Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1441

 

 

 

 

 

 

 

  2019        09         13                                  2019/ШЦТ/1441

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.С д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03903 1672 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.С

Холбогдсон хэргийн талаар:

Х.С нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн төв байрны коридор дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Мөнхзулыг усны саваар нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: Болсон явдлаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Мөнхзулын өгсөн: ...Тухайн өдөр гэртээ байж байтал манай эгч Х.С  залгаад “гэрт байсан ус буцалгагч түмпэн шанага хулгайлаад аваад явсан байна, авсан юмаа авч ирж өг” гэж залгасан. Нөхрийн дунд эгч мөн залгаад та 2 айлын юм хум аваад явсан юм биш үү, аваачиж өг гэж хэлсэн. Нөхөр бид 2 Х.С  эгчийн гэр болох 16 дугаар хороололд өдрийн 11 цагийн орчим очсон. Гэрт нь ороход Х.С  эгч хамтран амьдрагч Үүрцайхтайгаа архи ууж байсан. Бид 2 юу болсон талаар асуухад урдаас нөхөртэйгээ бид 2 руу уурлаад хамаг юм аваад явчихсан байна гээд байсан. Х.С  манай нөхөр Мөнхбаярыг зүүн хацар руу нь 3-4 удаа алгадсан. Түүний хамтран амьдрагч Үүрцайх манай нөхрийг заамдаж аваад түлхэлцээд байсан. Би боль гээд дундуур нь ороод салгаад юу, юу алга болсон юм гэхэд гал тогооны шүүгээ нээгээд энэ дотор ус буцалгагч түмпэн сав бүгд байхгүй байна гэхээр нь би түүн рүү дөхөөд очиход миний хацар руу алгадаад авахаар нь би цээж рүү нь та болиоч гэж түлхэхэд түүний хамтран амьдрагч дундуур орж ирээд тэр 2 хоёулаа намайг заамдаад автал би цаашаа түлхэх гэхэд гарт зүүсэн миний бөгж Х.С ийн үсэнд орооцолдсон. Тэгээд нөхөр бид 2 гараад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа 10 минут болоод ирсэн. Тэгээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн, тэгээд орж мэдүүлэг өгөөд цагдаагийн хэлтсийн үүдэнд хүлээлгийн танхим болон байцаагчийн өрөөнд байж байх явцад намайг 3 эгчтэйгээ Дарь-Эхэд биеэ үнэлдэг, танай охиныг би аавгүй болгоно чамтай адилхан өнчин өрөөсөн болно, чиний аав үхсэн, миний охидын аав амьд, тэрэнтэй адил охиныг чинь тийм болгоно гэх мэтээр доромжилсон. Ядуу зүдүү амьдралтай гэсэн. Тэгээд ус хийгээд ууж явдаг саваараа миний зүүн талын хацар, шанаа руу маш хүчтэй цохиод автал хажууд байсан цагдаа энэ хүнийг гарга гэж хэлсэн. Тэгээд би шүүх эмнэлгийн бичиг авч очоод үзүүлсэн. Цээж цус хуралттай, зүүн шанаа хацар хөхөрч няцарсан байсан. Сорвины том болон өвчин намдаах эм ууж тархи хөдөлсөн байсан учир ээжээрээ толгойгоо бариулсан. Эмчилгээний зардалд 10.000-20.000 төгрөг гарсан байх. Баримт нь байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Мөнхбаярын өгсөн: ...тэгээд би амарч байсан учир гэрт нь эхнэрийн хамт яваад очиход Х.С  эгч хамтран амьдрагч Үүрцайх, түүний садан гээд 1 ах нийлээд тэр 3 архи ууж байсан. Би эгчээс юу болсон гэж хэлэхийн завдалгүй намайг хэд хэд алгадаад авсан. Та яагаад намайг алгадаж байгаа юм гэхэд би дүүгээ зодох эрхтэй гэж хэлээд над руу дайрсан. Тэр үед эхнэр гал тогоо руу нь ойртоод алга болсон гэх зүйлүүдийн зааж өгөх гэтэл эхнэрийг алгадсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэтэл Үүрцайх нь намайг боогоод хэсэг зууралдаж байгаад салаад бид гэрээс нь гараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд хэлтэс дээр ирээд бид мэдүүлэг өгөөд байж байтал хэлтсийн үүдэнд Х.С  эгч ууж явсан усны саваараа манай эхнэр Мөнхзулын зүүн хацар руу нь цохиод авсан. Тэгээд цохиулчихлаа гэж байцаагч руу ороход шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг өгөөд тэр даруйдаа очиж үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Түвшинжаргалын өгсөн: ...Тэгэхээр нь би тухайн 2 эмэгтэйд “би хүнээс мэдүүлэг авч байна, энэ хүний дараа ороод ир, хүлээлгийн танхимд өргөдлөө бичээд байж бай” гэж хэлээд гаргасан. Тэгээд 5 орчим минутын дараа гадаа зааланд эмэгтэй хүмүүс орилолдоод байхаар нь өрөөнөөс гараад хартал тухайн 2 эмэгтэй хоорондоо маргалдаж байснаа эгч гэх эмэгтэй нь тухайн дүү гэх эмэгтэй рүү чиглүүлээд гартаа барьсан усны саваа шидэж байсан. Тухайн хүний хаана оносон талаар мэдэхгүй, цээжнээс дээд хэсэгт оносон байж магадгүй. Усны сав нь газар унаад ус нь асгарсан. Би тухайн эгч гэх эмэгтэйг нь тайвшруулж сандал дээр суулгасан. Тэгээд Мөнхзул гэх дүүгээс нь мэдүүлэг аваад хоёуланд нь шинжээч томилж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7541 дугаартай шинжээчийн:

1. Г.Мөнхзулын биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

- Шүүгдэгч Х-Сн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27, 28, 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Х.С нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн төв байрны коридор дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.Мөнхзулыг усны саваар нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Мөнхзул, гэрч Х.Мөнхбаяр, Б.Түвшинжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7541 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Х.С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Мөнхзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хохирогчоор өгсөн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцсан тэмдэглэлдээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Х.С ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 12-14, 64 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Х.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.С нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн болох нь ял шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 41/18196 тоот албан бичигт дурдсанаар Х.С нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг торгох ялыг бүрэн биелүүлсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн боловч 7.000.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байна. /хх-ийн 66 дугаар тал/

Иймд Х.Х.С д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус  тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.С ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Х.С д оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Х.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ