Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1409

 

  

 

 

 

  2019       09          10                                  2019/ШЦТ/1409

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Л.Баттогтох ҮД:26-43, Г.Батбаяр ҮД:00-56,

хохирогч Б.Ганням, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан ҮД:18-51,

гэрч Г.Амарцэцэг,

шинжээч эмч Т.Чимэд-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Э д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01313 1606 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Э

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Э  нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 171-в байрны 04 тоотод иргэн Б.Ганнямтай байрны засвар үйлчилгээний ажлаас болж маргалдан гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э  мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сард би Ганням гэх хүнтэй засвар үйлчилгээг 5 сая төгрөгөөр хийхээр тохиролцоод 2.200.000 төгрөгийг дансаар нь өгсөн. Тэгээд удахгүй байж байгаад Амарцэцэг захирал руу мессеж бичээд ар гэр маань хоол хүнсгүй гээд байхаар нь үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн юм. Би тухайн үед цусаар шээж байсан болохоор эмнэлгээр явж байсан. Б.Ганням нь 2019 оны 01 дүгээр сарын эхээр засварын ажлаа эхэлсэн хэдий ч ажлаа хийж гүйцэтгээгүй юм. Манай салоны байрыг шоуны оромж болгосон байсан. Засвар хангалтгүй бохир заваан болсон байсан. Энэ байдлаас болоод маргаан болсон. Тухайн өдөр Ганням гэх хүнийг засвараа хүлээлгэж өгөөрэй гэж хэлэхэд маргаан болсон. Би хангалтгүй байна, дахиад засаад өг гэж хэлэхэд засч өгч чадахгүй гэж хэлсэн. Тэр өдөр  хүчтэй маргаан үүссэн. Манай хойд талын өрөө рүү будаг болон барилын материалаа тавьсан байсан. Намайг гарах гэхээр баруун гарнаас татсан, би алгадсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганням мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн дүүгээрээ дамжуулан Ц.Э тай танилцсан. Би байранд нь засвар хийхээр 2.200.000 төгрөгийг дансаар авсан. Тэгээд 3 хоногийн дараа үлдэгдлийг нь гуйж авсан. Би тархины хорт хавдартай нь үнэн. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагийн үед 2.400.500 төгрөгийг материалаа авах гэж авсан. Эхлээд та бол үнэхээр сэтгэлээрээ ханддаг хүн байна гэж хэлж байсан. Ажил явагдаж байх үед үнэхээр сайхан болж байна гэж хэлсэн. Тэгээд ажлаа хүлээж авахаас өмнөх өдөр нь өнгө нь надад таалагдахгүй байна, чи энэ өнгийг хараал идсэн хар өнгөөр сольчихож болохгүй юм уу гэж хэлсэн. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түлхүүрээ хүлээж авъя гэж хэлсэн. Тэгээд балконы хаалгыг түлхэж унагаачихаад намайг хийсэн гэж гүтгээд чамайг гадна байгаа хүмүүсээр зодуулна гэх байдлаар дарамталсан. Миний цээж болон гар руу түлхсэн. Би барилгынхантай ингэж харьцах ёстой, дарамталж харилцах ёстой гээд миний толгой, чих, нүүрэн тус газарт тус тус гурван удаа цохисон. Тэгээд бид гурав хамт гараад шүүгдэгч Амарцэцэг хоёр машиндаа сууцгаасан. Би гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь над руу утсаар дарамталсан юм. Чи хэнд хамраа хугалуулчихаад худлаа шалтаглаад байгаа юм бэ гээд олон юм ярьсан. Би компьютер томографын зураг  авахуулахад зарцуулсан 120.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 8000 төгрөгийн баримтыг хавтас хэрэгт өгсөн байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Ганнямын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ганнямын өгсөн: ...2019 оны 01-р сарын 04-ний өдөр би Баянзүрх дүүргийн 18-р хороо 171-в байрны 1 давхар 04 тоотод оршин суух Ц.Э  гэх эмэгтэйтэй түүний байрны засвар үйлчилгээг хийхээр болж тохиролцож би тус байранд нь засвар үйлчилгээ хийж дуусаад гэрийнх нь түлхүүрийг нь 2019 оны 02 дугаар  сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэгтэл Ц.Э  гэх эмэгтэй намайг засварын үйл ажиллагаа муу хийсэн байна гэж над руу уурлаж намайг хэл амаар доромжилж улмаар намайг 22 давхраас дүүжилж алуулна, хэрвээ чи гарч зугтаах юм бол гадаа 2 машинд залуучууд сууж байгаа тэд нараар чамайг байшин дээрээс шидүүлнэ гэж заналхийлсэн. Тэгээд тэр эмэгтэй намайг хэл амаар доромжилж байгаад эхлээд миний толгойн тус газар гараараа хоёр удаа цохисон. Тэгээд дараа нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр Ц.Э  гэх эмэгтэйтэй хамт байсан Амарцэцэг гэх эмэгтэй бид хоёрыг салгаад бид нар гадаа гарч ирээд би тэр хоёр эмэгтэйгээс салаад гэртээ харьсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж нүүрээ үзүүлэхэд эмч миний хамар хугарсан байна, хэвтрийн дэглэм барьж хөдөлгөөнөө хорь гэж хэлсэн. Тэгээд би Ц.Э  гэх эмэгтэйд мессежээр чи миний хамрыг цохиж хугалсан байна гэж хэлсэн. Тэгтэл Ц.Э  над руу дорошмжилсон, заналхийлсэн мессежүүд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Амарцэцэгийн өгсөн: ...2019.01.04-ний өдөр Б.Ганням гэгч манай хадам Ц.Э гийн Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 171/3 байрны 04 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гоо сайхан”-ы салон дотор талын шалнаас бусад засварыг 2019.01.18-ны өдөр гэхэд дуусгахаар тохиролцон төлбөрийн 50 хувь болох 2.500.000 төгрөгийг авсан юм. Тэгэхээр нь Ц.Э  бид 2 2019.01.18-ны өдөр очиж салоны завсар дууссан байх гэж бодоод хүлээж авахаар очтол дуусаагүй байхаар нь Ганнямд засвар хийж дуусгахаар хугацааг нь сунгаж явсаар байгаад 2019.02.12-ны өдөр очсон засвар дуусаагүй байхаар нь Ганнямд яагаад дуусаагүй, хангалтгүй хийсэн байхаар нь Ц.Э  бид 2 их мөнгө өгсөн, цаг хугацаагаар хохирсон учир уурласан. Ц.Э  уурлаад тэр залууг алгадсан. Тухайн үед хэдэн удаа алгадсаныг мэдэхгүй байна. Тэгсэн Ганням гэгч 3 хоногийн засварын ажлыг дууссан гэж хэлээд гараад явсан. Тэр өдрөөс хойш эргэж ирээгүй. Ийм л зүйл болсон. Тухайн үед Ц.Э , Ганням нарыг маргалдаж байхад би бусад өрөөнүүдийн засварыг үзээд явж байсан. Уг байр нийт 5 өрөө байр бөгөөд Ганням 3 өрөө, 00 өрөө, хана, таазанз засвар хийх ёстой байсан. Ц.Э  алгадсан, Ганням түүнийг боох ч гэж дээ тэд хоорондоо нэг нэгнийхээ хувцаснаас бариад барьцалдах гээд байхаар нь би дундуур нь болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Ц.Э гийн: ...2019 оны 01 дүгээр сарын   үед  би Баянзүрх дүүргийн  18 дугаар  хорооны  нутаг дэвсгэрт  байрлах 171 /В/ байрны 04 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ярума” нэртэй гоо сайханы салонд дотор засвар хийлгэхээр өөрийн танил Сугар гэгчээр зуучлуулан Ганням гэгчтэй холбогдон засвар хийлгэх байраа үзүүлсэн. Тухайн үед байрны хана, таазны эмүльс, угаалгын өрөөнд нимгэн хавтан наалгах, хүрээ мод наах, хаалга суурилуулах зэрэг ажлууд хийлгэх гэхэд Ганням гэгч өөрөө сайн дураараа цонхны тавцангийн хавтанг зүсэх, цахилгааны утаснууд татах зэрэг ажлуудыг 10 хоногийн хугацаанд хийж өгнө гэж хэлээд надтай уулзсан өдрөө ажлын хөлсөнд 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж аваад үлдэгдэл 2.000.000 гаран төгрөгийг ажил дууссаны  дараа авахаар тохирсон боловч 2-3 хоногийн дараа үлдэгдэл бүх мөнгөө авъя гэж зовлон тоочоод эхнэр, хүүхэд гэртээ хоолгүй байна, би өөрөө тархины хорт хавдартай гээд байхаар нь би үлдэгдэл мөнгийг дансаар шилжүүлж өгсөн. Тухайн үед  би түүнд сар шинийн баяраас өмнө засвар дуусгахад болно, заавал 10 хоногт хийх хэрэггүй ээ, 14 хоногт багтааж дуусгахад болно, би цагаан сараас өмнө  нээлтээ хийнэ гэж хэлсэн чинь Ганням хүлээн зөвшөөрсөн. Би Ганнямтай 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр салон дээр уулзаад засвараа хүлээж авъя гэж хэлсэн чинь засварыг чинь одоо хүлээлгэж өгнө гэж хэлээд миний авч өгсөн барилгын материалуудаар тоглоод хачин юм хийсэн байдалтай байхаар нь уг засвар чинь   хангалттай сайн болоогүй байна, миний санаанд нийцэхгүй байна, авч өгсөн материалуудаар хийгээгүй байна, хана цөөлөөд энд, тэндгүй будаг нялсан байхаар нь миний дургүй хүрээд үүнийгээ янзлаад өгчих би ийм байдалтай засвар хүлээн авахгүй ядаж хана янзлаад өгчих гэж хэлсэн чинь ахиж засч чадахгүй гэхээр нь би түүнийг нэг удаа алгадсан чинь Ганням миний нүүрэн тус газар нэг удаа цохихоор нь буцаагаад цохих гэтэл Амарцэцэг дундуур ороод салгасан, би оноогүй. Энэ маргаан болж байхад Ганням өөрийнхөө хийсэн засвар үйлчилгээг хангалтгүй болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө гар утсаар бичлэг хийж байсан. Тэгээд бидний хооронд маргаан болоод дууссаны дараа Ганням өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд өөрийнхөө бүх гаргасан алдааг хүлээн зөвшөөрөөд маргааш 10 цагт ирээд засаад өгье гэхээр нь би үгүй яг одоо өнөөдрөөс эхлээд засвараа хий гэж хэлсэн чинь ах нь өнөөдөр найз нартайгаа уулзах ёстой амжихгүй гэж хэлээд явсан. Тэгэхээр нь маргааш 10 цагт салон дээрээ ирээд Ганнямыг хүлээгээд ирэхгүй байхаар нь утсаар нь залгатал утсаа авахгүй, би очиж чадахгүй гэж хэлэхээр нь  миний уур хүрээд түүнд би сарын нэг сая төгрөгийн түрээс төлдөг учир би танаас болоод өрөнд ороод байна, тиймээс танаас бүх  мөнгөө нэхэмжилнэ шүү гэж хэлсэн цагаас хойш миний утасны дугаар болон Сугар ахын дугаарыг авахгүй надаас зугтаагаад алга болсон...Тухайн үед би салоны нээлтээ хийнэ гэж хэлсэн байсан чинь хэрэг болох үед найзууд манай гэрт 1 шил вино аваад ирсэн түүнээс нь амссан ба согтох хэмжээний дарс уугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2331 дугаартай шинжээчийн:

1. Б.Ганнямын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ард цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,

- “Натур” эмнэлгийн толгойн компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/

- Хохирогч Б.Ганнямын цагдаагийн байгууллагад хандаж бичгээр гаргасан  гомдол, / хх-ийн 7-р тал/

- Хохирлын баримт /хх-ийн 14, 22-р тал/

- Шүүгдэгч Ц.Э гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38, 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ц.Э  нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 171-в байрны 04 тоотод иргэн Б.Ганнямтай байрны засвар үйлчилгээний ажлаас болж маргалдан гараараа толгой болон нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн хохирогч Б.Ганнямын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2331 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Натур” эмнэлгийн толгойн компьютерт томографын шинжилгээний дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Амарцэцэгийн өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э  нь биднийг маргалдах явцад хохирогч Б.Ганнямын хамараас цус гараагүй тул би хамарт нь гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцэж байх боловч түүнийг нь нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба хохирогч Б.Ганнямын эрүүл мэндэд хохирол учирсан нь Ц.Э гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ганнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт 2019 оны 02 дугаар сарын 12-нд  болсон байх ба 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн байгуулагад гомдлоо гаргаж, “Натур” эмнэлгийн толгойн компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн байна. /хх-ийн 7, 18-р тал/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар …бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

Хохирогч Б.Ганням нь гэмт хэргийн улмаас учирсан 128.000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул уг төлбөрийг шүүгдэгч Ц.Э гаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 14, 18, 22 дугаар тал/

Хохирогч Б.Ганням нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э д оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.Э  /РД:/-с 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Балжиннямын Ганнямд /РД:/ олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Ганням нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ