| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2017/0023/З |
| Дугаар | 111/ШШ2017/0031 |
| Огноо | 2017-10-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2017/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын иргэн Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Б-д холбогдох
“Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, хууль бус тушаалын улмаас надад учруулсан хохирол болох замын зардал 60.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 1.000.000 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Н.Б, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Д.О нь Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2013 оны 9 сард зарласан төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах шалгалтын зарын дагуу Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн гэх ажлын байрны сул орон тоонд өрсөлдөж тэнцэн улмаар Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд 2014 оны 3 сарын 03-ны өдөр албан ёсоор томилогдон ажилд орж төрийн Захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Миний хувьд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа эндэгдэл гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж байсан.
Гэтэл тус сумын Тамгын газрын дарга Н.Б нь 2017 оны 2 сарын 14-ний өдөр намайг өрөөндөө дуудаж "Яагаад таван хоног ажлаа таслаад ирэв” гэхэд нь "Би эмнэлэгт эмчлүүлж байгаад ирсэн, энэ талаараа таньд мэдэгдсэн" гэж хэлэхэд энэ бичигтэй танилцаад гарын үсгээ зур гэсэн. Ямар албан бичиг байгаа талаар үзэхэд намайг ажлаас чөлөөлөх тухай тушаалын төсөл байсан юм. Тэгэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд гарын үсэг зураагүй. Ингээд гараад явсан. Тэгээд ажлаа хийж байгаад 2017 оны 3 сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн байтал санхүүгийн албаны дарга намайг хүрээд ирээч ээ гээд дуудсан. Яваад очтол намайг ажлаас чөлөөлсөн тухай 2017 оны 3 сарын 03-ны өдөр гэсэн огноотой тушаалыг санхүүгийн албаны дарга А.Бүжинлхам надад өгсөн. Энэ тушаалыг авчихаад би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалтгаанаа зааж 2017 оны 03 сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд "Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн Б\01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах" тухай өргөдөл гаргасан.
Улмаар миний өргөдлийг Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөл авч хэлэлцээд 2017 оны 4 сарын 26-ны өдрийн 15 дугаар тогтоол гаргаж намайг ажилд эгүүлэн томилохыг Баацагаан сумын Тамгын газрын даргад даалгасан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсны дагуу миний бие 2017 оны 5 сарын 2-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хандан "Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд буцаан томилж өгнө үү" гэсэн өргөдлийг өгсөн боловч Тамгын газрын дарга 2017 оны 5 сарын 11-ний өдөр очиж уулзахад "ажилд буцаан авахгүй, бичгээр хариу өгөхгүй" гэсэн хариуг амаар өгсөн.
Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргахдаа " 2017 оны 2 сарын 06-ны өдрөөс 2017 оны 2 сарын 13-ны өдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар ажил тасалсан, сумын сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг гаргаж хүргүүлээгүй, гүйлгээ шивэх, хяналт тавих зэрэг үндсэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй тул" гэсэн үндэслэлийг зааж намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсныг би хүлээн зөвшөөрөхгүй. Намайг ажлаас чөлөөлсөн гэж байгаа тэр цаг хугацаанд миний бие эмнэлэгт хэвтээд дөнгөж гарсан, гадуур дөрөв хоног эмчлүүлэх эмчилгээний акттай байсан, энэ талаараа би Тамгын газрын даргад ажлаас чөлөөлөх үед нь хэлсэн боловч тоогоогүй. Мөн анх эмнэлэгт хэвтсэн өдөр буюу 2017 оны 1 сарын 30-ны өдөр мессэжээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон тухайгаа бичиж энэ талаар өргөдөл бичиж өгөх шаардлагатай эсэх талаар асуухад "лист байхад болно" гэсэн хариуг мессежээр ирүүлсэн байсан тул би албан ёсоор амаар чөлөө авлаа гэж ойлгосон. Энэ мессеж нь одоо надад хадгалагдаж байгаа. Намайг сумын сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг гаргаж хүргүүлээгүй гэсэн байна. Би тухайн төлөлвлөгөөг сар болгон төрийн удирдлагын цогц систем болох и-биллингээр тухай бүрд нь төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдэд захидлаар илгээдэг байсан. Мөн 2017 оны 1 дүгээр сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг намайг хүргүүлээгүй гэж байгаа ч би тус төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2017 оны 1 сарын 08-ны өдрий 1/07 албан тоотоор хүргүүлсэн. Өмнө нь 2016 оны 12 сарын 20-доор и-биллингээр хүргүүлсэн.
Удаа дараа ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж байгаа боловч ямар чиг үүргийг, яаж биелүүлээгүй талаар надад хэлээгүй, удаа дараа гэх боловч яг юуг яаж биелүүлээгүй талаар хэлээгүй. Ямар гүйлгээг яаж саатуулсан, яаж хяналт тавиагүй талаар надад хэлээгүй. Миний бие төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилогдон орж ажилласнаас хойш миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гүйлгээ саатсан, төрийн сангийн үйл ажиллагааны журам зөрчсөн зэрэг алдаа дутагдал илэрч байгаагүй. Би удаа дараагийн хяналт шалгалтаар зөрчилгүй дүгнэлт сайн үнэлгээ авч байснаар тодорхойлогдоно.
Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 3 сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаалыг гаргахдаа миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус тушаал гаргасан бөгөөд тус тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, намайг албан ёсоор халах тухайгаа мэдэгдэж тайлбар аваагүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй юм. Төрийн албаны сахилгын арга хэмжээний хамгийн хүнд заалтыг барьж төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би ямар нэгэн алдаа эндэгдэл гаргаагүй байхад намайг ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би дээд шатны байгууллага болох Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй, ямар шалтгаанаар биелүүлээгүй талаар надад тайлбарлаж өгөөгүйг би ойлгохгүй, гомдолтой байна.
Энэ тушаал шийдвэрээс болж би 2017 оны 3 сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цалин аваагүй тул хууль бус тушаалын улмаас хохирч байна.Тус маргааныг хянан шийдвэрлүүлэх гэж Баянхонгор аймагт гурван удаа ирсэн, мөн хүний машинд сууж зардал өгсөн. Энэ зардал нь 60.000 төгрөг болсон. Мөн би өөрөө хуульч биш учраас шүүхэд хэрхэн хандах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар зөвлөгөө авч хууль зүйн зөвлөгөө өгдөг өмгөөллийн байгууллагад хандан хууль зүйн туслалцаа авах тухай гэрээ байгуулж 1 000 000 \нэг сая\ төгрөгний төлбөр төлсөн. Энэ тушаалыг гаргаагүй бол би хуульчид хандах, дахин дахин аймагт ирэх шаардлагагүй байсан тул дээрх зардлуудыг хариуцагчаас гаргуулмаар байна. Иймд: Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 сарын 03-ны өдрийн Б/01 дугаар түшаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж, түүнд ногдох эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, хууль бус тушаалын улмаас надад учруулсан хохирол болох замын зардал 60 000 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр 1 000 000 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулах гэсэн шаардлагуудыг гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралданд гаргасан тайлбартаа:
“ Д.Оийг ажлаас чөлөөлөх 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар захиргааны акт нь тогтоогдож байна. Захиргааны акт нь тодорхой үе шатыг гаргах талаар мөн хуульд тодорхой заасан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 28 дугаар зүйлүүдэд тодорхой заасан байгаа. Ажлаас чөлөөлөх акт гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага, дэс дараалал бүхий мэдэгдэлийг, тодорхой зүйлүүдийг тусгасан мэдэгдлийг боломжит хугацааны өмнө хүргүүлэх үүргийн тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд зааж өгсөн. Захиргааны акт гаргахдаа урьдчилсан байдлаар мэдэгдээгүй, түүнтэй холбоотой баримт цуглуулах боломжит хугацаа олгоогүй. Нэг жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан байдаг. Хариуцагч нь албаны бус зорилгод төрийн байгууллагын албаны мэдээлэлийг завших гэдэг заалтыг барьсан. Нэхэмжлэгчийг ажил тасалсан гэх боловч тухайн захирамж нь утгын алдаатай, хууль зүйн зөрчилтэй үндэслэл тогтоогдож байгаа. Албаны бус зорилгоор төрийн мэдээлэлийг ашигласан, завшсан гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулиар, бусад хууль тогтоомжоор хөндлөнгийн байгууллагын үнэлэлт дүгнэлтээр тогтоодсон байх ёстой. Аудитын дүгнэлт 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрийн албаны зөвлөлөөр шийдвэрлэгдсний дараа гарсан шийдвэрийг үндэслэл болгож байгаа нь зөрчлийн шинжийг агуулж байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар төсөл төлөвлөгөөг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлийг заасан. Ажил тасалсан дээр хариу тайлбар хэлэхэд ажлаа таслаагүй нэхэмжлэгч нь эмнэлэгт байсан. Хэрвээ зөрчил гэвэл түүнтэй холбоотой эмнэлгийн баримт, нотлох баримтыг шалгаж үзэж тогтоох ёстой байсан. Д.О нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь эмнэлгийн магадлагаа, баримт зэргээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхэд өгсөн баримтуудаар ямар төсөв төлөвлөгөөг ямар хугацаагаар биелүүлээгүй, 3 түүнээс дээш удаа ямар тайлан тооцоо биелүүлээгүй гэдгийг санхүүгийн албаны үүдний самбараас харсан учир гэж тайлбарласан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн эрх зүйн зөрчилтэй хууль бус акт болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, миний үйлчлүүлэгчийг эгүүлэн ажилд тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 3 983 851 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлс 1 000 000 төгрөг, хууль бус тушаалаас болж учирсан хохирол 60 000 төгрөг нийт 1 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг дэмжиж байна”гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ Д.О нь гаргасан нэхэмжлэлдээ Тамгын газрын дарга Н.Б нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өрөөндөө дуудан шууд тушаалын төсөл дээр гарын үсэг зур гэсэн гэж бичсэн байна. Д.О нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд ажлаас түр чөлөөлүүлэх тухай эмнэлэгийн магадлагааг өгөөд 1 дүгээр сарын 30-ны өдөр ажилдаа ирэхээр явсан гэтэл тухайн өдөртөө Улаанбаатар хот явсан байсан нь зориудаар Улаанбаатар, БНХАУ-ын “Эрээн хот” явах бодолтойгоор магадалгаа авсан. Магадалгаа нь ажлаас түр чөлөөлөхөөс 2, 3-дагч эмнэлэгт явах, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн акт бус юм. Харин дараагийн шатны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол 13-ийн “А" маягтаар тодорхойлуулан явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан байх.
Засаг даргын Тамгын газрын хамт олны 2014 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн хурлаар хэлэлцэн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.2-д “Албан хаагч ажлын хоёр өдрөөс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд ажлын хоногийн цалин хөлсийг хасч тооцон түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан арга хэмжээг авна гэж заасан”-ны дагуу арга хэмжээг авсан.
Тухайн Магадлагаа өгсөн өдрөөс хойш 2 дугаар сарын 13-ныг хүртэл ажилдаа ирээгүй. Засаг даргын Тамгын газрын үйлчилэгч Р.Мөнхцэцэг чөлөө аваад БНХАУ-ын “Эрээн хот” яваад ирэхдээ Д.О “Эрээн хот”-д гэр бүлийн хамт явж байна таарсан гэж ярьж байсан. Д.О 02 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа ирээд тааралдаагүй ба 14-ний өдөр миний бие өрөөндөө дуудан ямар шалтгааны улмаас ажлаа таслан яваад ирсэн талаар тодоруулан, чөлөө авалгүй “Эрээн хот” явсан талаар нь тодоруулан асуухад Улаанбаатар хотын хувийн эмнэлэгт хэвтээд ирсэн лист байгаа гэсэн, листийг нь үзэхэд хувийн эмнэлэгт 2017 оны 1 дүгээр сарын 30-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмчилгээ хийсэн хугацаатай лист байсан. Ажил таслан чөлөө авалгүй БНХАУ-ын “Эрээн хот” явсан талаар тодруулан асуухад хэл амаар доромжлоод гараад явсан. Буцаж орж ирхэд нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасаны дагуу арга хэмжээ авна гэж хэлээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох үйл ажиллагаа биеээр хийж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулахаар өгөхөд мөн хэл амаар дайрч урдаас цааснуудаа базаад шидсэн.
Д.О нь сумын сарын ажлын төлөвлөгөө, түүний биелэлтийг удаа дараа тасалдуулж байсан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн нэгдсэн мэдээний самбарт тэмдэглэгдсэн байдаг. Д.О төрийн сангийн гүйлгээ шивэх, нэвтрэх эрхээ удаа дараа бусад шилжүүлэн гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь цагийн бүртгэлийн цахим систэмд ажилдаа ирээгүйгээр бүртгэгэдсэн байтал Д.О-ийн эрхээр гүйлгээ олон удаа хийгдсэн байдаг. Мөн байгууллагуудын анхан шатны баримтыг тулгалгүй удаа дараа бодит бусаар баримт бүрдүүлэн гүйлгээ хийж хяналт тавих эрхээ хэрэгжүүлэн ажиллаагүй.
2016 оны Үр дүнгийн гэрээг жилийн эцсээр дүгнэн үзэхэд хангалтгүй буюу “0” үнэлэгдсэн. Сумын Засаг даргын тамгын газрын Төсөв, Төрийн сангийн мэргэжилтэн “Сум хөгжүүлэх сан”,“Орон нутгийн хөгжлийн сан”-г хариуцан ажилдаг. 2017 оны 03 дугаар сард аймгийн Санхүүгийн хяналт, Дотоод аудитын алба нь Баацагаан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”, “Сум хөгжүүлэх сан”-гийн 2016 оны хөрөнгийн зарцуулалтанд хяналт шалгалт хийгээд дараах дүгнэлтийг гаргасан. 2016 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 16 төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс 9 гүйцэтгэсэн төсөл хөтөлбөр нь санхүүжилтийн зөрчилтэй, зөрчил гаргаж зарцуулсан нь Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Барилгын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг зөрчиж санхүүгийн үйл ажиллагааг явуулсан байна.
Мөн “Сум хөгжүүлэх сан”-гийн зээл олгохдоо ашиг сонирхолын зөрчил гаргаж хариуцан ажиллаж байгаа албан тушаалтангууд өөрийн ах, дүү хамаатан саданд “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг олон удаа олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн.
Аймгийн Санхүүгийн хяналт, Дотоод аудитын алба нь цаашид авах арга хэмжээндээ Баацагаан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”, “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалтыг тус сумын Засаг дарга Ж.Ганбат, Төсөв, Төрийн сангийн мэргэжилтэн Д.О нар нь хариуцан ажиллаж Монгол улсын Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан заалтыг зөрчин ажилласан тул тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасны дагуу “Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалтын дагуу арга хэмжээ авах саналыг эрх бүхий албан тушаалтан хүргүүлсэн байна.
Д.Оийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн ажлууд болох улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн ажлууд зөрчилтэй байгаа тул мөрдөн шалгах ажиллагаа явагдаж аймгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд шалгагдаж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон дээрхи зөрчил, ажлын хариуцлаггүй байдлыг нэгтгэн дүгнэн үзэхэд Д.О нь Төсөв, Төрийн сангийн мэргэжилтэний ажлын байранд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах боломжгүй гэж ажлаас чөлөөлсөн болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь тус шүүхэд хандан, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, хууль бус тушаалын улмаас учирсан хохирол болох замын зардал 60.000, хууль зүйн туслалцааны төлбөр 1.000.000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалин 3.983.851 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны Б/01 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандснаар тус зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар тогтоолоор уг тушаалыг хүчингүй болгож, Д.О-ийг өмнөх ажилд нь буцаан томилохыг даалгасан1 бөгөөд энэ шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй, мөн эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй байна.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.О нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 07 дугаар тушаалаар тус сумын Төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилогдож, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалаар тус сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилогдож, санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “ Д.О-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа халагджээ.
Хариуцагч “... Д.О нь өвчтэй гэж 2017 оны 1 сарын 24-ний өдрөөс 2 сарын 13-ны өдрийн эмчийн магадлагаатай гэсэн хугацаандаа ажил таслан чөлөө авалгүй “Эрээн” хотод явж байгаад ажлынхаа хүнтэй таарсан байсан. 2016 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 16 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гүйцэтгэсэн 9 төсөл хөтөлбөр нь санхүүгийн зөрчилтэй, “Сум хөгжүүлэх сан”-гийн зээл олгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан, ”Төрийн сангийн гүйлгээ шивэх, нэвтрэх эрхээ удаа дараа бусдад шилжүүлэн гүйлгээ хийсэн, байгууллагын анхан шатны баримтыг тулгалгүй удаа дараа бодит бусаар баримт бүрдүүлэн хяналт тавих эрхээ хэрэгжүүлэн ажиллаагүй нь тогтоогдсон, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, мэдээ тайланг хугацаа хэтрүүлдэг...” гэж маргасан.
1.Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актдаа Монгол улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэсэн нийтлэг бүрэн эрхийн заалтыг баримталсан байх ба мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг баримтлан албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшсан нь Аймгийн Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Баацагаан сумын Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн 2016 оны хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалтхийсэн тухай” танилцуулгаар нотлогдсон гэх ба дээрх танилцуулга нь нэхэмжлэгчийг ажлаас халагдсаны дараа гарсан байх тул нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй юм.
2. Д.О-ийг өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх талаарх холбогдох баримтыг хариуцагчаас шаардсан боловч баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч өөрөө ...би зөрчил гаргаж байгаагүй... гэсэн, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ... Д.О 2015 онд сахилгын шийтгэл ногдуулж байсан, түүнээс хойш сахилгын шийтгэл ногдуулаагүй... гэх тайлбар зэргээс үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлгүй гэж үзэх боломжтой байна.
Хавтас хэрэгт Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 1 сарын 23-ны өдрийн илгээх бичиг, эмчийн магадлагаа, “Идэрмэг” эмнэлгийн магадлагаа, өвчтний түүх, Д.О-ийн ажил тасалсан тухай бүртгэл, Д.О-ийн 2017 оны 2 сарын 7-8-ны өдрүүдэд Замын үүдийн шалган нэвтрүүлэхээр гарсан тухай түүний гадаад паспортын хуулга, Аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтсээс Д.О-ийн ажиллаж байх үеийн 1 сарын тайлан, төлөвлөгөө ирээгүй тухай албан бичиг зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байх ба ажил олгогчоос ... Д.О-ийг 2017 оны 2 сарын 6-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл ажил тасалсан, энэ тухай баримтаа өгөөгүй, албан ёсоор чөлөө аваагүй... гэх, нэхэмжлэгчийн ...би эмнэлэгт хэвтсэн тухайгаа мессежээр бичсэн, магадлагаагаа сүүлд нь өгөөгүй... гэх тайлбаруудаас харахад нэхэмжлэгч нь ажил олгогчоос албан ёсоор чөлөө авч, холбогдох баримтаа өгөөгүй буруутай байгаа хэдий ч Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Б нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар тус сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Д.О-ийг тав хоног ажил тасалсан үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь түүний гаргасан зөрчилд тохироогүй байна.
Өөрөөр хэлбэл, түүний гаргасан зөрчил тогтоогдсон тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах нь хуульд нийцэх байжээ.
Мөн үүнээс гадна Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан чөлөөг амаар, бичгээр болон хэрхэн авах талаар нарийн тусгагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч Д.О эрхэлж байсан Баацагаан сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажил үүрэгтэй нь холбогдуулан гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл Аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдээгүй гэсэн баримтаар хариуцагчийн ...эрүүгийн гэмт хэрэг үүссэн... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
4. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д заасны дагуу төсвийн шууд захирагч байх бөгөөд сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтнийг ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т заасны дагуу аймгийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн чөлөөлөхөөр хуульчилсан байхад Д.О-ийг чөлөөлөх талаар зөвшилцөлгүй нэхэмжлэгчийг ажлаас шууд халсан нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн, мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа хийх, тайлбар авах зэрэг ажиллагаануудыг хийгээгүй, хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын хуудас зэргийг хөтлөөгүй зэргээр дээрх хуулиудыг зөрчсөн хууль бус захигааны акт болжээ.
Иймд, шүүх “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.О-ийг урьд эрхэлж байсан Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин 3.983.851 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 7 сарын олговор болох 3.983.851 /гурван сая есөн зуун наян гурван мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулах нь зүйтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Гурав. “Хууль бус актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авсны 1 000 000, замын зардал 60 000 , нийт 1 060 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны төлөө өмгөөлөгчид төлсөн төлбөр болон нэхэмжлэгчийн ирж, буцсан гэх замын зардал нь захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан шууд хохирол биш тул хариуцагчаас болон төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлагаболгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.О-ийг урьд эрхэлж байсан ажил болох Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 7 /долоо/ capын олговор 3.983.851 /гурван сая есөн зуун наян гурван мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Д.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “өмгөөллийн хөлс 1 000.000, замын зардал 60.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА