| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1288/Э |
| Дугаар | 1312 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 1312
2019 08 21 2019/ШЦТ/1312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Б З яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04426 1704 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эв” нэртэй зочид буудлын гадаа иргэн Б.Батцэнгэлийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: Би Батцэнгэл ахыг зодсон нь үнэн. Хохиролд 2.000.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батцэнгэлийн өгсөн: ...2019.07.23-ны өдөр би найз болох Сэрдамба болон түүний найз Бат-Оргил, тэгээд 20-22 насны 3 эмэгтэй, 19-22 насны 3 эрэгтэй нийлээд есүүлээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 цагийн үед 2,5 литрийн пиво 2 ширхэг, 0,75 литрийн Соёрхол архи 1 шилийг хувааж ууцгаасан. Тэгээд тухайн газраас хөдлөөд “Эв” гэх нэртэй зочид буудалд 3 ортой өрөө аваад бүгдээрээ орцгоосон. Тухайн буудалд 0,75 литрийн “Хараа” архи 2 шилийг, 0,75 литрийн “Ерөөл” архи нэг шилийг хувааж ууцгаагаад бүгд нилээн согтоцгоосон. Тэгээд би тухайн буудлын өрөөн дотор сууж байхад шөвгөр царайтай туранхай залуу миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд би хойшоогоо савж унаад ухаан ороод сэрсэн. Тэгээд шууд буудлын өрөөнөөс гараад буудлын үүдэнд Сэрдамба найзыгаа хайж очсон. Сэрдамбыг буудлын үүдэнд зогсож байхад нь явж очиход хамт зогсож байсан хар савхитай З гэх залуу миний баруун нүд рүү баруун гараараа 3 удаа цохисон. Тэгэхэд миний нүд хавдаад толгой эргээд байхаар нь машиндаа ороод унтсан. Маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний зүүн нүд хавдсан, зүүн чих хавдаж хөхөрсөн, толгой эргээд өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9145 дугаартай шинжээчийн:
1. Б.Батцэнгэлийн биед баруун нүдний ухархайн дээд, дотор ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.З: Би хохирогч Б.Батцэнгэлийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эв” зочид буудлын гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Батцэнгэлтэй маргалдаж баруун нүд хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохиж гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.З иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 14, 15, 18 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эв” нэртэй зочид буудлын гадаа иргэн Б.Батцэнгэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, Б.Батцэнгэл нь хохирол төлбөрт 2.000.000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.З холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 27-28 дугаар тал/
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эв” нэртэй зочид буудлын гадаа иргэн Б.Батцэнгэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батцэнгэл, яллагдагчаар өгсөн Б.З нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9145 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Батцэнгэл нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, Б.З нь 2.000.000 төгрөг төлж барагдуулсан байна. /хх-ийн 27, 28 дугаар тал/
Хохирогч Б.Батцэнгэл нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б З 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Батцэнгэл нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ