| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1442/Э |
| Дугаар | 1471 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 1471
2019 09 20 2019/ШЦТ/1471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00596 0207 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээний орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтанд багтсан “тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 329 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 912 дугаартай шинжээчийн:
1. Г.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Г.Г нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Г.Г нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4. Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Г.Г нь 2019.07.07-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6. Г.Г нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
7. Г.Г т сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8. Г.Г нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Шинжээч эмч О.Баатаржав, Я.Ганхүү, Д.Баттөр гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Г ийн: ...Би 2019 оны 07 дугаар сарын эхээр өөрийн төрсөн эгч Уранбайгалийн найз Болороо гэх хүний Гачууртад байдаг гэрт нь тавилгын ажил хийхээр болоод ажлаа ярих гэж очсон. Тэгээд би Болороо гэх айлд оччихоод буцах замдаа зогсоод шээсэн юм. Тэгтэл тухайн үед миний шээж байсан хашааны хажууд “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис ургасан байсныг олж харсан. Тэгээд би тухайн үедээ хэдэн навчийг нь тасдаж аваад халаасандаа хийсэн. Тэгээд тэр өдөр гэртээ хариад цаасанд ороогоод татаж үзсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн тавилгын ажлаа эхлүүлэхээр Гачууртад байдаг Болороо эгчийн гэрт 12:00 цагийн үед ганцаараа очсон. Тэгээд би Болороо эгчийн гэрт тавилгын ажлаа хийж байгаад орой 18:00-19:00 цагийн үед ажлаа дуусгаад Болороо эгчийнхээс гараад алхаад явж байтал замд нөгөө миний өмнө нь шээсэн хашааны хажууд “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис хэдхэн ширхэг байсан бөгөөд би тэнд байсан өвсийг бүгдийг нь түүж аваад өөрийн үүрч явсан цэнхэр цүнхэнд хийсэн. Тэгээд би “Монгол шилтгээн”-д “Play time” амьд хөгжмийн тоглолт болж байгаа гэж сонсоод тийшээ явсан. “Монгол шилтгээн”-д очоод жаахан юм үзэж сонирхож явж байгаад хашааны гадна уулын орой дээр байдаг сүм шиг хэлбэртэй саравчин дотор очсон. Тоглолтыг дээрээс нь харах гэж тэнд очсон юм. Тэнд очтол өмнө нь надаар шивээс хийлгүүлж байсан Хантүшиг, Энхтүвшин, Нямка буюу Нямжаргал, бас 2 охин байсан. Тэгээд бид нар дөнгөж таараад мэндлээд ойр зуурын юм яриад удаагүй байж байтал цагдаа нар гэнэт гарч ирээд бариад авсан. Би өмнө нь өвсний талаар интернэтээс санаандгүй харж байсан. Тийм учраас өвс гэдгийг нь таниад авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Г ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69, 70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Г нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээний орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II дугаар жагсаалтанд багтсан “тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 329 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Г ийн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Г.Г ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 96.7 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Г нь 1 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсаныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Г т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Г ийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Г.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 нэг хоног саатуулагдсан болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 96.7 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ