагуу санхүүгийн тайлан тэнцэл, анхан шатны баримт, татвар төлөгчийн ярилцлага зэрэг баримт материалд үндэслэн хэсэгчилсэн хяналт шалгалт хийхэд 218.181.818.00 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2, 34 дүгээр зүйл, 43 дугаар зүйлийн 43.8-д заасныг тус тус баримтлан “Б-Ө”ХХК-д 21,818,182.00 төгрөгийн нөхөн татвар, 6,545,454.0 төгрөгийн торгууль, 3,435,273.0 төгрөгийн алданги, нийт 31,798,909.0 төгрөгийн төлбөр тогтоосныг нэхэмжлэгч “Б-Ө”ХХК эс зөвшөөрч “...ТТБС ХХК-ийн бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч эсэхийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан байцаагчаас асуухад шүүж үзээд ТТБС ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй падаан байна гэж хэлсэн учраас бид уг падааныг тайландаа тусгасан, ...татвар ногдох орлогыг бууруулсан зүйл байхгүй, ... актын он, сар засвартай, актын нүүр хэсэг буюу үнэт цаасанд бичигдсэн тэмдэглэх хэсэгт зөрчлийн дүнг 218.181.818.00 төгрөгийн зөрчил илэрсэн гэх боловч хавсралт 02-т байгаа тогтоох хэсэгт 21,818,182.00 төгрөгийн зөрчил илэрсэн гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

Маргаан бүхий 24/001225 тоот актын хувьд татварын он, сар засвартай, актын хавсралт 02-т зөрчлийн дүн зөрүүтэй байх боловч актын нүүр хэсэгт зөрчлийн дүнг 218,181,818.00 төгрөг, нөхөн татвар 21,818,182.00 төгрөг, торгууль 6,545,454.0 төгрөг, алданги 3,435,273.0 төгрөг, нийт 31,798,909.0 төгрөгийн төлбөр гэж тодорхойлсноор татварын улсын байцаагчийн үйлдсэн акт нь агуулгын болон төлбөрийн дүнгийн зөрүүгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т “гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөхийг хориглоно” гэж заасан нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагаандаа хориглох нөхцөлийг заасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “...хэдийгээр актын үндсэн нүүр болон актын үргэлжлэх хэсэг дэх зөрчлийн дүнг зөрүүтэй тусгасан ч татвар төлөгчийн төлөх төлбөрийн дүн зөрүүгүй байна” гэх дүгнэлт, тухайн маргаан бүхий акт татварын хяналт шалгалтын программд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж бүртгэгдсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг агуулаагүй, зөвхөн зөрчлийн дүн дээр таслалыг буруу тавьж, техникийн алдаа гаргасан боловч төлбөл зохих дүн хэвээрээ байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР 

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ