Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00025

 

Б.Наранболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0124/Э/

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл

Хохирогч: Г.Пунцагбалжир

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 7 дугаар сарын 27-ны  өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Наранболдод холбогдох 201722000078 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржгон овогт Балганы Наранболд, 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй /Регистрийн дугаар  РЭ77123171/.

Шүүгдэгч Б.Наранболд нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Баяннуур захын орчимд согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Пунцагбалжирын цээжний ар дээд хэсэгт хайчаар хатгаж улмаар цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, цээжний зүүн ар дээд хэсгийн хатгагдсан, зүсэгдсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Боржгон Балганы Наранболдыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Балганы Наранболдыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Наранболдоос 1.390.663 /нэг сая гурван зуун ерэн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Пунцагбалжирт олгож, хохирогч Г.Пунцагбалжир нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Б.Наранболдоос нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн 201722000078 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Наранболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Пунцагбалжир давж заалдах гомдолдоо:... Шүүх хүнд гэмт хэрэг үйлдсэн Б.Наранболдын гэмт хэрэг үйлдсэн гэм буруут уйлдэлд тохирсон зүйлчлэлээр ял оногдуулаагүй ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг хэрэглэн хүний биед олон тооны шарх гэмтэл учруулан хүнд гэмтэл учруулсан, хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч гомдолтой байгаа зэргийг анхааран үзэж ял шийтгэл оногдуулсангүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нъ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна. ...Иймд Б. Наранболдын үйлдсэн гэм буруут үйлдэлд тохирсон зүйлчлэл болох 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11,2.4 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж түүнд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Ялтан Б.Наранболд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ... Хохирогч Г.Пунцагбалжиртай өөрийн төрсөн эгч Наранцэцэг, эхнэр Хулан нарын хамт удаа дараа уулзаж, уучлал гуйж биеийн байдлыг эмч сувилагч нараас асууж байсан ба хувиараа уулзахад эхлээд 40 сая төгрөг өг гэж шаардаж байснаа дараа уулзахад 20 сая төгрөг бэлнээр өг гэж шаардсан. Би Г.Пунцагбалжирт  9 дүгээр хороонд байрлах хашаа, өвлийн дүнзэн байшинг, портер машины хамт өгч хохирлыг чинь барагдуулъя гэсэн санал тавихад хэсэг хугацааны дараа унаж яваа Ланд-80 машинаа миний нэр дээр шилжүүл гэж шаардаж байсан, энэ нь боломжгүй тул хохирогчийн шүүхэд өгч нэхэмжилж, хохирлын нотолж тогтоогдсон хэмжээг төлөхөөр шийдсэн юм.  Ингээд 2017 оны 07 дугаар сарын 26-нд 1,500,000 төгрөгийг, шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор тогтоогдсон 2,890,663 төгрөгийн үлдэгдэл болох 1,390,663 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 21-нд тус тус Г.Пунцагбалжирт өгсөн болно.

... Хохирогч Г.Пунцагбалжирт цаашид санасан өс хонзон байхгүй ба үйлдсэн хэрэгтээ гэмшиж, ял шийтгэлээ барагдуулахаар ажиллаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Наранболд нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Баяннуур захын орчимд согтуурсан үедээ хайч хэрэглэн хохирогч Г.Пунцагбалжирын биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх Б.Наранболдод холбогдох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотлоогүй байхад  хэргийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул хохирогчийн “гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй, тохирох ял шийтгэл оногдуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Наранболдод урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогч Г.Пунцагбалжирын давж заалдах  гомдлыг хүлээн авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                    ШҮҮГЧИД                                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                               Б.СОСОРБАРАМ