Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 5883

 

      

 

 

 

 

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ХА64061815 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 204 тоотод оршин суух Гомбосүрэнгийн Алтансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХЛ78090261 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 15 дугаар хороолол,  201 дүгээр байрны 41 тоотод  оршин суух Аюуш овогт Болдбаатарын Ариунтунгалаг,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХО63081071 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, зүүн дөрвөн зам, 6 дугаар байр, 12 тоотод  оршин суух Их мэргэд овогт Доржпаламын Батчулуун нарт холбогдох,

“Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн 33.4 хувийн “Хувьцаа худалдах худалдан авах” 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэрээ болон 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батсайхан, хариуцагч Б.Ариунтунгалаг, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч Д.Батчулуун, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, гэрч С.Оюунгэрэл, Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтансүх болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1995 онд Хийморь кабелийн телевизийг Г.Батсайхан, Д.Болдбаатар бид гурав хамтарч байгуулсан. 2007 онд анхны захирал Г.Батсайхан нас барч, өв залгамжлагч түүний эхнэр С.Оюунгэрэл компаний үйл ажиллагаанд оролцох болсон. Үүний дараа 2013 онд Д.Батчулуун Харилцаа холбооны зохицуулах хорооны даргыг би танина нэг хүний хувьцаагаа надад зарвал радио станцийг оруулж ирж чадна гэж хэлсэн. Ингээд 2013 оны 7 сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж анх С.Оюунгэрэл өөрийн хувьцаагаа 700.000.000 төгрөгөөр зарна гэж байгаад зараагүй. Ингээд Д.Болдбаатар хувьцаагаа 200.000.000 төгрөгөөр Д.Батчулуунд зарсан. Эхлээд 100.000.000 төгрөгийг төлөөд, дараа нь 100.000.000 төгрөг дээр нууц гэрээ хийсэн байсан. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр Б.Ариунтунгалаг буюу Д.Болдбаатарын охин арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байна гэж хэлээд мэдсэн гэв. ДБолдбаатар буюу талийгаачийн өв залгамжлагч Б.Ариунтунгалаг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар арбитрын шүүхэд хандах гээд явж байхад нь Г.Алтансүх тааралдаад энэ талаар мэдсэн. Д.Болдбаатар анх 1.000.000.000 төгрөгөөр хувьцаагаа зарах гэж байсан байтал яагаад 200.000.000 төгрөгөөр бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүй зарсан бэ гэсэн асуудал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Б.Батсайхан, Д.Болдбаатар нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Уг гэрээг Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 270 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах эрх яригдана. Мэдэгдэх үүрэг хаанаас гарах вэ гэхээр Компаний тухай хуулийн 5.6 дах хэсэгт хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ гэж заасан. Иймээс хувьцаа эзэмшигч нь бичгээр бусад хувьцаа эзэмшигч нарт, компанид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл Д.Болдбаатар компанид бичгээр мэдэгдсэн зүйл огт байхгүй. Компанийг удирдах удирдлага буюу хувьцаа худалдаж авсан хүн нь худалдаж авсан хувьцааны төлбөрийг бүрэн төлөөгүй атлаа компанийн ногдол ашгийг аваад ашиг олоод байгаа учир компанид мэдэгдэх үүрэг яригдаж байгаа. 1 тэр бумаар хувьцаагаа зарна гэж байсан Д.Болдбаатар амьд ахуйдаа ярьж байсан учир Г.Алтансүх хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт гарын үсэг зурсан. Тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй байсан хүнд мэдэгдээгүй, дээрээс нь гуравдагч этгээдэд санал болгосон үнээсээ доогуур үнээр хувьцаа худалдсан учир хэлцэл хүчин төгөлдөр бус юм.  Иргэний хуулийн 270.3 дах хэсэгт 270.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол, худалдах худалдан авах гэрээ байгуулахыг шаардах эрхтэй. 271.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах эрхээсээ татгалзсан бол худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Өөрөөр хэлбэл давуу эрхтэй худалдах авах давуу эрхтэй хүнд худалдан авах боломж олгоогүй буюу өөр үнэ хэлчихээд уг үнээс доогуур үнээр гуравдагч этгээдэд хувьцаа зарсан нь хүчин төгөлдөр бус юм. Уг хүчин төгөлдөр бус хэлцлээс ямар хохирол гараад байна вэ гэхээр Д.Батчулуун гэх хүн хувьцааг худалдаж авсанаар компаний нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхийг түрүүлж авч, бусад хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг зөрчсөн асуудал гарч байгаа. Зээлийн гэрээ дээр Батчулууны эхнэр буюу Монголын цахилгаан шат компанитай 1 тэр бум төгрөгийн гэрээ байгуулсан. Батчулуун гэх хүн өөрийн эхнэртэй гэрээ байгуулж, залилангийн шинж чанартай үйлдэл хийсэн байгаа. Уг зээлийн гэрээгээ эвлэрүүлэн зуучлах дээр барьж очоод захирамж гаргуулчихсан. Өнөөдрийн байгаа байдлаар “Хийморь” ХХК гэж охин компанийг тусдаа байгуулчихаад, Хийморь кабелийн телевизтэй гэрээ байгуулж байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой гарах үр дагавар нь маш хохиролтой байгаа юм. Д.Батчулууныг хувьцаа эзэмших давуу эрх авсанаас хойш Г.Алтансүх ямар ч ногдол ашиг аваагүй. Гэтэл хариуцагч Д.Батчулуун “Хийморь” ХХК охин компаниас 800.000.000 төгрөг авч, өөрийн данс руу хийсэн үйлдэл бий. Иймээс хувьцаа худалдсан гэрээ болон нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ариунтунгалаг болон өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Б.Ариунтунгалаг миний бие өөрийн төрсөн аав болох Д.Болдбаатар нас барсаны улмаас хууль ёсны өв залгамжлагч болохын хувьд “Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, Компаний эрх шилжүүлэх гэрээний шаардах эрх болох “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээний төлбөр хувьцаанд ногдох компанийн эрхийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 016 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр өвлөн авсан болно. Миний аав Д.Болдбаатар нь 2013 онд иргэн Д.Батчулуунд “Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн 33.4 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг 300.000.000 төгрөгөөр худалдахаар “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ” зэргийг байгуулсан бөгөөд мөн “Нэмэлт гэрээ” байгуулж 300.000.000 төгрөг дээр нэмж 100.000.000 төгрөг нэмж нийт 400.000.000 төгрөгөөр хувьцааг худалдаж худалдан авахаар авахаар харилцан тохиролцсон болохыг мэдэж байгаа бөгөөд уг гэрээ байгуулахаас хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч нараас тэргүүн ээлжинд худалдах авах эсэх талаарх саналыг авсан эсэх нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Хувьцаа худалдан авсан тал болох Д.Батчулуун нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьцаа худалдан авсан үлдэгдэл төлбөр болох 200.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа бид энэ маргааныг шийдэгдсэний дараа Арбитрт хандана гэв.

 

Хариуцагч Д.Батчулуун өолон өгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсч байгааг илэрхийлдэг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн зөрчлийг арилгуулах, саад болж байгаа үйлдлийг зогсоох шаардлага гаргаад байна уу эсхүл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Болдбаатар, Д.Батчулуун нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах бөгөөд дээрх нөхцөл байдал иргэний хэрэг үүсгэсний дараа илэрвэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч гэж эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг хэлэх бөгөөд Г.Алтансүхийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.”Хийморь КАТВ” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Д.Батчулууныг компаний хувьцаа эзэмшигчээр хүлээн зөвшөөрч, компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ Г.Алтансүх тухайн хурал болон шийдвэр гаргахад өөрөө оролцож “...Би Д.Батчулууныг сайн танина, Мэргэжлийн хүн орж ирж байгаад баяртай байна. Цаашид хамтран ажиллах болно” гэснээс үзэхэд тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах боломжтой байсан, хувьцаа худалдахыг мэдсэн, өөрөө хувьцаа худалдан авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул Г.Алтансүхийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтансүх нь хариуцагч Б.Ариунтунгалаг, Д.Батчулуун нарт холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдааны явцад 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт гэрээ” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт гэрээ” нь Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхийг хэрэгжүүлж тэргүүн ээлжинд худалдан авах боломжийг хангаагүй, мөн 5.4-т заасан хувьцаа эзэмшигч нь худалдах тухай саналаа бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч Б.Ариунтунгалаг 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 016 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр “Хийморь кабель телевиз” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээний шаардах эрх болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөр хувьцаанд ногдох компаний эрхийг өвлөн авсан бөгөөд хуульд зааснаар бусад хувьцаа эзэмшигч нараас тэргүүн ээлжинд худалдан авах эсэх талаар саналыг авсан талаарх нөхцөл байдлыг мэдэхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч Д.Батчулуун “Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бөгөөд нэхэмжлэгч тус хуралд оролцож, хувьцаа худалдах болсоныг мэдсэн тэргүүн ээлжинд хувьцааг худалдан авах боломжтой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Д.Болдбаатар Д.Батчулуун нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр “Нэмэлт гэрээ”-гээр худалдагч Д.Болдбаатар нь өөрийн үүсгэн байгуулсан “Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн 33.4 хувийн хувьцааг “334 ширхэг” 400.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.Батчулуун  хувьцааг хүлээн авч үнийг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан ба Д.Батчулуун нь уг компаний хувьцаа эзэмшигч болсон нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

“Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн гишүүдийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Гишүүнээс хасч шинээр гишүүн элсүүлэх” тухай хурлаар “...хувьцаа эзэмшигч Д.Болдбаатар биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж санхүүгийн эх үүсвэр шаардлагатай болсноор өөрийн эзэмшлийн 33.3 хувийн хувьцааг Д.Батчулуунд худалдах” тухай Д.Болдбаатарын хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанаар тус компаний үүсгэн байгуулагч Д.Болдбаатар, Г.Алтансүх, С.Оюунгэрэл нар санал нэгтэйгээр Д.Болдбаатарыг ТУЗ-ын гишүүнээс хасч Д.Батчулууныг шинээр ТУЗ-ын гишүүнээр бүртгэх шийдвэрийг гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн “Компаний дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай хурлаар Д.Батчулууныг компаний хувьцаа эзэмшигчээр зөвшөөрч компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Хийморь Кабель Телевиз” ХХК-ийн Төлөөлөн удирдах хурлын шийдвэр зэргээр тогтоогдож байна.

 Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид  мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ”, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 Хуулийн зохицуулалтын агуулга нь дундаа хэсгээр өмчлөгч этгээд өөрт ногдох хэсгийг худалдах тохиолдолд дундаа хэсгээр өмчлөх бусад өмчлөгчид нь тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй тул бусад өмчлөгчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч Д.Болдбаатар хувьцаагаа бусдад худалдахдаа Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан бусад хувьцаа эзэмшигч нарт бичгээр мэдэгдээгүй, 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эрхийг хэрэгжүүлж тэргүүн ээлжинд худалдан авах боломжийг хангаагүй гэж маргаж байх боловч тэрээр хувьцааг бусдад худалдах тухай хуралд дэмжин санал гаргаж оролцсон үйл баримтаас үзэхэд худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлэхээс өөрөө татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хувьцааг надад нэг тэрбум төгрөгөөр худалдах санал гаргасан боловч гурвадагч этгээдэд дөрвөн зуун сая төгрөгөөр худалдсан гэж маргаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт гэрээ” нь бусад хувьцаа эзэмшигч нарт бичгээр мэдэгдээгүй, хууль зөрчсөн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Хуулиар хориглосон зүйлс талуудын хэлцлийн обьект болдоггүй бөгөөд 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон заалтыг зөрчсөн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох агуулгатай.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тус хэлцэл хууль зөрчсөн гэж тодорхойлсон боловч Д.Батчулуун, Д.Болдбаатар нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт гэрээ” нь агуулга, хэлбэр, субъект болон субъектив талын хувьд хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох бусад үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Алтансүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Батчулуун, Б.Ариунтунгалаг нарт холбогдох 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2013 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Г.Алтансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ