| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1712/Э |
| Дугаар | 1811 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1811
2019 12 02 2019/ШЦТ/1811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Амарцэцэг, түүний өмгөөлөгч С.Сувдаа,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903 00949 0432 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дарь-Эхийн хуучин эцэст байрлах хашаанаас “Юу Эн Пи Эм Жи Эл” ХХК-ний эзэмшлийн “Hyandai Mighty” маркийн 19-50 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй жолоодож явахдаа мөн өдрийн 10 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цайз” захын уулзварын замд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө, 3.7 "а"-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), мөн дүрмийн 10.5-д заасан "Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна", мөн 15.7-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай, эмэгтэй Д.Тогоохүүг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
шүүгдэгч Ц.Э нь автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг болон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Амарцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Талийгаач Д.Тогоохүүгийн зээ охин нь би байгаа юм. Иймд би талийгаачтай төрөл садангийн харилцаа холбоотой. 2018 оны 02 дугаар сараас хойш талийгаач Д.Тогоохүү нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд “Монел”-д ганцаараа амьдарч байсан. Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач маань шулуун шудрага, үнэнч, хүнд тусархуу хүн байсан. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар ямар нэгэн хэргийн учир шалгагдаж байсан удаа байхгүй. Эхээс тавуулаа бөгөөд дээрээ нэг эгч, доороо гурван дүүтэй хүн байсан. Уг нь 4 хүүхэдтэй байсан. Одоо эрэгтэй хүүхэд нь бий. Бусад 3 хүүхэд нь өөд болсон юм. Талийгаач архаг хууч өвчингүй. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Алдарт эхийн 2 дугаар одон, бусад медалиудаар шагнагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,
Хохирогч Ж.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн:
Ц.Э нь 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 03 дугаар cap хүртэл манай компанид жолоочоор ажиллаж байгаад Өмнөговь аймагт очиж ажил хийнэ гээд манайхаас гарахдаа ямар нэгэн тооцоогүйгээр гарч явсан. 2019 оны эхээр надтай утсаар холбогдож сайн байна уу эргээд ажилдаа орох гэсэн юмаа орон тоо байна уу гэж асуухаар нь ажил төрөл сайн сайн. Чи надтай ажил дээр ирээд уулз гэж хэлсэн. Тэгтэл энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа Ц.Э нь ажил дээр ирж надтай уулзаж ажилд орох гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг авъя гэж хэлээд жолооны үнэмлэх болон мэргэшсэн үнэмлэхээ аваад ир гэрээ байгуулаад ажилд авъя гэж хэлээд явуулсан юм. Тэгээд мөн энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа ажил дээр ирж манай байгууллагын засварын ажилд туслаад орж гараад л явах болсон. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Ц.Эд 734.500 төгрөгний цалинг өөрийнх нь хэлсэн дансны дугаар руу хийсэн юм. Гэтэл энэ өдрөөс хойш 3 хоног Ц.Э нь ажилдаа ирэхгүй алга болчихсон ба мөн утасны дугаар нь холбогдохгүй байсан. Тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг түр саатуулах 1 журмын хашаан дээрээ явж очтол Ц.Э нь ажил дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь би машинуудаа шалгатал манай ачлагын нэг машины урд гуферыг үндсэн жолооч нь хагалаад хаячихсан болохоор нь үндсэн жолоочийг дуудаж ирүүлээд түүнийг загнаад зогсож байтал Ц.Э нь гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би Ц.Эд чи хэд хоног хаагуур явж байгаад ирсэн юм бэ, та нарын дуртай өдрөө ирээд, дургүй өдрөө яваад өгдөг газар биш ээ гэж хэлээд чи ер нь одоо яв яв чамайг өнөөдрөөс эхлээд ажлуулахгүй гэж хэлчихээд гэрлүүгээ яваад өгсөн юм. Ингээд би 2019 оны 08 дугаар сарын 09-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ сэрээд Ц.Э нь явсан болов уу гэж бодоод өөрийнхөө утаснаас Ц.Эгийн утас руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Гэтэл 10 цаг өнгөрч байхад Ц.Э нь өөрийнхөө утаснаас надруу холбогдож ахаа би Цайзын уулзвар дээр хүн мөрөгчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүе чи яагаад машин унаад явсан байдаг билээ, чи яваагүй байсан юм уу гэж асуухад харин тийм ээ намайг уучлаарай гэж хэлсэн. Ингээд би за за тэгвэл би ослын газар яваад очъё гэж хэлээд машинтай ослын газарт явж очтол саяхан түргэн тусламжийн машин нь тэр эмэгтэй хүнийг аваад явчихсан, би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Харин ослын газарт Ц.Э нь машинтайгаа үлдсэн юм. Би түүнтэй гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Уг нь тэр үедээ би тэрэнд бичиг баримтуудаа авч ирээд гэрээ хэлцэл хийе гэж хэлсэн боловч надад ямар нэгэн бичиг баримт авч ирж өгсөн зүйл байхгүй. Би түүнд машин барих зөвшөөрөл өгөөгүй. Ослын дараа л мэдсэн. Тэрнээс бол өмнө бол мэдээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1737 дугаартай амь хохирогч Д.Тогоохүүгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош:
Талийгаач Дорж овогтой Тогоохүүгийн биед тархины баруун болон зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэн, баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэн, бага тархины баруун болон зүүн тал бөмбөлөгийн аалзан хальсан дорхи цус харвалт, тархины эдийн няцрал, дагз ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн тул дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь ерөнхий судасны хатуурал өвчтэй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний 12 цаг З0 минутанд нас барсан. Талийгаачийн цус нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 10690 тоот өвчний түүхэнд All бүлгийн цустай байна гэжээ. Талийгаач нь эмчлэгдэж байсан тул согтууруулах болон мансууруулах бодис үзэх боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87 тал/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн:
Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, урд дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн ойр, хол дээрээ гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос зогсоогүй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос зогсоогүй нь жолооч тоормос гишгэх үед тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх боломжтой боловч тухайн зам тээврийн осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд урд дугуйн тоормос бүрэн ажиллагаатай, хойд дугуйн тоормос болон зогсоолын тоормос нь тоормосны стенд зогсоохгүй, бүрэн ажиллах чадваргүй байна. Хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос зогсоогүй, зогсоолын тоормос бүрэн ажиллахгүй байна. Шингэн дамжуулгын тоормос нь тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж зам дээр мөр үүснэ. Уг автотээврийн хэрэгслийн спидометр буюу хурд хэмжүүр нь хэвийн ажиллагаатай байна гэх шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 78-81 тал/,
Шүүгдэгч Ц.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 09-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг Дарь-Эхийн хуучин эцсийн хашаанаас би “Юу Эн Пи Жи Эл” ХХК-ний нэр дээр байдаг цагаан өнгийн “Хьюндай Майти” маркийн 19-50 УБВ улсын дугаартай ачигч машиныг авч Шархаднаас нэг суудлын машиныг ачаад “Скай Ресорт” хүргэж өгчихөөд эргэж уг ачигч машинаа буцаагаад хашаанд оруулж тавих гээд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг “Цайз” захын уулзварын замд урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр зүүн гар тийшээгээ эргэж явах үйлдэл хийхэд зөвшөөрөгдсөн ногоон өнгийн гэрэл ассан байсан ба нэвтрээд ортол явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа чиглэлтэй хөгшин эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машины зүүн гар талын толь хэсэгт мөргөгдөж зам дээр унасан юм. Тэгэхээр нь би машинаас бууж очоод тэр эмэгтэй хүнээс биеийн байдлыг нь асуухад ямар нэгэн зүйл ярихгүй байсан ба хамарнаас л цус гараад байсан юм. Ингээд би өөрийнхөө 88904742 гэсэн дутаараас 102, 103-т дуудлага өгсөн. Тэгтэл эхэлж түргэн тусламжийн машин ирж эмч нь бууж тэр эмэгтэй хүнийг үзчихээд гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж хэлээд машиндаа суулгаад авч явсан юм. Үүний дараа цагдаа нар ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэгийг дуусаад, ачигч машиныг маань ачигч машинаар ачуулаад явуулсан юм. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/,
-Гэмт хэрэг гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
-Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-22 тал/,
-Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /23-26 тал/,
-Ц.Эгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт, гэрэл зураг /хх-ийн 27-28 тал/,
-дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 31 тал/,
-цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 32 тал/,
-камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-35 тал/
-амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 123-131 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Хавтаст хэргээс шүүгэдэгч Ц.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 97-100 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэрэгт тусгуулсан хохирол төлбөр бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон гэрчилгээний хуулбар% бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Дарь-Эхийн хуучин эцэст байрлах хашаанаас “Юу Эн Пи Эм Жи Эл” ХХК-ний эзэмшлийн “Hyandai Mighty” маркийн 19-50 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй жолоодож явахдаа мөн өдрийн 10 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цайз” захын уулзварын замд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 66 настай, эмэгтэй Д.Тогоохүүг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Тухайн зам тээврийн осол гархад явган зорчигч, амь хохирогч Д.Тогоохүү нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. Зам тээврийн осол болоход зам орчны байдал нөлөөлөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Эгийн бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн буюу хохирогч Ж.Даваанямын зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн автомашиныг хувьдаа завшиж ашиг олох зорилгогүй байх ба бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Э нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа санаатайгаар бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч яван замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг хайхрамжгүй байдлаар, шууд бус санаатайгаар зөрчиж байгаа нь нийгмийн аюул ихтэй үйлдэл юм.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Арвинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Эг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсан, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй болохоо өөрсдөө илэрхийлсэн болно.
Шүүх шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохиролыг төлж барагдуулсаныг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хэдий хохиролыг төлж барагдуулсан боловч хүний амь нас хохирсон хор уршиг арилаагүй болно.
Шүүгдэгч Ц.Эд ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, нөхцөл, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломж үүсдэггүй учир өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авах боломжгүй юм. Мөн бусдын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, шүүгдэгчийн тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангалттай агуулсан байх тул шүүгдэгч Ц.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Тухайн тээврийн хэрэгслийг авч явах, ажилд явахад нь зөвшөөрөл өгөх эрх бүхий субъект нь хохирогч Ж.Давааням байх ба түүний энэ эрхийг өөр ямар нэгэн этгээд шилжүүлж хэрэгжүүлээгүй байсаныг харгалзаж үзсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба шүүгдэгч Ц.Э нь хэргийн учир 7 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь 6.500.000 төгрөгийн хохиролыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж, өөрийн эзэмшлийн хашаа байшинг шилжүүлж өгсөн, хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тэмдэглэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осолын талаарх бичлэг бүхий плаш диск 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Эг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун хорин таван мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Эг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох хөнгөн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож нийт 35 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 35 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эгийн цагдан хоригдсон долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
7. Хэргийн учир шүүгдэгч Ц.Э нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг плаш дискийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүрбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ