Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1410

 

 

 

 

 

 

 

 

  2019        09          10                                  2019/ШЦТ/1410

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Д т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02235 1527 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Д

Холбогдсон хэргийн талаар:

О.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Тэлмэн /15 настай, эрэгтэй/-ийг зүүн гар, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Г.Тэлмэнгийн өгсөн: ...Би энэ газарт нүүж ирээд нэг их удалгүй манай гэрийн ойролцоо байдаг  сагсны шийдэн дээр тоглож байгаад Өлзий, Билгүүнээ гэх мэтийн хүүхдүүдтэй танилцсан. Анх 12 дугаар сарын үед тэд нар намайг О.Д  гэх ахын гэрт дагуулж орсон. Энэ үед О.Д  гэх надаас ах байрын залуу шинээр ирсэн хүүхдийг зодож угтдаг гэх мэтээр дарамталж байгаад гарах гэтэл чи аяга угаачихаад гар гэхээр нь аягыг нь угаагаад гарах үед ахын дүү хааяа орж ирж байгаарай гэхээр нь хааяа гэрээр нь ордог болсон. Хааяа гэрт нь орохоор гэрийн ажлаа хийлгээд байдаг. Орохгүй болохоор орсонгүй гэж уурлаад байдаг. Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад харихаар 805 дугаар ангийн орчмоос 500 төгрөгөөр явдаг машинд суугаад явж байхад арын суудалд Өлзий гэх 49 дүгээр сургуульд сурдаг хүүхэд сууж явсан. Машинд явахдаа Өлзий гэх хүүхэд нь утсаар ярьж та нар намайг Гурван булаг дэлгүүр дээрээс ирээд тосоод авчих гэж ярихад цаад хүүхдүүд нь үгүй гэсэн чинь Тэлмэн намайг зодох гээд байна гэж хэлсэн. Гурван булаг дээр ирж машинаас буухад Бандиа гэх 97 дугаар сургуульд сурдаг хүүхэд болон Билгүүнээ гэх хүүхдийн Хонгороо гэх 97 дугаар сургуульд сурдаг хүүхэд нар ирсэн байсан. Намайг Бандиа гэх хүүхэд О.Д  ахын гэрт очъё гэхээр нь би аав гэрт байгаа би очихгүй гэхэд Бандиа гэх хүүхэд намайг хэвлий хэсэгт 1 удаа цохиод О.Д  ахын гэр рүү дагуулаад явсан. О.Д  ахын гэрт ороход “сайн уу, хөөе” гэхээр нь би дуугарахгүй байтал “чи муу их давардаг болжээ” гээд миний зүүн гар хэсэгт нилээн хэд цохисон. Мөн зүүн шанаа руу нэг удаа цохиод мөн миний цээжин хэсэгт нэг удаа цохисон. О.Д  гэх ах гэрээсээ гарахдаа “наад бацаанаа битгий явуулаарай, буцаад ороод ирэхэд гэр цэмбийлгээд байж бай” гээд гараад явахаар нь би гэрийн хогийг нь шүүрдээд аягыг нь угаагаад тэнд байсан хүүхдүүдэд би аавд гэрийн түлхүүр өгнө гэж худлаа хэлээд гэрээс нь гараад аав руугаа утсаар ярьсан...

...Гэмтэл дээр очиж зураг авахуулсан, хугарсан зүйл байхгүй, зөөлөн эдийн няцрал ихтэй байна гээд эм бичиж өгсөн. Би 10.000 төгрөгөөр эм авч уусан. Бусад зүйлийг гэрээрээ эмчилсэн. Одоохондоо юм мэдэгдэхгүй байна. Зүүн талын доод араа унасан байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсний дараа унасан...

...О.Д нь намайг өөрийнх нь нэрийг барьж дэлгүүрээс юм зээлж авлаа гэсэн шалтгаанаар цохиж зодсон. О.Д аас өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11, 12-13, 74-75 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Б.Отгонбаатарын өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найз Дарамгаравын хүүхэд хардаг гэрт нь өдөр хичээлээ тараад очоод байж байтал гаднаас Дарамгарав Тэлмэнийг дагуулж орж ирсэн. Дарамгарав Тэлмэнийг гэрт оруулж ирснийхээ дараа би чамд эхний удаа сануулсан, хоёр дахиа бас сануулсан гэж хэлээд Тэлмэний аль гар гэдгийг нь санахгүй байна, гарын булчин руу нь 2-3 удаа цохиод нэг удаа нүүр рүү нь алгадаж байсан. Энэ үед би гадаа гарч шээчихээд буцаж орж ирэхэд гаднаас нэг хүүхэд гэрт орж ирээд Дарамгарав ахаа таныг шийдэн дээр хүүхэд дуудаж байна гэхээр нь Дарамгарав гэрээс гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Д ын: ...Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан-Уул нэртэй дэлгүүрээс зээлээд эд зүйл авдаг юм. Г.Тэлмэн нь миний нэрийг бариад уг дэлгүүрээс эд зүйл авсан байхаар нь эхний удаа аавд нь хэлсэн юм. Төлбөрийг Тэлмэний аав нь гэх хүн хамт эд зүйл зээлж авсан хүүхдүүдтэй нь холбогдоод хуваагаад төлсөн. Аав нь дараагийн удаа ийм зүйл гарвал зодоод хөөгөөд явуулаарай гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сард мөн адил миний өрөн дээр нэмэгдээд 30.000 төгрөгийн төлбөр гарсан байхаар нь хяналтын камерийг шүүж үзтэл Тэлмэн дэлгүүрийн гадаа нь зогсож байгаад өөр хүүхдээр эд зүйл зээлдүүлсэн байсан. Хэсэг хугацааны дараа Тэлмэнгийн дүүтэй таараад Тэлмэнг асуухад Тэлмэн ах гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн. Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байхад гаднаас Тэлмэнийг манай найз Билгүүн дагуулж орж ирсэн. Би Тэлмэнийг гаднаас орж ирэхээр нь нүүрэн хэсэгт нь 1 удаа алгадаад, мангастаад, гар бугалга хэсэгт нь2-3 удаа цохиж байгаад гэрт байж бай гээд хүнтэй уулзахаар гарсан. Хэсэг хугацааны дараа гэртээ ирэхэд Тэлмэн нь манайд цүнхээ орхиод харьсан байсан бөгөөд орой нь Тэлмэнгийн аав гэх хүн ирж цүнхийг нь авсан байсан...

...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өмнөх мэдүүлэгтээ бүгдийг ярьсан байгаа бөгөөд одоо нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 75-76 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4235 дугаартай шинжээчийн:

1. Г.Тэлмэнгийн биед зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,

- Шүүгдэгч О.Д ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            О.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Тэлмэн /15 настай, эрэгтэй/-ийг зүүн гар, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Г.Тэлмэн, насанд хүрээгүй гэрч Б.Отгонбаатар, яллагдагчаар өгсөн О.Д нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 4235 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Г.Тэлмэн, түүний хууль ёсны төлөөлөгч нарын  зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч О.Д ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ