Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1478

 

 

 

 

 

  2019         09         24                                  2019/ШЦТ/1478

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч М.Батмөнх ҮД:18-28,

хохирогч П.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Гт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03539 1822 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.Г

Холбогдсон хэргийн талаар:

М.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 47 дугаар гудамжинд иргэн П.Гантулгатай маргалдан нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж, мөн нүд рүү нь хатгасны улмаас биед нь баруун нүдний нулимсны дээд, доод сувгийн тасрал, баруун дээд, доод зовхинд шарх, баруун хацарт шарх зэрэг эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цаг орчимд би хүүхэдтэйгээ, найзтайгаа дөрвүүлээ нөхрийн эгчийнхээс гараад явсан. Гудамжны өнцөг дээр явж байтал нүүр, ам нь хөхөрсөн эгч гараад ирэхээр нь “Та яагаад дандаа нүүр, ам хөхөрсөн явж байдаг юм бэ? Таны нөхөр биш юм бол яах гэж дандаа зодуулж байдаг юм бэ? гээд юм яриад байж байсан чинь энэ ах араас нь гараад ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэйг түлхээд оруулах гэтэл би “Та яагаад эмэгтэй хүнийг зодоод байгаа юм бэ? Байнгын ингэж зодож, нүдэх юм” гэж хэлсэн чинь “Чамд ямар хамаатай юм бэ? бузар савраа тат” гэх мэтээр намайг доромжилсон. Тэгээд над руу гараа далайхаар нь цохих гэж байна гэж бодоод гарыг нь бариад автал намайг түлхсэн. Би босч ирээд энэ ахын пиджакнаас нь татаад нүүр рүү нь хоёр удаа өшиглөсөн юм. Ийм л зүйл болсон. Тэгээд би маргааш нь гэрт нь очиж уучлалт гуйгаад, тархиных нь зургийг авахуулъя гэж хэлсэн. Гэтэл “чамтай харьцахгүй, би 25 жил прокурор хийсэн хүн, чам шиг юмыг би амаар чинь шороо үмхүүлнэ, ясыг чинь цайлгана” гэсэн. Тэгээд би гэрээс нь гараад шууд цагдаагийн хэлтэст очсон. Тэнд байцаагчтайгаа уулзаад, дараа нь энэ өмгөөлөгч дээр очиж асуудлаа ярьсан юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Гантулга мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний танил эмэгтэй болох Ш.Отгонжаргал манай гэрт нилээн архи уучихсан ирсэн. Тэгээд би тэр хүнийг гэрт нь хүргэж өгөөд байж байтал гэрээсээ гараад явчихсан юм. Тэгэхээр нь бас архи уучихсан хүн элдэв юманд орчих вий гэж бодоод би араас нь гарсан. Гэтэл шүүгдэгч М.Г нэг эрэгтэй хүнтэй нилээн согтуу, хоёулаа гуйвчихсан дээрээс орилж, чарлаад бууж ирсэн. Тэр хоёр хоёулахнаа байсан, өөр хүүхэд тэвэрсэн зүйл ерөөсөө харагдаагүй. Тэгээд Ш.Отгонжаргал бид хоёрын гэртээ орооч гэх мэтээр маргалдаж байгаа дүр зураг ирж яваа хоёр хүний нүдэнд өртсөн бололтой М.Гтэй хамт явж байсан залуу нь эхлээд над дээр тулж ирээд түлхсэн. Тэгээд түлхэлтэнд нь болоод би хойшоо жаахан унах гэтэл тэр залуу М.Гт баруун гараараа нэг төмөр шилжүүлж өгсөн юм. Тэр төмрөөр л нүд рүү хатгачих шиг болсон. Би тэр зүйлийг тухайн үедээ түлхүүр юм болов уу гэж бодсон. Тэгээд нүд час хийгээд явчихсан, өвдөлтийн шок болсон юм уу би тухайн үед юу ч мэдрэхээ байсан. Гэтэл нэг ухаан ороод сэртэл нөгөө Ш.Отгонжаргалын үснээс нь зулгаагаад, хувцаснаас нь зуурчихсан бөөн юм болоод байж байсан. Дараа нь миний нүднээс юм гоожоод байхаар нь нүдний цагаа гоожоод байгаа юм байна гэж бодоод гэртээ хариад, тэндээсээ шууд эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгчийн хэлж байгаачлан муудалцсан асуудал ерөөсөө байхгүй. Шүүгдэгчтэй маргаагүй, үг ч солиогүй. Тэгэхээр энэ хүн тэр эмэгтэй хүний хариуг надаас авах гэсэн юм уу, эсхүл хүн өмөөрөөд уг гэмт хэргийг үйлдчихлээ гэж дүгнэж байна. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч хэрвээ тэр Ш.Отгонжаргалыг өмөөрөөд байсан юм бол яагаад миний дараагаар тэр хүнийгээ бас зодчихсон юм бэ? Ийм учраас шүүгдэгч худлаа яриад байна. Энэ гэмт хэргийн улмаас миний баруун нүдний дээд, доод нулимсны суваг хоёулаа тасарсан байдаг. Уг гэмтэлд цаашид мэс засал хийх шаардлагатай  гэсэн хэдий ч үүнийг Монгол Улсад хийдэггүй юм байна лээ. Гаднаас гадаад эмч нар 5-6 дугаар сарын үед ирж, тус хагалгааг хийх юм шиг байна лээ. Мэдээж үүн дээр тодорхой хэмжээний зардал гарах тул шүүгдэгчээр төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Гантулгын өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17-18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Отгонжаргалыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь орчихоод байж байхад Отгонжаргал гэрээсээ гараад явчихсан. Тэгээд би араас нь гараад хашааны үүдэн дээр очиход согтуу эмэгтэй орилоод хажуу талд 20 гаран насны нэг залуу аваад явж байгаа бололтой сугадаад явж байсан. Тэгтэл согтуу М.Г гэх эмэгтэй /сүүлд нэрийг нь мэдсэн/ орилоод байсан. Тэгээд М.Г гэх эмэгтэй хүнтэй явж байсан 20 гаран насны залуу шууд над дээр биеэрээ тулж ирээд намайг цээж орчим түлхсэн. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Цаашаа М.Гт ямар нэгэн зүйл дамжуулах шиг болсон. Хажуугаас М.Г гэх эмэгтэй нэг зүйлээр баруун нүд рүү хатгасан. Тэгээд баруун нүд час гээд өвдөөд би нүүрээ дараад доошоо суухад М.Г, тухайн 20 орчим насны залуу 2 миний нүүрэн тус газар өшиглөсөн. Нүднээс юм урсаад ирэхээр нь нүдний цагаан гоожчихлоо гэж бодсон. Тэгээд Отгонжаргал салгаад гэрт нь орсон. Нөгөө хүмүүс байхгүй болохоор Отгонжаргалд тухайн хүмүүсийг олох хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Баруун нүдний дээд, доод сувгийн тасралыг эмчилгээг Монголд хийдэггүй юм шиг байна лээ. Гадаад эмч нар ирэхээр хагалгаа хийнэ гэж эмч нар хэлсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Цаашдаа нүд болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Болормаагийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10-11 цагийн орчим манай тог мааслаад утасны цэнэг дууссан байсан учир Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Гийн гэр рүү гар утсаа цэнэглэхээр очсон. Тэгээд М.Г өмнөх өдөр нь найзуудтай төрсөн өдрөө тэмдэглэсэн шөнө ирсэн гээд байж байсан. Би ороод утсаа цэнэглээд сонин сайхан ярьж байсан. Хүү болох Түвшинбаяр ирээд хөдөө ажлаар явах боллоо гээд М.Гээр хувцаснуудаа бэлдүүлсэн. Түвшинбаяр хүн утсаар дуудахыг хүлээгээд байж байсан. Түвшинбаяр Ботаник руу явна гээд М.Г, Түвшинбаяр, бага хүү болох Бумбаарай нарын хамт гэрээс нь гараад алхсан. Гудамжны үзүүрийн хашаанаас нэг эмэгтэй тортой юм барьж гарч ирээд үүдэндээ суугаад уйлаад байсан. М.Г очоод эгч ээ, та яасан бэ гэхэд манай нөхөр намайг зодоод гээд нүд нь улайгаад хөхөрсөн байсан. М.Г эмэгтэй хүнийг яахаараа зоддог юм гээд яриад зогсож байсан. Би бага хүүхдийг нь хөтлөөд зогсож байсан. Тэгтэл нөхөр нь гээд согтуу эрэгтэй хүн гарч ирэхээр нь М.Г та яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм гэж хэлсэн. Нөгөө эрэгтэй хүн муу сайн гуйлгачингууд та нарт ямар хамаатай юм гэж хэлээд М.Гийг түлхсэн. Би хүүхдийг нь хөтлөөд цаашаа явсан. Том хүү Түвшинбаяр нь ирээд М.Гийг татаж босгосон. М.Г босч ирээд тухайн эрэгтэй хүнийг цаашаа өшиглөөд тухайн эрэгтэй хүн хашааны хаалга руу унасан. Уйлаад байсан эмэгтэй нөхрийгөө татаад босгож байсан. Түвшинбаяр М.Гийг боль гэж салгаж авсан. Тэгээд бид нар цаашаа уруудаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Отгонжаргалын өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн16-17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 47-199 тоотын гадна Гантулгыг гаргаж өгөх гээд зогсож байсан. Тэгтэл М.Г гэх эмэгтэй, Түвшинбаяр гэх залуу /сүүлд нэрийг нь мэдсэн/ хүрч ирээд хөөе гээд М.Г нь Гантулгын мөрөн дээрээс татсан. Гантулга чи хүний биед хүрдэг хэн бэ гэж хэлэхэд М.Г Гантулгыг түлхэж унагаасан. Тэгээд М.Г Гантулгыг унасан байхад нь нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Түвшинбаяр хажуу талаас нь Гантулгын нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд Түвшинбаяр гартаа барьсан төмөр иртэй зүйл М.Гт өгөхөд М.Г Гантулгын нүд рүү хатгасан. Гантулгын нүднээс цус гараад тогтохгүй байсан. Тэгтэл цаанаас нэг настайвтар эмэгтэй ирээд юу болсон бэ гээд байсан. Би салгах гээд М.Г миний цээжийг маажаад хувцас ураад дийлдэхгүй байсан. Гантулгыг гэр рүү оруулчихаад нөгөө гурвыг хаашаа орохыг нь харчихаад цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7399 дугаартай шинжээчийн:

1. П.Гантулгын биед баруун нүдний нулимасны дээд доод сувгийн тасрал, баруун дээд доод зовхинд шарх, баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн: ...Уг гэмтлүүд баруун нүдний нулимсны суваг руу хатгах, үзүүр бүхий металл зүйлээр үүсэх боломжтой. Нүдний сувгийн тасрал гэмтлээс шалтгаалан нүд болон хацарт цус хуралт, шарх үүссэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.Гийн: ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10-12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 47 дугаар гудамжинд Болормаа, 17 настай хүү Түвшинбаяр, 6 настай хүү Түвшинжаргалын хамт явж байсан. Манай гудамжинд байдаг Отгонжаргал гэх эмэгтэй нүүр нь хөхөрсөн явж байсан. Юу болсон гэж асуухад манай нөхөр зодоод гэж хэлсэн. Таныг байнга зодох юм гэхэд харин тийм ээ гэж хэлсэн. Тэгээд цаанаас нь нөхөр болох Гантулга гэж хүн гарч ирсэн. Сайн байна уу гэхэд надтай дуугараагүй. Та яагаад эмэгтэй хүнийг байнга зоддог юм гэхэд чамд ямар хамаатай гуйлгачингууд минь гэж хэлсэн. Отгонжаргалыг аваад орох гэхээр нь та ингэж болохгүй шүү дээ нуруунд нь хүрэхэд заваан савраа ав гэж хэлсэн. Тэгээд над руу гараа далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод барьж авах гэтэл намайг түлхэж газар унагаасан. Манай хүү Түвшинбаяр бос гээд намайг татсан. Би босч ирээд Гантулгыг хувцаснаас нь татаад 1 удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгтэл Гантулга нүдээ дараад хая гээд цаашаа явсан. Түвшинбаяр намайг татаж болиулаад цаашаа аваад явсан. Би эргээд харахад Гантулга нүдээ дарсан цус гарсан байсан. Яг хаанаас нь цус гарсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

- Шүүгдэгч М.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн 47 дугаар гудамжинд иргэн П.Гантулгатай маргалдан нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж, мөн нүд рүү нь хатгасны улмаас биед нь баруун нүдний нулимсны дээд, доод сувгийн тасрал, баруун дээд, доод зовхинд шарх, баруун хацарт шарх зэрэг эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Гантулга, гэрч П.Болормаа, Ш.Отгонжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7399 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч П.Гантулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 8000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн боловч шүүгдэгч М.Г 100.000 төгрөгийг шүүх хуралдаанд төлсөн бөгөөд хохирогч П.Гантулга нь гомдолтой, хохирол нэхэмжилнэ гэх боловч баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч М.Гийг одоогоор баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэвч хохирогч П.Гантулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг харгалзан цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гийг 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил  хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Гт оногдуулсан 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч П.Гантулга нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ