Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1329

 

 

 

 

 

 

 

  2019        08         27                                  2019/ШЦТ/1329                                    

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бэсүд овогт Б А яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04368 1794 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-712 тоот хашаанд иргэн А.Насантогтохын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Насантогтохын өгсөн: ... Тэр өдөр манай эгч Насанжаргал 2 хүүхдийнхээ хамт манай гэрт ирсэн байсан бөгөөд би 18 цагийн орчим дэлгүүр орчхоод ирэхэд манай гэрт хадам ах Б.А ирчихсэн Насанжаргалтай хэрүүл хийгээд байж байсан. Би ямар учраас тэр хоёр хэрэлдсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би А, Насанжаргал нарыг гэрт хэрүүл хийлээ гарч хэрүүлээ хий гэж хэлээд тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Тэр хоёр хашаан дотор хэрэлдээд А өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн шилийг хагалсан. Намайг гэрээс гарахад А чулуу барьчихсан машиныхаа шилийг хагалах гээд байж байсан. Би А машиных нь шилийг хагалуулахгүй гэж зууралдаад байж байхад хашааны гадна цагдаагийн машин ирж байсан бөгөөд А цагдаа хараад зугтаахдаа миний хамар луу тохойгоороо цохичихсон. Тэгэхэд миний хамар далийчихсан байсан, би хамраа нэгдүгээр эмнэлэгт очиж тэгшлүүлсэн. А архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан. Насанжаргал, Насантогтох бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. А миний хамар луу нэг удаа тохойгоороо цохиж миний хамрыг гэмтээсэн. Өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би Амашины шилээ хагалах гээд чулуу бариад дайраад байхаар нь болиулах гэж байсан юм. Би А маргалдаж, хэрэглдсэн зүйл байхгүй. А, Насанжаргал нар хоорондоо хэрэлдэж байсан. Намайг харж байхад А Насанжаргалыг цохиж зодсон зүйл байхгүй. Ер нь А гэр орондоо агсам согтуу тавьдаг, эхнэрээ зоддог эсэхийг тусдаа амьдардаг болохоор мэдэхгүй байна. Би А ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. А миний хамрын эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан. Би 120.000 төгрөгөөр хамраа тэгшлүүлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Насанжаргалын өгсөн: ... Би тэр өдөр төрсөн дүү Насантогтохын Баянзүрх дүүргийн 12-р хороонд байх гэрт 2 хүүхдээ өглөө очиж үлдээчихээд хүүхдүүдээ авахаар 18 цагийн орчим очоод байж байсан. Тэгсэн манай нөхөр Б.А 20 цагин орчим Насантогтохын гэрт согтуу ирсэн бөгөөд унтаж байсан 9 настай хүүхдээ явъя гээд мөрнөөс нь татсан чинь манай хүү нойрондоо болоод уйлсан. Би яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм бэ гэж нөхөртэйгөө маргалдсан. Бидний маргалдаж байхад дүү Насантогтох гэрт хэрүүл хийлээ гарцгаа гэхээр нь нөхөр бид хоёр гэрээс нь гараад хашаанд нь маргалдаад байж байтал  нөхөр А чулуугаар машиныхаа багажны шилийг цохиод хагалчихсан. Тэгэхээр нь би нөхөр согтуу агсам тавиад машиныхаа шилийг хагалчихлаа гээд цагдаа дуудчихаад байж байсан чинь Ар гарч явах гээд Насантогтох бид хоёр Аг явуулахгүй гээд хоёр талаас нь зуураад байж байхад хашааны гадаа цагдаагийн машин ирсэн чинь А зугтах гэж байгаад Насантогтохын хамар луу гараараа цохичихсон. А цагдаа авч яваад эрүүлжүүлсэн. А нэлээд согтолттой байсан. А Насантогтохыг яаж цохисныг хараагүй, ямар ч гэсэн зууралдаж байгаад цохигдсон байх. Тэгээд Насантогтох бид хоёр гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Намайг цохиж зодсон зүйл байхгүй.  Хүү Ханхүүг унтаж байхад нь явъя гээд мөрнөөс нь татаж сэрээснээс өөр зүйл болоогүй. Аархи уучихсан байсан болохоор маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.А: ... Би 2019 оны 7 сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх хадам дүү А.Насантогтохын гэрт 20 цагийн орчим эхнэр хүүхдээ авахаар очсон. Би Насантогтохын гэрт очихдоо архи уучихсан согтуу байсан. Тэгээд эхнэр Насанжаргалтай хүүхдээсээ болоод маргалдсан. Дүү Насантогтох гаднаас орж ирээд гэрт хэрүүл хийлээ гарч хийцгээ гээд хашаан дотор маргаж байх үедээ эхнэртээ уурлаад өөрийн машины шилийг хагалчихсан юм. Тэгсэн эхнэр цагдаа дуудчихсан юм байна лээ тэгээд цагдаа хашааны гадаа ирэх үед эхнэр Насанжаргал, хадам дүү Насантогтох нар намайг явуулахгүй гээд зуураад цагдаад барьж өгөх гээд бйсан. Тэгэхээр нь цагдаад баригдчихвал эрүүлжүүлчих байх гэж бодоод явах гэсэн явуулахгүй болохоор нь Насантогтохыг цохиод зугтаасан юм. Тэгээд цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд орсон. Би дунд зэргийн согтолттой байсан. Эхнэр Насанжаргалыг цохиж, зодсон юм байхгүй. Би Насантогтохыг цохиж хамрыг нь гэмтээсэн. Надаас өөр Насантогтохыг цохисон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар  сарын 18-ны өдрийн 8512 дугаартай шинжээчийн:

            1. А.Насантогтохын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.А иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 38 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-712 тоот хашаанд иргэн А.Насантогтохын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч А.Насантогтох нь эмчилгээний зардлыг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.А холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-712 тоот хашаанд иргэн А.Насантогтохын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Насантогтох, яллагдагчаар өгсөн Б.А, гэрч А.Насанжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8512 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч А.Насантогтох нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг  одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 45 дугаар тал/

         Хохирогч А.Насантогтох нь  энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох  бичгийн нотлох  баримтаа  бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.А нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 38, 39-42 дугаар тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар прокурор шүүгдэгч Б.А 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг тохиролцон ялын саналыг шүүх хуралдаанд тавьж байх боловч шүүгдэгч Б.Ариунболдод оногдуулах эрүүгийн хариуцлага тохироогүй байна.

Б.Ариунболд урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн атлаа дахин гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан энэ гэмт үйлдэлд нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Бэсүд овогт Б А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б А 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Хохирогч А.Насантогтох нь энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ