| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2017/0125/Э/ |
| Дугаар | 00026 |
| Огноо | 2017-09-05 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Ч.Б |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00026
Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 179/2017/0125/Э/
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: Ялтны өмгөөлөгч: Б.Батдорж, А.Ууганбаяр, Хохирогч: Б.Д, Хохирогчийн өмгөөлөгч: В.Энхболд, Нарийн бичгийн дарга: Э.Сумъяажав нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой ялтан Ч.Г-т холбогдох 201722000042 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, ...... овогт Ч-н Г, 1984 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ............./. Ч.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн ............. сумын ............. тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Д-г гэрээсээ гарч архи уулаа гэж бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэж Д.Д-гийн хэвлийн тус газарт 2 удаа хөлөөрөө дэвсэж биед нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал бүхий гэмтэл учруулж гэмтлийн улмаас бусдын амь насыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч ...... овогт Ч-н Гийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-н Гийг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г-т оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 163 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-р зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн куртик, хөх өнгийн жинсэн урт цамц, Адидас брэндийн хар өнгийн бэлтгэлийн цамц, Адидас брэндийн нөгөөн шаргал өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн цэцгэн судалтай бор ноосон өмд, ягаан өнгийн хөхөвч, бор өнгийн оймс, ягаан өнгийн дотуур өмд, цагаан өнгийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгаж, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нь өмгөөллийн хөлс 1.250.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. Ялтны өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: ... Б.Батдорж би иргэн Ч.Гийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. 1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд: Тогтоолын “тодорхойлох” хэсэгт “, ... шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Гийг хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хэргийн зүйлчлэл зөв байна” гэжээ. Хэргийн бодит байдал нь Ч.Г хамтран амьдарч байсан талийгаач Д.Д-г алах зорилгоор халдсан эсэх буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэлтээс хамааралтайгаар дүгнэгдэх байсан юм. Шүүх Ч.Гийг Д.Д-г алахаар санаатайгаар халдаж үйлдлээ гүйцээж, үр дагаварт хүргэсэн гэж үзсэн. Харин Ч.Г Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд талийгаач Д.Д-г алах зорилго агуулаагүй гэдгээ тайлбарлаж, талийгаачийг нас барсанд харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсээр байсан, түүнчлэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтад Ч.Гийг хүнийг санаатай алах зорилготой байсныг нотлоогүйг шүүх анхаарч үзсэнгүй. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаартай дүгнэлтэд: “-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, -Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын З.1,12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн. Хэргийн бодит байдал бол Ч.Г талийгаач Д.Д-гийн биед хүнд гэмтэл учруулж улмаар талийгаач Д.Д гэмтлийн улмаас нас барсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан юм. Гэтэл шүүх Ч.Гийг хүнийг санаатай алах зорилго агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон байна. 2. Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай: Шүүх Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг хэрэглэж Ч.Г-т ял халдаасан нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохироогүй байх тул ял халдаасан зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Ч.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсээр байтал эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэхгүй орхигдуулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал илтэд дордсоныг анхаарч шийдвэрлэж өгнө үү гэжээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ерөнхий шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 159 дугаартай захирамжаар хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарыг томилж, улмаар ерөнхий шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 231 дугаартай захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарыг томилсон байна /хх- 179, 208/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон” тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэсэн буюу яллагдагч Ч.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгч М.Эрдэнэ-Очир шүүх бүрэлдэхүүнд орсон байна /хх-ийн 81, 83,171/. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Эрдэнэ-Очир оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол ялтан Ч.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар магадлалыг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Н.БАЯРХҮҮ