Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 1780

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2019        11          25                                 2019/ШЦТ/1780  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавнан овогт Даржаагийн Д.Бд холбогдох эрүүгийн 1906 05872 2379 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын өдөр 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Хуягбаатартай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05872 2379 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь иргэн Г.Хуягбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Хуягбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цагийн үед ажил тараад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” дээр дуудлагын жолооч хийх гэж очсон. Учир нь би одоогоор айлд Өлзийт хороололд амьдарч байгаа бөгөөд сүүлийн автобуснаас хоцорсон юм. Би урьд нь Шөлөндөөгийн үүдэнд нь зогсож дуудлагын жолооч хийдэг байсан бөгөөд Шөлөндөөгийн хамгаалагч нартай танил болж байсан. Тухайн үед хуучин ажилладаг байсан Д.Б рүү гэр рүүгээ хүргүүлэх зорилготой 95222204 дугаар руу залгаж ярихад Д.Б нь Улиастайд архи ууж байна гэж хэлэхээр нь утсаа салгасан. Дараа нь 23 цагийн үед миний 99257592 дугаар руу Д.Б 95222204 дугаараас залгаад Баянцээлийн байран дунд нэг хүнтэй архи ууж байна, машин барих хүн байхгүй байна, хэсэг хугацааны дараа би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би 02 цаг 50 минутын үед Шөлөндөө рүү орж сандал дээр хэсэг хугацаанд үүргэлсэн байсан бөгөөд гэнэт чанга дуу гараад байхаар нь хартал Д.Б Шөлөндөөнд орж ирсэн, харуул хамгаалалтын ажилтан болох Жагаатай юм ярьж байсан бөгөөд бид хоёр уулзсан. Д.Б нь архи авч Шөлөндөө рүү орж ирсэн. Д.Б бид хоёр Шөлөндөөгөөс аяга аваад ард талд байрлах байрны хүүхдийн талбайн сандал дээр очиж суусан. Би хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Д.Б чанга ярьсны улмаас байрны оршин суугч нартай маргалдаж, хэрүүл хийж зүй бусаар харилцаж байсан. Би тухайн үед архинаас өөрийг нь харах үед л 2 удаа уусан бөгөөд үлдсэн архийг нь би ногоон зүлэг рүү асгасан. Бид хоёр буцаад Шөлөндөө рүү аягийг нь өгөх гэж орж ирсэн. Тэгтэл гэнэт Д.Б алга болсон бөгөөд араас нь гартал чи намайг орхиод намайг харсангүй, мөн чи урьд нь шөлөндөөд согтуу орж ирээд зодуулж байсан гэхэд би эрүүл байсан гэж хэлсний үүднээс миний хувцаснаас чирээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Шөлөндөөгийн хойд талын буланд аваачиж хавирч унагаагаад 3 удаагийн давтамжтай боож, миний цээж, нуруу, хөл, гар гэх мэт бүх газарт өшиглөсөн мөн миний энгэрт байсан балыг авч чиний нүдийг чинь сохлоно, би шоронд явах гэж байгаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст миний ах байдаг, би мөрдөн байцаах тасагт ахлагч цолтой очих гэж байгаа гэж хэлж байх үед үл таних таксины жолооч ирж салгасан бөгөөд тэр үед өөрийн гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд цохиж миний гар утсыг газарт унагаасан тэгээд ертөнцийн зүгээр урд тал руу Бөхийн өргөөний тийшээ гараад зугтаасан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11821 дугаартай:

Г.Хуягбаатарын биед тархи доргилт, хүзүү, цээжний цус хуралт, сарвуунд шарх, зулай, чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8 тал/,

 

Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 22:00 цагийн орчим сайн танихгүй Зоригоо гэх залуутай хамт архи уусан. Бид хоёр Дарь-Эхийн дунд буудлын орчим сууж байгаад нэг шил 0.75 граммын архи уусан бөгөөд би архиндаа согтоод Сансарт ирсэн байсан. Би Чингис зочид буудлын орчим сууж байгаад Хуягаа ахтай утсаар ярьсан юм. Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчим Хуягаа ахтай уулзаад хамт 0.5 граммын архи аваад хамт уусан. Би яг хаана ууснаа санахгүй байна. Би Шөлөндөө хоолны газарт орж хамгаалагчтай нь уулзаж байсан. Би нэг мэдэхэд Хуягаа ахтай барьцалдаж аваад ноцолдоод байх шиг байсан. Би нэг мэдэхэд Хуягаа ахыг доороо хийгээд боогоод дарсан байсан. Би Хуягаа ахыг байна гэж таниад шууд боссон. Би цааш ганцаар явж замын хажууд сууж байхад манай найз ирээд намайг аваад явсан гэх мэдүүдэг /хх-ийн 11-12 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Д.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Бгийн иргэн Г.Хуягбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Хуягбаатар нь баримтаар нэхэмжилсэн хохирол хавтаст хэрэгт авагдаагүй мөн шүүхээс шүүх хуралдааны товийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралд хуралд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

 

Мөн шүүгдэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1059 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн болох нь шүүгдэгчээс шүүхийн шатанд гаргаж өгсөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.17-ны өдрийн 962 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ