Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 10

 

2019        12          24                                  2020/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Б.Н  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овгийн Б.Н ид холбогдох эрүүгийн 1911014261082 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчу овгийн Б.Н , 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, Мандал, пүүний дэнж 4 дүгээр гудамжны 63 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 919 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 745 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлд ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн 13-4 тоот лангуунаас Айфонэ Эс-6 Плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/,

Цэгц ломбардны Барьцаат зээлийн гэрээ №003562 /хх 19/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20-23/,

Эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хх 24/,

Хохирогч Х.Дашпүрэв нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед байх ойролцоогоор 165 см өндөртэй, 24-25 насны, хар фудволктой, бордуу царайтай, өтгөн хөмсөгтэй, үл таних залуу орж ирээд ...би гарчихаад буцаад ороод ирэхэд нөгөө залуу манай лангуун дээр ирчихсэн зогсож байснаа 3 ширхэг утас үзэж байгаад айфоне 6-эс плас маркийн хар өнгөтэй гар утсыг нь авч үлдээд нөгөө 2 утсыг нь надад буцаагаад өгсөн, тэгээд тэр залуу айфоне 6-эс плас маркийн хар өнгөтэй гар утсыг үзэж байхад гаднаас ах, эгч 2 орж ирээд надаас 3 гар утас худалдаж авсан гар утсаа үзүүлээд зарж байх хооронд нөгөө залуу гар утсыг минь аваад явчихсан байсан. Тэгээд павилон дотор байдаг камерыг хартал нөгөө залуу гар утас аваад гарч байгаа бичлэг байсан, тэгээд маргааш өглөө нь цагдаад хандана гэж бодоод тухайн үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй, тэгээд 20 цагийн үед ажлаа тарчихаад шөнийн зах дээр явж байтал нөгөө гар утас хулгай хийсэн залуу явж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...Тухайн үед бид нар өөр хүмүүст үйлчлээд тэр залууг анзаараагүй, камерын бичлэгээс харагдаж байна лээ. ...Алдагдсан гэх гар утас болох айфоне 6-эс плас маркийн хар өнгөтэй 64-тэй гар утас одоогийн зах зээлийн үнэ ханшаар шинэ нь 700.000 төгрөгөөр зарагдаж байгаа...”, “...би өөрийн хулгайд алдсан хар өнгийн Айфоне 6 эс плас маркийн /353335071791126 имей кодтой/ гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан болохоор гомдол санал байхгүй. ...миний гар утсыг анх тэр залуу үзэх гэж аваад хэд хэдэн гар утас сольж үзсэн энэ хооронд өөр хүмүүс үйлчлүүлж байх хооронд нууцаар, сэмээрхэн гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 11-14/,

Гэрч А.Оюунбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Баярнаадам овогтой Нямдорж гэж хүн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд ...Ахын гар утсыг аваад ирлээ 340.000 төгрөг хэрэг болоод байна цагдаад торгууль тушаах ёстой юм журамлуулчих юм бол бүүр балрах гээд байна гээд гуйгаад байхаар нь би 340.000 төгрөгөөр түүний барьж ирсэн айфонэ 6 эс плас маркийн хар өнгийн гар утсыг нь барьцаанд авсан юм... Түүнээс би Нямдорж гэж хүнийг хулгайн гар утас барьцаанд тавьж байна гэж огт мэдээгүй надад ахын гар утас л гэж хэлсэн юм. Нямдоржийн манай ломбарданд барьцаанд тавьсан гар утас нь надад байсныг би мөрдөгчид хураалгасан байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би Б.Н оос гар утас барьцаанд тавиад өгсөн 340.000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх 16/,

Шүүгдэгч Б.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Тэди худалдааны төв дээр ганцаараа явж байгаад нэг лангуун дээр очиж гар утас худалдан авах гэж байгаа хүн шиг үзэж байгаад худалдагчийн нүдийг хариулаад үзэж байсан гар утсыг аваад КТМС сургуулийн урд байрлах Цэгц нэртэй ломбарданд 340.000 төгрөгөөр барьцаанд өөрийнхөө нэрээр тавьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, шүүгдэгч Б.Н ид холбогдох шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх 42-47, 60-62/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03/3435 дугаар албан бичиг /хх 49/, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 63/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н  нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлд ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн 13-4 тоот лангуунаас Айфонэ Эс-6 Плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, цэгц ломбардны Барьцаат зээлийн гэрээ №003562 /хх 19/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20-23/, эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хх 24/, хохирогч Х.Дашпүрэвийн “...Тухайн үед бид нар өөр хүмүүст үйлчлээд тэр залууг анзаараагүй, камерын бичлэгээс харагдаж байна лээ. ...Алдагдсан гэх гар утас болох айфоне 6-эс плас маркийн хар өнгөтэй 64-тэй гар утас одоогийн зах зээлийн үнэ ханшаар шинэ нь 700.000 төгрөгөөр зарагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх 11-14/, гэрч А.Оюунбилэгийн “...Баярнаадам овогтой Нямдорж гэж хүн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд ...Ахын гар утсыг аваад ирлээ 340.000 төгрөг хэрэг болоод байна цагдаад торгууль тушаах ёстой юм журамлуулчих юм бол бүүр балрах гээд байна гээд гуйгаад байхаар нь би 340.000 төгрөгөөр түүний барьж ирсэн айфонэ 6 эс плас маркийн хар өнгийн гар утсыг нь барьцаанд авсан юм...” гэх мэдүүлэг /хх 16/, шүүгдэгч Б.Н ийн “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би Тэди худалдааны төв дээр ганцаараа явж байгаад нэг лангуун дээр очиж гар утас худалдан авах гэж байгаа хүн шиг үзэж байгаад худалдагчийн нүдийг хариулаад үзэж байсан гар утсыг аваад КТМС сургуулийн урд байрлах Цэгц нэртэй ломбарданд 340.000 төгрөгөөр барьцаанд өөрийнхөө нэрээр тавьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 26-27/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Н ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 919 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 745 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоног дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 25 /хорих тав/ хоногын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н ид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Н  нь хохирогч Х.Дашпүрэвт гар утсыг буцаан өгч хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Н ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овгийн Б.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ид 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Н ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 919 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 745 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 25 хоног дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 25 /хорих тав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н ид авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН