Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1350

 

 

 

 

 

 

 

 2019         08          29                                 2019/ШЦТ/1350                                                                         

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Манцаа овогт Ш С яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04735 1814 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Ш.С нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Golden Vill /Голден вилл/ хотхоны харуулын байранд тус байранд харуулын ажилтай Ч.Монхортой “машины хамар дээр авто зогсоолын наалт унагасан” гэх шалтгаанаар маргалдах явцдаа нүүр болон аман тус газраас нь базаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би хамаатныхаа залуугийн хуриманд орсон. Гэрийн түлхүүрээ ажил дээр орхисон байсан тул ажлаараа очсон. Дүү болон хүү мөн дуудлагын жолоочийн хамт явсан. Хашааны хаалга машины хамар цохичих шиг болсон. Зодсон зүйл байхгүй. Хоорондоо барьцалдсан. Тэр явцдаа гэмтэл учруулсан байсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Монхорын өгсөн: ... Би 2019 оны 8 сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны харуулын байранд ээлжтэй хоносон бөгөөд 01 цагийн үед тэнд үйл ажиллагаа явуулдаг Студи-55 эзэн залуу гэх Саруул согтуу орж ирээд над руу дайрч миний нүүрнээс базаад авсан бөгөөд хойшоогоо шахаж түлхсэн. Тухайн үед завжнаас шахаж уруулыг шүдэнд маань урж, их хэмжээний цус алдсан. Их том урсан байсан. Би тэр залууг тавиулах гэж оролдсон боловч дийлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бүрэнтөгсийн өгсөн: ... Би Голден Вилл хотхонд сүүлийн 3 жилийн хугацаанд харуулаар ажиллаж байна. Өчигдөр манай ажил шинээр орсон Ч.Монхорын хамт 2019 оны 8 сарын 8-ны 09 цагаас 8 сарын 9-ний 09 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Ажиллаж байх хугацаанд шөнийн 00 цаг 20 минутын үед Ч.Монхор бид хоёр ээлжилж амарч унтахаар болоод би түрүүлж унтах гээд хэвтэж байгаад зүүрмэглэчихсэн байсан, тэгтэл удалгүй хүн бужигнах чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Ч.Монхор ахыг сандал дээр нь Саруул гэх залуу нүүрээр нь дарчихсан байсан. Саруул нь уг Голден Вилл хотхоны подвальд дуу бичлэгийн студи ажиллуулдаг залуу болохоор ер нь зүс таньдаг юм. Тэгээд би Саруулыг болио, настай хүнийг ингэж байдаг, юу болоод байгаа юм бэ гэхэд Саруул миний үгэнд ороод болиод харуулын байрны гадаа гарч зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9686 дугаартай шинжээчийн:

            1. Ч.Монхорын биед баруун завьжинд шарх, эрүүнд хаван хавдартай гэмтэл тогтоодлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.С: ... 2019 оны 08 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 23 цаг өнгөрч байхад би ажлаараа орж гэрийнхээ түлхүүрийг авах гэж явсан юм. Тухайн үед би хуримаас гараад явж байсан болохоор бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн Марк-Х маркийн автомашиныг дуудлагын жолоочоор бариулаад ажил руугаа очсон. Манай ажил нь 105 байрны гаднах автомашины хаалгаар орох гэхэд автомат хаалгыг манаач хүн нь 3 удаа дээш доош болгоод автомашиныг оруулахгүй байсан болохоор миний хувьд бухимдаад машинаас буугаад манаачийн пүүтэг рүү орсон. Намайг пүүтэгт ороход Монхор гэх хүн байсан бөгөөд би тэр хүнтэй барьцалдаж аваад зогсож байхад цаад талаас нь Бүрнээ гэх залуу гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэрнээс бол би тэр хүнийг цохисон зүйл байхгүй, би тэр ахтай барьцалдаж авахад миний зүүн гарын эрхий хуруу тэр ахын ам руу нь ороод дотор талын завжийг нь хумсаараа урчихсан. Би бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

- Шүүгдэгч Ш.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23, 25 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.С нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Golden Vill /Голден вилл/ хотхоны харуулын байранд тус байранд харуулын ажилтай Ч.Монхортой “машины хамар дээр авто зогсоолын наалт унагасан” гэх шалтгаанаар маргалдах явцдаа нүүр болон аман тус газраас нь базаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ш.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Ч.Монхорт 250.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ш.С холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Ш.С нь 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Golden Vill /Голден вилл/ хотхоны харуулын байранд тус байранд харуулын ажилтай Ч.Монхортой “машины хамар дээр авто зогсоолын наалт унагасан” гэх шалтгаанаар маргалдах явцдаа нүүр болон аман тус газраас нь базаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Монхор, яллагдагчаар өгсөн Ш.С, гэрч Ц.Бүрэнтөгс нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9686 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ч.Монхор нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг ирүүлээгүй боловч шүүгдэгч Ш.С нь 250.000 төгрөгийг хохиролд хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Ш.С баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 36 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Манцаа овогт Ш С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш С 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.С оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ