Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1479

 

 

 

 

 

 

 

 

  2019        09         24                                  2019/ШЦТ/1479

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч У.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У.Х т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04872 1899 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, У.Х

Холбогдсон хэргийн талаар:

У.Х нь 2019 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 71 дүгээр байрны 12 тоотод Б.Баярмаатай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Х мэдүүлэхдээ: Бид гурав  солонгос хэлний шалгалт өгчихөөд гурвуулаа гарах уу, нэг газар сууцгаах уу гээд “Номин”-гийн ард талын цэцэрлэгт очиж, хоёр хоёр шил пиво уусан. Дараа нь Ууганзаяагийн дэлгүүрийн тэнд очиж бас хоёр хоёр пиво уугаад, сүүлд нь .Ууганзаяагийнд очсон. Тэгээд тэнд хоорондоо инээлдээд сууж байтал Баярмаа “би нөхөртэйгөө 60, 70 нас хүртлээ цуг амьдарна” гэхээр нь би “Үгүй” гээд хэлчихсэн чинь миний өөдөөс гурван лааз пиво аваад шидсэн. Тэгээд босч ирээд намайг алгадаад, үсдээд унагаасан. Миний хувьд хариу үйлдэл хийгээгүй. Дараа нь  Ууганзаяаг тамхи татах гээд гараад явсан хойгуур Баярмаа намайг бас алгадаад үсдсэн. Тэгэхээр нь би бас адилхан үсдэлцсэн. Тэгээд н.Ууганзаяа орж ирж салгаад Баярмаа цагдаад мэдэгдсэн байсан. Ийм л зүйл болсон гэв.     

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баярмаагийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би найз У.Х , Ууганзаяа нартай Солонгос хэлний шалгалт өгсөн. Тэгээд шалгалтаа өгч дуусаад бид 3 нэг газар орж пиво уухаар болж хэд хэдэн газар очиж пиво уусан. Тэгж байхад Ууганзаяа нь манай гэрт очъё гээд Өгөөмөр хотхонд очсон. Бид нар дахиж пивоо уусан. Тэгээд бид нар сууж байхад У.Х  нь намайг чи нөхөртэйгээ удаан амьдрахгүй гэж доромжилсон болохоор уур хүрээд ширээн дээр байсан 0.5 литрийн лаазтай пиво 3 ширхэгийг шидэх үед У.Х ийг онолгүй цаад талын хана оносон. Тэгээд босч бид нэгнийхээ үснээс зулгааж хумсаараа миний зүүн талын чих рүү хийж сэтэлж бид 2 нэгнийхээ үснээс зулгаасан чигтээ хана мөргөж газар унасан. Тэгж байхад Ууганзаяа нь салгасан ба би гэрээс гарч цагдаад дуудлага өгөөд зогсож байгаад гэр рүү орж дахин У.Х тэй маргалдаж байхад цагдаа нар ирсэн. Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ууганзаяагийн өгсөн: ...тэгээд бид 3 ширээ засаж ярилцаад сууж байхад У.Х нь чи нөхөртэйгээ удаан амьдарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Баярмаа нь уурлаж босч ирээд ширээн дээр байсан лаазтай пиво авч шидсэн. Тэгэхэд би тухайн 3 пиво хаана унасан талаар анзаарч харж чадаагүй. Тэгээд Баярмаа босч ирээд У.Х ийг үсдэж алгадсан. Тэгээд нэгнийхээ үснээс зулгааж гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд ноцолдож байгаад би салгасан. Тэгэхэд Баярмаа нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9161 дугаартай шинжээчийн:

1. Б.Баярмаагийн биед зүүн чихний дэлбэнд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн чихний ар доод хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний доод зовхи, цээж, баруун, зүүн тохой, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,

- Шүүгдэгч У.У.Х ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35, 36, 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            У.Х нь 2019 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 71 дүгээр байрны 12 тоотод Б.Баярмаатай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Баярмаа, гэрч Д.Ууганзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9161 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.У.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Баярмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэг болон бичгээр ирүүлсэн хүсэлтдээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч У.У.Х ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 16-17, 43 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.У.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Х нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Х ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.У.Х т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, У.У.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.У.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ