Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5911

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5284937 регистрийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6-92 тоотод оршин байх “Эйч Өү Би Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ДЮ69111502 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, 6-9а тоотод оршин суух Бэсүд овогт Доржийн Наранчимэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.425.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Наранчимэг нь “Эйч Өү Би Эй” компаниас 2015 оны 7 сарын 24-нд 0169/02 тоот зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг 240.000 төгрөгийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 56 хоногийн хугацаатай буюу 2015 оны 9 сарын 17-нд гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан юм. Д.Наранчимэг нь Нарантуул захад лангуу түрээслэн худалдаа хийдэг байсан бөгөөд орлого орохгүй байна, бараа муутай гэдэг шалтгаанаар төлбөрөө төлж дуусгаагүй. Одоогоор тус худалдааны төвд ажиллахаа больсон болно. Д.Наранчимэг нь 1.290.000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл нь 710.000 төгрөг, хүү нь 240.000 алданги 475.000 нийт 1.425.000 төгрөгийн төлбөр үлдсэн байна. Иймд төлөхгүй байгаа зээлийн нийт үлдэгдэл төлбөр 1.425.000 төгрөгрийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Эйч Өү Би Эй” ХХК нь хариуцагч Д.Наранчимэгт холбогдуулж 1.425.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож, 1.200.000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 200.000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч тал 225.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Эй Өү Би Эй” ХХК нь хариуцагч Д.Наранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.425.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Эйч Өү Би Эй” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1.425.000 төгрөгийн 225.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Наранчимэг 1.200.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 200.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч “Эйч Өү Би Эй” ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 1.425.000 төгрөгийн 225.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 1.200.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 200.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Д.Наранчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.750 төгрөгийн 50 хувь буюу 18.875 төгрөгийг улсын орлогоос, 18.875 төгрөгийг, хариуцагч Д.Наранчимэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Эйч Өү Би Эй” ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                               Л.ЭНХЖАРГАЛ