Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1758

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2019        11         20                                  2019/ШЦТ/1758

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Болормаа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Равжих овогт Цэдэвсүрэнгийн Ц.Ст холбогдох эрүүгийн 1806 09331 2451 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц.С.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ст нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Цогтбаатартай маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                     /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 09331 2451 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ц.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд найзууд болох Ц.С, Цэндко, Ёндонжамц болон түүний найз охин Мөнхтуул, манай найз охин Хулан нарын хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд бид бааранд суугаад пиво ууцгааж, бүжиглэсэн. Ингээд бид нар шөнө 02 цаг өнгөрч байхад баарнаас гараад явж байтал Ёндонжамц нь гүйж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гайхаад байж байтал Цэндко араас намайг тэвэрч байгаад хавирч унагаасан. Тэгээд намайг газар уначихсан үед нүүрэн тус газарт 2 удаа өшиглөсөн. Би тухайн үед хэн өшиглөснийг нь хараагүй, харин дараа нь манай найз охин Хулан хэлэхдээ чамайг Ц.С гүйж ирээд өшиглөчихөөд, буцаж ирээд нүүрэнд чинь өшиглөсөн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Гэрч Н.Ёндонжамцын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд Мөнхтуул, Цогтбаатар болон түүний найз охин Хулан, Ц.С, Цэнд-Аюуш нарын хамт үйлчлүүлсэн. Бааранд ороод бид нар пиво ууцгааж байгаад шөнө 03 цагийн үед гарцгаасан. Бааранд ямар нэг хэрүүл, маргаан болоогүй. Ингээд баарны гадна Цогтбаатар нь өөрийн найз охин Хуланг Ц.Стай хардаж  хоорондоо муудалцсан. Тухайн үед бид нар Ц.С, Цогтбаатар нарыг салгах гээд 2 тийш нь болгож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

            Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн:

Б.Цогтбаатар өөрөө эхлээд Ц.Сын нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Үүнээс болж хамаг маргаан эхэлсэн. Би маргааныг таслан зогсоох гээд Б.Цогтбаатарыг газар унагасан. Тэр үед миний харснаар Ц.С түүнийг уначихсан байхад нь нүүрэн тус газарт нь өшиглөж байсан. Тэгэхээр нь би Ц.Сыг бас унагаасан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13784 дугаартай:

Б.Цогтбаатарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн
нүдний дотор булан, зүүн шуунд цус хуралт, баруун хацар, тохойд зулгаралт, гэмтэл
тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 тал/,

 

Шүүгдэгч Ц.Сын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” бааранд найзууд болох Ёндонжамц, Мөнхтуул, Цогтбаатар, Хулан, Цэнд-Аюуш нарын хамт бид 6 орж үйлчлүүлсэн. Баарандаа ороод бид нар пиво ууцгааж, бүжиглэж байгаад шөнө 02-03 цагийн үед баарнаас гарцгаасан. Баарнаас гарахдаа Цогтбаатар, Хулан, Цэндээ нар түрүүлээд гарсан байсан. Харин үлдсэн хэд нь араас нь гараад очтол Цэндээ, Хулан хоёр Цогтбаатарыг болилдоо яах гэсийн гээд байж байсан. Тэгээд намайг очтол Цогтбаатар над руу дайраад чамайг ална шүү, аятайхан байгаарай, би Хулан та хоёрыг мэдээд байна шүү гээд байсан. Тэгээд Цогтбаатар намайг шанаа руу 2 удаа цохисон. Тэгээд байж байсан чинь тэд нар бид хоёрыг салгаад Цэндээ намайг салгаад доош дагуулаад явсан. Харин ард Цогтбаатар нь орилж хашгираад үлдсэн. Харин намайг Цогтбаатараас зайтай зогсож байхад Мөнхтуул, Ёндон нар ирсэн. Тэгэхэд Цогтбаатар нь Мөнхтуул, Ёндон нарыг цохисон байсан. Тэр үед миний гар утас алга болсон байсан учир бид нар буцаад Цогтбаатар дээр очсон. Тухайн үед би гар утсаа олсон. Цогтбаатарын найз охин Хуланд байсан байна лээ. Харин Цогтбаатар намайг очсон чинь заамдчихаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би түүнийг эмэгтэй хүнд гар хүрсэн байна гээд нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч Б.Цогтбаатарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 24 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 10 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Сын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц.Сын иргэн Б.Цогтбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Цогтбаатар нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ