| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2017/0025/З |
| Дугаар | 111/ШШ2017/0030 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 111/ШШ2017/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Бын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2006 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* ******* нь 1984 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр арван жилийг төгсөөд Баянхонгор аймгийн Барилга, техник, мэргэжлийн сургуулийг 1986 онд төгссөн. Ингээд жолооны курсэд суралцан “В, С” ангиллаар жолоочийн мэргэжил эзэмшээд хилийн цэрэгт 1987-1989 онд цэргийн алба хааж ирээд 1990 онд Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн автобаазад жолоочоор 1992 он хүртэл ажилласан. Ингээд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст “Хэв журмын эргүүл постын цагдаа” гэх ажилд 1993 онд орж ажилласан юм. Үүнээс хойш тус албанд тасралтгүй 13 жил ажиллахдаа “эргүүл постын цагдаа”, “санхүүгийн албанд цагдаа жолооч” гэх ажлуудыг хийж байгаад 2006 онд биеийн эрүүл мэндийн байдлаас болж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Учир нь 2005 онд миний бие өвдөж оношлуулахад элэг үрэвсээд томорсон гэх оноштойгоор 2005 оны 3 сараас 6 сар хүртэл эмнэлэгт тасралтгүй хэвтэж эмчлүүлж байгаад улмаар хот руу цэргийн госпиталд очиж хэвтэж эмчлүүлсэн. Үүнээс хойш байнгын эмийн эмчилгээ хийлгэж байсан. Ингээд 2005 оны 8 сараас эхэлж ажилдаа орсон боловч биеийн ерөнхий байдал дээрдэхгүй байсан тул 2006 оны 1 сард амралтаа аваад үргэлжлүүлээд бие өвдөж байсан тул шалтгаанаа хэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгээд ажлаасаа гараад хот явж эмчилгээ хийлгэж, мөн ардын эмчилгээ хийлгэж байсан юм. Тэр үед Цагдаагийн хэлтсээс ажлаас гарсан хүнд холбогдох тушаалыг өөрт нь гардуулан өгдөггүй байсан тул хүсэлтээ өгчихөөд л ажлаасаа гарсан. Улмаар тэтгэврийн нас хүрч хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авахаар хөөцөлдсөн боловч ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал байхгүй байсан юм. Ингээд энэ тушаалаа олж авахаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хандан тушаалын хуулбарыг олж авсан боловч тус тушаалд “Захиргаа аж ахуйн албаны цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ******* ******* энэ оны 03 сарын 13-ны өдрөөс Цагдаагийн байгууллагад дахин авах нөхцөлгүйгээр хүсэлтээр нь халсугай” гэсэн тушаал гаргасан байсныг олж мэдсэн. Энэ тушаалд заасан дахин авах нөхцөлгүйгээр хүсэлтээр нь халсугай гэсэн нь миний тэтгэврээ авах боломжийг хааж тухайн үед болсон үйл баримтаас тэс өөрөөр миний эрхэнд бүдүүлгээр халдсан илт хууль бус тушаал байсан тул тус тушаалыг хүчингүй болгуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт хандсан. Ингээд надад Цагдаагийн ерөнхий газраас ирсэн гэх албан бичгийг аймгийн Цагдаагийн газрын бичиг хэргээс 2017 оны 5 сарын 09-ний өдөр аваад үзэхэд “Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 4 сарын 26-ны өдрийн өргөдлийн хариу гэх албан бичгээр миний өргөдлийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 сарын 22-ны өдрийн 24 тоот албанаас халах тухай тушаал нь бодит байдал нийцэхгүй, утга агуулгын хувьд илэрхий алдаатай, намайг эргэж авах нөхцөлгүйгээр халаад байгаа юм уу, *******ыг эргэж орох нөхцөлгүйгээр халаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаар ажлаас чөлөөлөгсдөн, энэ талаараа хүсэлт өгсөн байхад намайг эргэж орох нөхцөлгүйгээр ажлаас халсугай гэж миний эрхэнд халдсан илт хууль бус тушаал гаргажээ.
Энэ тушаал гарснаар миний төрөөс тэтгэвэр, тэтгэмж авах эрх зөрчигдөж байна. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 02 сарын 22-ны өдрийн тушаал нь илтэд хууль бус тул хүчингүй болгуулах, намайг 2006 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газарт иргэн ******* ******* /*******/ нь 1993-2006 онд ажиллаж байгаад Хэлтсийн даргын 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тушаалаар албанаас халагдсан байна.
Б.Б нь “тухайн үед биеийн эрүүл мэндийн байдлаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байхад намайг Цагдаагийн байгууллагад дахин ажилд авах нөхцөлгүйгээр хүсэлтээр нь халсан шийдвэр гаргаж, миний эрхэнд халдсан илт хууль бус тушаал гаргажээ.” гэсэн үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот тушаалаар Б.Бд ажил тасалсан үндэслэлээр 1 сар 20 хувь цалинг хасах сахилгын шийтгэл ногдуулж, хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зөвлөлийн хурлаар Б.Быг сүүлийн 1 сар ажилдаа ирэхгүй, ажил хийхгүй байгаа талаар асуудлыг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил тасалж, албаны бэлэн байдал хангаж ажиллахгүй байгаа асуудалд зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар 1 сар ажил сайжруулах хугацаатай үүрэг өгч, үр дүнг тооцон, үүргээ биелүүлээгүй нөхцөлд захиргааны санаачилгаар гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын зөвлөлийн хуралд Б.Б нь: надад ажил таслах шаардлага , шалтгаан байхгүй, машинаа засварлаж байсан гэж тайлбар өгч, зөвлөлийн гишүүдээс түүнд байнга ажлаа тасалдаг, албаны бэлэн байдал хангаж ажиллахгүй байгаа талаар анхааруулж, хурлаас хугацаатай үүрэг өгч шийдвэрийн хэрэгжилтийг тооцсон эсэх нь тодорхойгүй, уг тушаалаар Б.Быг өөрийнх нь хүсэлтээр албанаас халсан байна. Мөн тушаалаар Б.Бд ажил сайжруулах талаар өгсөн 1 сарын хугацаатай үүргийг биелүүлээгүй нь албанаас халах шалтгаан болсон байна гэж үзэж болохоор байгаа бөгөөд Б.Б нь албанаас хүсэлтээрээ халагдсан тухайгаа мэдсэн гэж ойлгогдохоор байна. Учир нь түүнтэй “А” серийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, үнэт цаас, хувцас, формын бусад холбогдох тооцоог хийж дуусгасан байна. Б.Б нь 2006 оноос хойш тус Цагдаагийн хэлтс/ газар/-т тооцоотой албан хаагчдын нэрсэд бүртгэлгүй байна.
Дээрх шийдвэрийг баталгаажуулахдаа тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж албанаас халсан тушаалд удирдлага болгосон хуулийн зүйл заалт байхгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.31, 40.2.42, 40.2.43-д заасан шаардлагыг хангаагүй буюу захиргааны актад тавих шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.
Нэхэмжлэлээс үзэхэд Б.Быг ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль бус байсны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй байна.
Б.Б нь тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гараагүй, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх боловч, энэ талаар баримт ЦЕГ-ын Төв архив болон байгууллагын архиваас олдоогүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, 2006 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2006 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах” гэж тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Быг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1993 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Ажилд томилох тухай” 07 дугаар тушаалаар Эргүүлийн постын цагдаагаар томилон, дэд ахлагч цол олгож, 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилох түр томилох тухай” 68 дугаар тушаалаар Аж ахуй, санхүүгийн албанд жолоочоор түр, 1997 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” 28 дугаар тушаалаар жолоочоор тус тус томилон, дэд ахлагч цолтойгоор ажиллуулж байжээ.
Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Албанаас халах тухай” 24 дүгээр тушаалаар Б.Б, ******* нарыг цагдаагийн байгууллагад дахин ажилд авах нөхцөлгүйгээр халсан байна.
Нэхэмжлэгч Б.Б дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг өөрийн “Тэтгэвэр авах” эрхийг хөндсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Учир нь төрийн байгууллага, албан тушаалтны гаргаж буй шийдвэр нь хуульд үндэслэх, үндэслэл бүхий байх шаардлагатай. Б.Бын хүчингүй болгуулахаар маргаж байгаа Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Албанаас халах тухай” 24 дүгээр тушаал нь холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй, Хэлтсийн даргын 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн гэх боловч тийм шийдвэр байхгүй.
Б.Б нь цолтой, энгэрийн тэмдэг, үнэт цаас, хувцас, форм, үнэмлэх эзэмшиж, төрийн тусгай албан хаагчийн статустай ажиллаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн Захиргаа, аж ахуйн албаны цагдаа, жолоочийн албан тушаалаас халах тохиолдолд цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь зохицуулалтын дагуу дуусгавар болгох, чөлөөлөх бол Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдэх боломжтой байсан атал даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийг халсаныг хууль бус гэж дүгнэн Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны актад “...даргын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн...өдрөөр тасалбар болгон...хүсэлтээр нь халсугай” гэж дурдсан боловч Цагдаагийн Ерөнхий газрын төв архив болон Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн архивт нэхэмжлэгч Б.Б-ын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, хувийн хэргийн материал хадгалагдаагүй байх тул шүүх түүний хүсэлтийн дагуу цагдаагийн албанаас чөлөөлсөн, эсхүл халсан бол ямар зөрчил гаргасан гэж үзсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, энэ байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан “Амбулаториар эмчлүүлэгчийн карт”, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн бактерлогийн лабортарийн шинжилгээний хариу, бактериологийн болон биохимийн бусад шинжилгээ, Рентген оношлогоо, нөхөн сэргээх эмчилгээний карт зэрэгт баримтуудаас үзвэл нэхэмжлэгч 2005 оноос хойш эрүүл мэндийн асуудалтай, эмнэлгийн байгууллагаар оношлуулж, эмчлүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нөхцөл байдлыг судлан, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосонтой холбоотойгоор хариуцагч /Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдаж одоо Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар болсон/ Цагдаагийн албаны тухай болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргах, шийдвэрлүүлэх шаардлагатай.
Маргаан бүхий захиргааны актыг 2006 онд гаргасан тул Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийг буцаан хэрэглэж шийдвэр гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. “2006 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон тохиолдолд шүүхээс гарах шийдвэрийн нэг төрөл байхаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд хуульчилсан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Б.Б Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, өөрчлүүлэх, өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргуулах талаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт хандаагүй болохоо шүүх хуралдааны явцад тайлбартаа дурдсан тул захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5б/2144 дүгээр албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэсэн, түүнийг шийдвэрлэсэн шийдвэр байх тул тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад хандан гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалын Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн “2006 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолсон хууль ёсны тушаал гаргахыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН