| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1296/Э |
| Дугаар | 1321 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1321
2019 08 22 2019/ШЦТ/1321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Б Э яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04498 1753 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын нутаг дэвсгэрт буюу Цэндийн гэрт иргэн Д.Гэрэлмаатай маргалдаж, үснээс нь татаж газарт унагааж байгаад нэг гараараа үсдэж байгаад нөгөө гараараа нүүрэн тус газар нь 7-8 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Гэрэлмаагийн өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Гачууртад байдаг хадам ээж Цэндийн гэрт манай нөхрийн ах, дүү нар очиж архи ууцгааж хоноод маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлүүлээд архи ууцгааж байхад би нөхрийн дүү болох Б.Э явалддаг залуугийн талаар хэлэхэд уурлаад намайг алгадсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь бөгсөөрөө сууж босч ирээд намайг үсдээд газар унагааж байгаад нэг гараараа үсдэж байгаад нөгөө гараараа миний нүүр рүү гараараа 7-8 удаа цохисон. Би архи уугаад согтчихсон байсан болохоор эсэргүүцэж чадахгүй зодуулаад газар хэвтэж байсан. Тэгээд Э өөрөө намайг зодохоо больсон. Би босоод ирэхэд миний хамраас цус гарсан, зүүн нүд хавдаад юм харж чадахаа больсон байсан. Намайг уйлаад сууж байхад Э намайг аргадаад байсан. Миний биед учирсан гэмтлийг Э үсдэж байгаад нүүр рүү цохиж учруулсан. Намайг өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Шинжилгээ хийлгэсэн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Одоогоор 160.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Цаашид хэвлийн эход харуулах 250.000 төгрөг шаардлагатай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Батсүхийн өгсөн: ...Тэр өдөр манай эхнэр Э ах, дүү нар Гачууртад байдаг хадам ээж Цэндийн гэрт цуглацгааж идэцгээсэн. Манай эхнэр Э ах Энх-Амгалангийн эхнэр Гэрэлмаа согтчихсон нөхөр рүүгээ дайраад байсан. Тэгэхэд манай эхнэр Э ахыгаа өмөөрөөд Гэрэлмааг болиоч гэж байсан. Тэгээд Гэрэлмаа, Э хоёр гэрээс маргалдаад гарсан бөгөөд гадаа гараад орилолдоод зодолдох шиг чимээ гарахаар нь гэрээс гартал Гэрэлмаа, Э нар бие биенийгээ зуурчихсан газар өнхөрч байсан. Тэгэхээр нь би эхнэр Э аваад Энх-Амгалан эхнэр Гэрэлмааг авч салгасан юм. Тэгсэн Гэрэлмаа би явлаа гээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8966 дугаартай шинжээчийн:
1. Д.Гэрэлмаагийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацрын зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Э: ...Манай төрсөн ах Энх-Амгалангийн эхнэр Гэрэлмаа согтчихсон ахыг цохиод байхаар нь боль гэж хэлснээс болж Гэрэлмаа бид хоёр маргалдсан. Гэрэлмаа над руу дайраад бид 2 гэрээс гараад харилцан үсдэлцэж газар унасан. Тэгээд газар унасан байхдаа Гэрэлмаагийн нүүр рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд манай нөхөр Батсүх, ах Энх-Амгалан нар гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед бүгдээрээ ууж идсэн байсан бөгөөд Гэрэлмаа бид хоёр адилхан согтуу байсан. Гэрэлмаа согтуу ахтай маргаад байхаар нь болиоч гэсэн. Тэрнээс болж Гэрэлмаатай маргалдсан. Өөр ямар нэгэн маргах шалтгаан бид хоёрт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29-31 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын нутаг дэвсгэрт буюу Цэндийн гэрт иргэн Д.Гэрэлмаатай маргалдаж, үснээс нь татаж газарт унагааж байгаад нэг гараараа үсдэж байгаад нөгөө гараараа нүүрэн тус газар нь 7-8 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Д.Гэрэлмаа нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Э холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын нутаг дэвсгэрт буюу Цэндийн гэрт иргэн Д.Гэрэлмаатай маргалдаж, үснээс нь татаж газарт унагааж байгаад нэг гараараа үсдэж байгаад нөгөө гараараа нүүрэн тус газар нь 7-8 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Гэрэлмаа, гэрч Ө.Батсүх, яллагдагчаар өгсөн Б.Энарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8966 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Гэрэлмаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч 400.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 35 дугаар тал/
Хохирогч Д.Гэрэлмаа нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батсүхийн Э 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Д.Гэрэлмаа нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ