Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1840

 

 

 

 

 

 

 

 

   2019         12         05                                   2019/ШЦТ/1840

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Г.Ш,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1906 01596 0711 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Г.Ш,

Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г.Ш, Б.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай Рояал зочид буудлын ресейпшний өрөөнд нэвтэрч самсунг нөт 2, айфонь 6, самсунг эс7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 605.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ш, Б.Б нар нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 10 минутын үед гаднаас 2 хүүхэн, 2 залуу орж ирээд өрөө байна уу гэхээр нь хэдүүлээ яваа бэ гэхэд дөрөвүүлээ яваа гэсэн. Хоёр ортой өрөө байна гэж хэлсэн. Авъя оръё гэж хэлээд 2 ортой 40.000 төгрөгний үнэтэй 6 дугаарын өрөөнд нэг ундаа, нэг ус аваад орсон. Самсунг эс 7 гар утас барьцаанд тавиад орсон. Нэг цаг 30 минутын дараагаар тэр хүмүүс өрөөндөө муудалцаад байсан. 2-3 удаа би очиж тухайн хүмүүст сануулсан боловч өрөөнд зодолдоод эд хогшил эвдчихсэн учир хөөгөөд гаргасан. Тэд нар нэг дор дөрөвүүлээ гарч ирээд гар утасны эзэн гэх залуу текен дээр үлдсэн. Тэр залуу гар утсаа авахыг хүссэн. Та нар эд хогшил эвдсэн учир өглөө ирж учраа ол гэж хэлэхэд за гэж хэлээд гарсан. Тэгээд би өрөөг цэвэрлэж байхад хаалга дуугарах шиг болсон. Гараад тек рүү ороод утас мөнгө төгрөгөө шалгахад эмийн сангийн шургуулганд байсан Эс-7, айфони 6, шүүгээн дээр байсан миний самсунг нөт гар утас алга болсон байсан.

Би өөрт учирсан хохиролоо барагдуулж авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 8-9, 2-р хх-ийн 7/,

 

Хохирогч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Роял зочид буудлын ресейпшиний текнээс алдагдсан Ай фойне-6 гар утасны хууль ёсны эзэмшигч байна. Би өөрөө тухайн үед Роял зочид буудалд ресейпшин хийдэг байсан юм. 2019 оны 02 дугаар сарын сүүлээр хэзээ гэдгийг санахгүй байна. Намайг ресейпшинээр суугаад ажиллаж байсан чинь гаднаас нэг танихгүй хөдөөний залуу нэг хүүхэнтэй орж ирээд буудалд орох мөнгөгүй явж байна гээд уг Ай фойне-6 гар утсыг үзүүлээд энэ утсыг 300,000 төгрөгөөр худалдаж авах уу? гэж асуусан. Тэр гар утас нь их давгүй, шинэвтэр гар утас байсан бөгөөд би хямдхан гэж бодоод худалдаад авчихья гэж бодсон юм. Тэгээд тэр залуу 35,000 төгрөгийн өрөө аваад, 2 бэлэн гоймон авсан. Энэ нийт 41,000 төгрөг болж байсан. Энэ мөнгийг нь суутгаад би түүнд бэлэн 240,000 төгрөг өгөөд үнэ буулгаад авчихсан. Тэр үед надад бэлэн 240,000 төгрөг л байсан. Тэгээд уг утасны 41,000 төгрөгийн буудалдаа өгөх ёстой болчихсон учир би барьцааны утас гээд хүмүүст хэлчихсэн юм. Барьцааны мөнгөө олж өгчихөөд уг утсаа авья гэж бодож байсан юм. Гэтэл нөгөө ээлжин дээр хулгайд алдсан байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-6 тал/,

 

Гэрч Б.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын 01-ний өдөр Г.Ш, Б.Б нар манай зочид буудлын 6 номерын өрөөг 43,000 төгрөгөөр хоногоор авсан байсан бөгөөд уг өрөөний тооцоо хийгээгүй, өрөөний ариун цэврийн өрөөний хаалга, мебел тумбочка зэргийг эвдэлсэн. Эдгээр эд зүйлсийг би 57,000 төгрөгөөр засч янзлуулсан. Мөн манай ажилтан Ганчимэг дээр барьцаанд тавигдсан гэх өөрийн нь худалдаж авсан байсан Ай фойне-6 маркийн гар утасны 41,000 төгрөг бас байна. Гэхдээ Ганчимэг надад 41,000 төгрөгийг өгч тооцоо дууссан. Тэгэхээр надад нэхэмжлэх 100,000 төгрөгний асуудал байгаа. Уг 100,000 төгрөгийг ажилтан Байгалмаа энэ хэрэгт хохирогчоор орсон учраас тэр хүмүүсээс хохирол төлбөр аваад надад өгсөн. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8 тал/,

 

Гэрч Б.Отгонлхамын мөрдөн байцаалтад өгсөн:

... бид 4 буудал руу орж архи уусан. Би нилээд согтуу байсан. Мөнхцэцэг бид хоёр маргалдсан бөгөөд Г.Ш салгасан. Тухайн үед би уурандаа ширээн дээр байсан шилтэй архийг шидээд хагалсан бөгөөд буудлын ресепшн орж ирээд гар гээд байсан. Тэгээд тэр буудлаас гарсан. Такси бариад Дарь-Эх рүү явсан бөгөөд айлд очиход хүн гарч ирээгүй. Тэгээд тэнд байхад Мөнхцэцэг, Г.Ш хоёр хоорондоо утасны талаар яриад маргалдаад байсан. Г.Ш би утсыг нь авчихлаа урьд нь хэрэгтэй байсан одоо яанаа гээд байсан. Мөнхцэцэг Г.Шыг яаж байгаан гээд загнаад байсан. Г.Ш утсыг нь аваачиж өгнө гэж яриад байсан. Тэндээсээ бид нар тарцгаасан гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Гэрч Э.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Г.Ш эвдэлсэн юмныхаа оронд Бямбаагийн утсыг нь түр үлдээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь заза маргааш тэгвэл утсаа авъя гэхэд Г.Ш за тэгвэл бид хоёр хэлчихээд гараад ирье гээд буудал руу орсон. Би гадаа нь хүлээж байсан бөгөөд нөгөө хоёр ойролцоогоор 5-10 минутын дараа гарч ирээд за явъя болчихлоо гээд бид гурав замын хойд талдаа гарч такси бариад явсан. Тэгээд явж байгаад би Г.Шоос яагаад гүйгээд байгаа юм гэж асуухад 3 ширхэг гар утас гаргаж ирсэн бөгөөд юу юм гэтэл Бямбаагийн утас гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хоёр нь хэний утас юм гэтэл дуугарахгүй байсан. Чи утасгүй байсан биздээ юун хоёр утастай болчихсон юм бэ гэтэл дуугарахгүй байгаад байсан. Бямбаа нь буудал руу хамт орсон учраас ийм хэрэг болсоныг мэдсэн байх. Гар утаснуудыг буудалд аваачиж буцаагаад өгье гэж байхад Бямбаа тэгье гээд Г.Шоос утаснуудыг булааж авах гэж зууралдсан. Г.Ш нь дээрэлхээд өгөхгүй байсан гэх мэдүүлэг /хх-н 54/,

 

"Рояал" зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн

“Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо "Рояал" буудлын шат руу харсан 1 минут 11 секунд үргэлжлэх камерын бичлэг байх ба бичлэгийн 10 дахь секундэнд гаднаас шатаар өгсөн улаан гуя хүрсэн куртиктэй эрэгтэй дотуураа цагаан подволктой, доогуураа цагаан цайвар өнгийн пүүзэн гуталтай /Г.Ш/, түүний араас хар хөх өнгийн уртавтар куртиктэй, куртикний малгай хэсэг үстэй, нүдний шилтэй эрэгтэй орж ирэх ба араас нь бичлэгийн байв. Тухайн хоёр эрэгтэй шатаар гарч ирээд тус улаан куртиктэй эрэгтэй нь ресепшний өрөөний хаалганы тавцангийн доогуур шурган өрөө рүү орох ба өрөөнд байх камерын дэлгэцний доод талд очих ба тухайн үед хар хөх өнгийн куртиктэй нүдний шмлтэй эрэгтэй хаалганы наад талд ресепшний өрөөний гадна хэсэгт зогсож байв. Улаан куртиктэй эрэгтэй зүүн гартаа гар утас мэт зүйл барьж ресепшний өрөөнөөс гарч ирэх ба хар хөх өнгийн куртиктэй залуутай хамт шатаар бууж гарч явав” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 49/,

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн БЗ1-19-140 дугаартай:

Хулгайд алдагдсан гэх Самсунг Нөт-2 загварыг гар утас 66.000 төгрөг, Айфони-6 загварын гар утас 279.000 төгрөг, Самсунг эс-7 загварын гар утас 260.000 төгрөг буюу нийт 605.000 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан /хх-н 23-24/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 02 дугаар сарын 28-наас 03-р сарын 01-нд шилжих шөнө танил Г.Штой уулзаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Асайт худалдааны төвийн замын урд талд байх буудал руу орсон. Г.Ш чи утсаа тавьчих би өглөө гарахдаа аваад өгье гэсэн. Тэгээд гар утсаа барьцаанд тавиад орсон. Тэгээд тухайн буудалд байж байтал Отгонлхам, Г.Ш хоёр муудалцаад байсан. Гэгтэл буудлын хүн ирээд та нар гар гээд бид нар гарсан. Буудлаас гараад би Г.Шод би утсаа яах вэ гэхэд за хоёулаа оръё гэж хэлсэн. Буудал руу орсон чинь ресепшн өрөөндөе байхгүй байсан. Г.Ш өрөө рүү нь ороод гар утас аваад гараад ирсэн. Тэгээд бид хоёр тэндээс гараад явсан. Би яг хэдэн утас авсныг нь тухайн үед хараагүй, гарч ирээд харахад 3 утас барьчихсан байсан. Нэг нь миний утас байсан. Юун утас юм наадахаа буцааж оруулж өгөөч гэхэд Г.Ш би мэдэж байна гэж хэлсэн. Миний гар утсыг Г.Ш авсан ба надад буцааж өгөөгүй тэр чигтээ алга болчихсон гэх мэдүүлэг /1-р хх-н 85 /,

Би үйлдсэн хэргээ бол хүлээн зөвшөөрч байна. Харин зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан. Адилхан хэрэг хийсэн болохоор  өөрийн гар утсаа нэхэмжлэхгүй. Тэр буудлын текний хаалга хагас онгорхой байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/

 

Шүүгдэгч Г.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Б.Бийг дарамталсан зүйл байхгүй. Хамт хулгай хийе гэж хэлээгүй. Тухайн үед намайг утас авч байхыг Б.Б харж байсан. Тэгээд бид 2 буудлаас хамт гарсан. Буудал руу Б.Бийн rap утсыг ресепшнээс нь гуйж авах гэж орсон юм. Тэгтэл тухайн үед ресепшн өрөөндөө байхгүй байж таарсан ба Б.Бийн гар утсыг хайж байтал айфони-6, самсунг нөт маркийн гар утаснууд гарч ирсэн ба согтуугаасаа болоод авчихсан. Б.Бид гар утсыг нь буцааж өгсөн...Тухайн үед бид нар тус буудлын замын эсрэг талаас такси бариад явцгаасан. Гар утаснуудаа тухайн үед таксинд унагаасан юм шиг байна лээ. Би тухайн үед согтуу байсан учир тодорхой санахгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-н 79, 101/,

Хэрэг болох үед буудлын хаалга онгорхой байсан. Би хаалга үүдийг нь эвдлэж ороогүй, хэрэг хийсний маргааш нь өөрөө цагдаа дээр очиж хэргээ хүлээсэн байхад нэвтрэлттэй хулгай гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн Б.Б энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Намайг гар утас авсан гэдгийг мэдээгүй байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29/,

 

-Гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 2/,

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Даваажавын илтгэх хуудас /1-р хх-н 3/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 48/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 245- 2-р хх-ийн 1 тал/,

 -хохирогч Н.Байгалмаа, Г.Ганчимэг, гэрч Б.Нарангэрэл нарын хохирол барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Санал гомдолгүй гэсэн бичгээр гаргасан хүсэлт /2-р хх-ийн 66-68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Г.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 29-33 тал/, Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 92-95/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 105-168 тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаартай магадлалын хуулбар /2-р хх-ийн 31-57/, зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ш, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь бүлэглэн хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Тухайн гэмт хэргийг үйлдсэн санаа зорилгыг тогтооход гэмт этгээдүүд урьдчилан хоорондоо үүрэг оролцоогоо хуваарьлан ярилцаж тохирсон байхыг шаардахгүй. Шүүгдэгч Г.Ш, Б.Б нар нь буудлаас гарсны дараагаар буудлын төлбөрт барьцаанд тавьсан байсан гар утасыг авахыг хүсч буудал руу буцан орж хүлээн авагчийн текний үүдэнд очоод эзэнгүй байхыг мэдсэн дариу гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл гэнэт төрж улмаар гүйцэлдүүлсэн. Энэ үйлдэл нь тэдний хүсэл зоригийн дагуу хүсэж хийгдсэн санаатай үйлдэл юм. Иймд шүүгдэгч нарын тухайн буудлын хүлээн авагчийн өрөөнд нэвтэрч шүүгээнээс гар утаснууд авч байгаа үйлдэлтэй тэдний хүсэл шууд шалтгаант холбоотой болно. Харин халдлагын зүйлийн хувьд хэтрүүлсэн үйлдэл байгаа болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь зочид буудлын зориулалтаар ашигладаг байгууламж байх бөгөөд түүний өрөө тасалгаа нь нэг субеъктийн эрх ашиг, орон зайг нөгөө субеъктийн орон зай, үйлдэлээс тусгаарлаж байдаг байдлаараа үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хамаарах юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн буудлын хүлээн авагчийн тек нь бусад этгээдийг орохыг хязгаарласан хаалгатай байх ба энэ хаалга онгорхой байсан нь гэмт этгээдүүдийг нэвтрэхийг зөвшөөрсөн ойлголт биш болно.

 

Гэмт хэргийг хоёроос дээш тооны хүн санаатай нэгдэж үйлдэхийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ёстой. Тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгч нарын барьцаанд тавьсан байсан Б.Бийн гар утсыг авах санаа зорилго нэг байжээ. Уг зорилго, хүсэлийнхээ дагуу Г.Ш зочид буудлын хүлээн авагчийн өрөөнд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа ба Б.Б энэ үйлдэлийг мэдэж байсан ч бүрэн төгсөхийг хүсэн хүлээж байгаагаа санаагаараа нэгдэж байгаа ойлголт юм. Гэмт этгээдүүдийн нэг нь байранд нэвтэрч нөгөөх нь нэвтрээгүй байх нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх ойлголтыг үгүйсгэх нөхцөл биш юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш, Б.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Бийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Г.Ш нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч, шүүгдэгч Б.Б  болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь гэм буруугийн асуудлаар маргалдаж шүүх хуралдаанд оролцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлж байх учир тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах тухай өмгөөлөгчийн саналыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон оролцоо, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн гэх нөхцөл бүрдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах боломж бүрдэх боломжтой байсан болно.

 

Мөн шүүгдэгч Г.Шыг өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор түүний цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Г.Шод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзан, түүнийг нэн дариу суллаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч нь шүүхээс хяналт тогтоож тэнссэн байх хугацаанд дахин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Ш нь 307 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ш, Б.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Шыг хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шод Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 77 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Г.Шод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, уг 2 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг дөрвөн жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шын цагдан хоригдсон гурван зуун долоо хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн талаарх бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шийлжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ