Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1281

 

 

 

 

 

 

 

 2019        08          13                                  2019/ШЦТ/1281

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Гантулгабат /томилолтоор/,

шүүгдэгч Ү.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хүгдүүд овогт Ү О яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03900 1674 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Ү.О нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөнийн зах” дотор эхнэр Т.Баярцэцэгийн биед чирэх, гарнаас нь чанга атгах, гудчих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.О мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эхнэртэйгээ “Шөний зах” дотор маргалдаад гараас нь барьж аваад, татсан чинь унасан. Унаснаас болж биед нь гэмтэл учирсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. Би дахин ийм зүйл гаргахгүй. Уучлаарай гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Баярцэцэгийн өгсөн: ...Би “Баялаг Ундраа” дэлгүүрийн оёдолчинд майхнаа янзлуулах хооронд манай нөхөр Библи унш гэсэн. Би дагаад уншиж байсан ба хүмүүс хараад байхаар нь би чимээгүй болчихсон юм. Гэтэл дагаж унш гээд майхан бэлэн болохоор нь янзал гээд янзалж байхад “гичий, нохой” гээд хараагаад байсан ба би чимээгүй байсан. Гараад иртэл намайг байрны хашаан дотор баруун гар, хөл, хувцас зэргээс чирээд байсан. Энэ үед нэг эрэгтэй хүн ирээд эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ гээд гэр рүүгээ орох гээд явж байхад ална гэх мэт хараагаад байсан. Ингээд би айгаад граж руу ороход миний алтан бөгж, утас зэргийг булааж аваад гинжийг маань булаах гэхээр нь орилоод гражнаас гарч ирсэн хүнд хэлтэл миний утас, гинж, бөгжийг буцааж өгсөн. Ингээд би гараад явтал орж ирээд хувцасаа ав гэсэн захидал ирсэн. Би хувцасаа авах гэтэл миний пүүз, хувцас бүгдийг нь урж тасдаад, хувцсыг нь хайчлаад, гоо сайхны бүтээгдэхүүн, цүнх зэргийг бүгдийг нь эвдэлчихсэн. Би чимээгүй байж байсан, ингээд нөхөр О машинаас юм авна миний утсыг аваад гарсан. Гараад явахаар нь би хаалгаа дотор талаас нь түгжчихсэн ба шөнөжин хаалга тогшиж хоносон ба хаалгаа онгойлго гэхээр нь би ээж, дүү хоёрыг дуудаж өгөхийг шаардсан. Ингээд өглөө ээж, дүү 2 маань өөрсдөө ирсэн ба нөхөр О дуудаагүй байсан. Үүний дагуу би цагдаа дуудаад гомдол мэдээлэл гаргаж шүүх эмнэлэгт үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7782 дугаартай шинжээчийн:

1. Т.Баярцэцэгийн биед баруун, зүүн бугалга, шуу, зүүн сарвуу, баруун шилбэний олон тооны цус хуралт, зүүн гарын 5-р хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ү.О ийн: ...Би эхнэр Т.Баярцэцэгийн хамт “Баялаг Ундраа” дэлгүүрт майхан янзлуулж байгаад Библи уншаагүйгээс болж маргалдаж байгаад S’Outlets-ээс дотуур хувцас авах явцдаа муудалцаж би эхнэр Т.Баярцэцэгийн гарнаас татаж, маргалдах явцад газар унагааж биед нь гэмтэл учруулсан. Дахиж эхнэрийн биед гэмтэл учруулахгүй, сайн ойлгож авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

- Шүүгдэгч Ү.О ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35, 36 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ү.О нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах дотор эхнэр Т.Баярцэцэгийн биед чирэх, гарнаас нь чанга атгах, гудчих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ү.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Т.Баярцэцэг нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ү.О холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ү.О нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах дотор эхнэр Т.Баярцэцэгийн биед чирэх, гарнаас нь чанга атгах, гудчих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Баярцэцэг, яллагдагчаар өгсөн Ү.О нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7782 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ү.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Т.Баярцэцэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч төлбөр барагдуулах хэлцэл байгуулан хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Ү.О баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 43 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ү.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ү.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хүгдүүд овогт Үнэнгийн О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү О 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.О оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ү.О нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ү.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ