| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1760/Э |
| Дугаар | 1781 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г. Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1781
2019 11 25 2019/ШЦТ/1781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цд холбогдох эрүүгийн 1906 05019 2601 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хайлааст 19-440 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, хөнгөн ялын заримыг хүнд ялд багтааж, зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Э.Ц,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Түмэнжаргалын эзэмшилийн 14-55 ӨМЭ улсын дугаартай Ниссан Эдван маркийн автомашиныг зохиомол байдлыг зориудаар бий болгон залилаж нийт 9.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э.Ц нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:
... Мэндээ ахад машин засах хүн байна уу гэж асуухад Э.Ц гэх хүн рүү яриад засуулахаар болоод Э.Ц улиастайгаас машин ирж авсан гэсэн. Тэгээд Э.Ц 08 дугаар 06-ны өдөр урьдчилгаа засварын мөнгө гэж 1.350.000 төгрөг Мэндээ ахаас нэхэд би тэр мөнгийг нь дүү Золзаяагийн дансанд хийгээд дүү мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь 08 дугаар сарын 16-ны үед Э.Ц руу 650.000 төгрөг Э.Цын данс руу шилжүүлсэн юм. 08 дугаар сарын 20-ны өдөр над руу Улаанбаатар хотын нотариотын газраас хүн залгаад 14-55 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн нь мөн үү энэ машиныг зарна гээд хүн яваад байна гэж хэлэхээр нь би засуулах гэж хүнд өгсөн юм зарахгүй гэж хэлсэн. Тэгээд Э.Ц руу Мэндээ ах ярихад утсаа авахгүй байсан. Мэндээ ах бид хэд Улаанбаатар хотод ирээд Э.Цын гэрт очиход Э.Ц гэртээ байхгүй, эмээ, өвөө хоёр нь байсан бөгөөд хөдөө явсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрч Б.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
... Э.Ц руу залгаад чамд таньдаг засварын газар байна уу гэж асуухад манай нэг найз засварт байдаг юм тэр янзлаад өгч болно гэж байна гэхээр нь тэгвэл янзлуулаад өг гэж хэлсэн. 14-55 ӨМЭ улсын дугаартай машин Улаанбаатар хотод Улиастайд айлын хашаанд авчирж буулгасан байсан. 08 дугаар сарын 05-нд байх Э.Ц Улиастайд айлын хашаанаас ирээд засуулах машиныг чинь засварт өгчихлөө 1.200.000 төгрөгөөр засна гэж байна. Сэлбэгээ өөрөө аваад өг гэж байна гэсэн. Урьдчилгаа засварын 50 хувийг нь өг бас сэлбэг авах мөнгөө явуулчих гэхээр нь би Т.Түмэнжаргалд хэлхэд Т.Түмэнжаргал дүү Золзаяаруугаа хэлээд Э.Цын хаан банкны данс руу 1.350.000 төгрөг шилжүүлсэн. 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Ц надруу залгаад машин чинь засвараас гарах гэж байна би унаад очье, засварын мөнгө гялс шилжүүл гэхээр нь 650.000 төгрөг шилжүүлсэн. 08 дугаар сарын 20-ны өдөр байх аа Түмэнжаргал руу нотариатын хүн залгаж энэ машиныг зарах гээд байна. Зарах юм уу гэж асуусан гэсэн. Маргааш нь бид нар ирээд Э.Цын гэрт очиход тэрээр урагшаа гараад явчихсан, машин ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн тул цагдаагийн байгуулагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
... Э.Ц Маккаво явахад мөнгө хэрэгтэй талаар яриж байгаад надад манай найзын машин байгаа энийг яаж ийж байгаад зараад хямдхан өгчихөөр байна 3 орчим саяар өгчихмөөр байна гэж ярьсан. Би зарчихаад найздаа буцаагаад дараа нь орж ирсэн машин аваад өгчихнө гэж хэлсэн. 2 хоногийн дараа би дараа би Э.Цын гэрт очиж үзээд зургыг нь авсан, эзэн нь хаана байгаа талаар асуухад Улиастайд байдаг гэж хэлсэн ба эзэмшигчийн нэр нь манай найзын эхнэрийн нэр дээр байдаг юм. Эхнэр нь гадаадад байгаа гэж хэлж байсан. Чи энэ машиныг зарж болох юм уу гэж би асуухад болно болно, чамд ямар нэгэн хамаа байхгүй гэсэн. ... Э.Цтай яриад энэ машины эзэн нь хөдөө байдаг хүн байна шдээ гэхэд би одоо залгаад эзэнд нь хэлчихнэ. Би урд зардал мөнгөгүй байна гялс зараад над руу мөнгийг нь явуулчих гэхээр нь 900.000 төгрөгөнд зараад мөнгийг нь Э.Цын данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/
-14-55 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, даатгалын гэрээ зэрэг эд зүйлийг хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрчилгээ, гэрээнүүдийн хуулбар /хх-ийн 8-9, 19-21, 32/
-Э.Цын эхнэр Т.Золзаяагийн дансны хуулга /хх-ийн 10-11/
-тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх-14-17/
-Э.Цын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-40/
-хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45/
Шүүгдэгч Э.Цын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 03 бил үү 04-ны өдөр Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцсийн зүүн талаас айлын хашаанаас ниссан адван маркын, цагаан өнгийн Өмнөговь аймгийн дугаартай ар тал нь чихэгдсэн байсан автомашиныг асаагаад өөрөөр нь унаад шууд хайлаастад байх гэрийнхээ хашаанд аваачиж тавьсан. Мэндээ гэх танил уг автомашиныг засаад өг гэж хэлсэн. Найз Мөнхөөгийн засварын газар очиход чи сэлбэгээ авчих 1,2 сая төгрөгөөр засаад өгье гэж хэлсэн. Тэгээд би тэндээс техникийн зах гарч сэлбэгний үнэнийг сонирхосон. Хойд багажны хаалга, хажуу талын цонхны шил, бөгсний гэрэл нийлээд 600 мянга орчим болж байсан. Засварын хөлс урьдчилгаа 50 хувийг авна гээд 600 орчим мянган төгрөг болж байсан. 08 дугаар сарын 06-ны өдөр би үнэ ханшийг Мэндээрүү ярьж хэлхэд Мэндээ миний хаан банкны 5041408540 тоот дансруу 1,350,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөр нь хойд багажны хаалга 350,000 төгрөг, хажуу талын хаалганы шил 120,000 төгрөг, бөгсний гэрлийг 130,000 бил үү 150,000 орчим төгрөгөөр худалдан авсан. Тэгээд сэлбэгээ аваад гэртээ аваачаад машин дотор нь хийчихсэн. Маргааш нь засварт өгөхөөр ярьчихсан байсан. Тэр өдөр манай гэрт Оросоо гэх найз ирээд бид хоёр архи уусан. Оросоо бид хоёр Мокково явах ажилтай болсон. Мөнгө байхгүй байсан болхоор яаж явах талаар бодож байгаад Мэндээгийн өгсөн 1,350,000 төгөргөөс засварт урьдчилгаа өгөх 600,000 төгрөг байсаныг зардалдаа ашиглахаар болсон. Макковоо явахад 3 сая төгрөг хэрэг болоод байсан. Мөнгө олдохгүй байсан болхоор Мэндээгийн засуулах гэж үлдээсэн автоамшиныг нэрийг нь шилжүүлэхгүй барьцаанд үлдээх санаа гарч танил Батукатай яриад манай найзын машин надад байна. Манай найз Өмнөговь аймагт байгаа. Энэ машины нэр эхнэрийнх нь нэр дээр байдаг гэсэн. Эхнэр нь Солонгост байгаа манай найз энэ машиныг зарж болно чи өөрөө мэд, буцаад хотод ирчихээд авч өгөөрэй гэж хэлсэн. Чамд энэ машиныг түр зуур барьцаанд авах хүн байгаа юу гэж асуухад, би сайн мэдэхгүй байна. Хүнээс асуугаад өгье гэж хэлсэн. Манай гэрт ирээд машины зургыг нь аваад явсан. Батукад чи өөрийнхөө машингыг тавиад 1,5 сая төгрөг надад зээлчих, би 10 хоногийн дараа ирээд өгье гэж хэлсэн. Мөн барьцаанд нь зусланд байгаа газраа өгье гэж хэлсэн чинь Батукагийн унадаг машин нь өөрийнх нь нэр дээр биш байсан болхоор болохгүй байсан. би 08 дугаар сарын 19-ны өдөр явхаар болоод Батукаруу яриад ирээд машин аваад үлд чи миний араас мөнгө явуулчих энэ машиныг зарчих гэж хэлсэн. Батука 16 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд машиныг унаад явсан. Би 19-ний өдөр 19 цаг орчмын үед эхнэр Э.Золзаяа хүүхэд З.Хос-Эрдэнэ /эр.4н/, мөн Оросоо бид хэд Улаанбаатар хотоос Замын үүдрүү таксигаар явсан. Замын үүдээр хипээр гараад Эрээнд байхад буюу 08 дугаар сарын 20-ны өдөр Батука надруу залгаад энэ машины эзэн нь Солонгос улсад биш Өмнөговь аймагт байгаа юм байна ш дээ сая нотариатоор орсон чинь тэгж хэлж байна. Чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлхэд, би манай найзын машин, намайг зарж болно гэж хэлсэн юм чи ямар нэгэн аргаар ч хамаагүй зарчих гэж хэлсэн. Үдээш хойш оройхон 17:00-18:00 цагийн үед Батука залгаад нэг хүн 900,00 төгрөгөөр авья гэнээ 1 сая ч хүрэхгүй байна гэхээр нь би өгчих өгчих гэж хэлсэн. Удалгүй би Батукаруу өөрийн хаан банкны дансаа мессежээр явуулсан. 20-ны өдрөө Батука надруу 900,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Э.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90/, хохирогч Т.Түмэнжаргалын “Э.Цаас хохиролоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 93/, шүүгдэгч Э.Цын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /94/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Т.Түмэнжаргалын эзэмшилийн 14-55 ӨМЭ улсын дугаартай Ниссан Эдван маркийн автомашиныг засварлуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө авч улмаар худалдан борлуулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Э.Ц нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Э.Цыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Т.Түмэнжаргалд учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, уг баримтад хохиролыг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Э.Цд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Цыг зохиомол байдлыг зориудаар бий болгож зэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдаг хоригдсог хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ