| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1059/Э |
| Дугаар | 1484 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1484
2019 09 25 2019/ШЦТ/1484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Г.О ,
хохирогч Б.Баттуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.О д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00831 1326 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.О
Холбогдсон хэргийн талаар:
Г.О нь хохирогч Б.Баттуяад “Хэнтий аймгаас хямд мал худалдан авч өгнө” гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 38.100.000 төгрөг дансаар шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярихгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттуяа мэдүүлэхдээ: Г.О ийн багын найз н.Алтанчимэг гэж эмэгтэй анх хөдөөнөөс орж ирээд миний хажууд лангуу түрээслэж суудаг байсан юм. Тэгээд Алтанчимэг Г.О найзыгаа лангуун дээрээ суулгалаа, та тусалж дэмжээрэй, олон хүүхэдтэй, сайхан сэтгэлтэй хүн байгаа юм, баян айлын ганц охин, хоёр өрөө байртай, туслаарай” гэхэд нь би хажуудаа суулгаж мах, шөлийг нь авч өгөөд, юмыг нь зааж өгдөг байсан. Манай нөхөртэй хамт сургууль төгссөн, Биндэр сумын Засаг даргаар олон ажилласан залуу бид хоёр эгч ээ, би аваад өгье. Та Алтанчимэгт битгий хэлээрэй. Алтанчимэгийг аваад өг гэхээр нь үгүй гээд хэлчихсэн юм. Та надад мөнгөө өгчих. Ах та очоод манай гэр орон, мал ахуйг үз гээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө манай нөхрийг аваад явсан. Тэгээд нөхөр очоод нөхөртэй нь танилцаад, эднийх мал ахуйтай, дажгүй айл юм шиг байна, мөнгө төгрөгөө өгчих гэхээр нь Г.О рүү мөнгөө бага багаар нь шилжүүлж эхэлсэн. Г.О над руу авчихлаа, одоо машинд бензин хийгээд колонк дээр зогсч байна, мөнгөө хурдан шилжүүлээрэй, хөдөөнөөс мал ачаад орж байна” гэж дандаа ярьдаг байсан. Г.О ийг 6-7 хүүхэдтэй, эх хүн, амьдрах гэж явж байгаа юм чинь бас амьдралын төлөө л байлгүй гээд өөрийн дүү шигээ санаж, Г.О д их итгэж, мөнгөө шилжүүлж өгсөн байдаг. Өгснөөс хойш Г.О ийн утас холбогдохгүй байхаар нь би Хэнтий аймаг руу ажлаа орхиод, бензин тос зараад очсон чинь Г.О мал дээрээ дагуулж очоод бэлчээрт явж байсан малнууд үзүүлээд, энэ танай мал байгаа юм, манай хүүхэд хариулж байгаа гэдэг байсан. Нөхөр бид хоёр малаа авах гэж 7 удаа очсон, нэг удаад нь нөхөр нь бид хоёрт 250.000 төгрөгөөр бензин хийгээрэй гэж өгсөн, 6 удаад нь ямар ч зардал төлөөгүй. Очих болгондоо мал үзүүлээд байхаар нь итгэчихсэн, очих болгондоо хүүхдүүдэд нь бэлэг сэлт гэх мэт янз бүрийн аваад очдог, нэг хоёр очсоны дараа “эгч ээ, та битгий бензин тос зарж яв. Би худлаа хэлсэн юм. Малыг чинь аваагүй” гэсэн бол олон удаа бензин тос зарж явахгүй байсан. “Одоо ингээд ялгаад өглөө, энэ цэнхэр будгаар будсан нь танай хонь шүү, машинаасаа буугаад хар” гэж итгэл үнэмшил төрүүлж байсан. 9.500.000 төгрөг нөхөр Н.Бүрэнтөгсийнх нь данс руу орсон байдаг. Би хоёул хоёулан дээр нь эрүү үүсгээд яахав дээ гээд Н.Бүрэнтөгст шилжүүлсэн мөнгөө шүүхээр нэхэмжилнэ гэж бодож байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттуяагийн өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” захад 2014 оноос эхлэн лангуу түрээсэлж ажиллуулж байгаа юм аа. 2017 оны 10 дугаар сард миний хажуу талын лангууг Г.О гэгч эмэгтэй түрээсэлж, тэр эмэгтэйтэй танилцсан. Ингээд 2017 оны 12 дугаар сард Г.О гэгчид манай нөхрийн хамт сургууль төгссөн найз нь Хэнтий аймгийн Биндэр суманд олон жил Засаг дарга хийсэн Алтангэрэл гэж хүн байдаг. Тэр хүнээр нөхөр бид зээл авч нэг төлгийг 50,000 төгрөгөөр худалдаж авах санаатай байгаагаа хэлэхэд Г.О нь манай Хэнтийн Баянхутаг суманд мал маш хямдхан байдаг ба би танд нэг хургийг 30,000 төгрөгөөр авч өгье гэсэн манайх мянгат малчин айл байгаа юм аа манай малыг миний ядарсан ах малладаг. Би танай хүнийг дагуулж яваад өөрийн гэр орон, мал ахуй, хашаа хоро өвөлжөө өртөгийг нь үзүүлээд нөхөртэйгээ танилцуулья. Манай нөхөр маш томоотой залуу байгаа. Та очиж танилцаад гэрээ байгуулаад малаа аваарай гэж хэлсэн. Тэгээд надад 210 хурга манай таньдаг ахынд байгаа мөнгөний хэрэг болооод байна гээд 2017 оны 12 дугаар сарын 22-нд нөхөр Бүрэнтөгсийн дансаар /5955003486/ 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын 25-нд мөн энэ дансаар 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 31-нд өөрийн Г.О ийн /5935267514/ дансаар 300,000 төгрөг, тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Жаргалсайханг Хэнтий аймаг руу авч явсан. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 13-н удаагийн гүйлгээгээр 47,016,000 төгрөг шилжүүлж залилуулсан учраас Цагдаагийн байгууллагад хандсан юм. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Нийгмийн даатгалын байранд байдаг Нотариат дээр ирж 210 хургыг нэг тус бүрийг нь 30,000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулсан. Тэгээд 6,300,000 төгрөгийг бэлэн авья гэхээр нь эхний ээлжинд 4,800,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг сүүлд нь шилжүүлсэн... гэх мэдүүлэг. /хх-ийн 16, 17,18,19 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.О ийн: ...Би 2017 оны 11 дүгээр сараас эхлэн найз Алтанчимэгийн нэг лангууг бүтнээр нь түрээслэн худалдаа хийсэн. Баттуяа нь тухайн үед миний дэргэдэх лангуун дээр сууж худалдаа наймаа эрхэлдэг байсан ба тухайн үед хамт ажиллаж байгаад танилцсан. Тэгээд Б.Баттуяа намайг орон нутагт амьдардаг гэдгийг мэдээд мал авах талаар надтай ярьсан. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард том охин маань гэмтээд тэгээд би лангуу түрээслэхээ больж хөдөө явахаар болсон юм. Тэгээд Баттуяа эгч мал авах талаар яриад тохиролцсоныхоо дагуу миний 5935267514 дугаартай”ХААН “ банкны данс руу
1. 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 300,000 төгрөг
2. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3.900.000 төгрөг
3. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг
4. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2.090.000 төгрөг
5. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5.000.000 төгрөг
6. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг
7. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 2.676.000 төгрөг
8. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 5.250.000 төгрөг
9. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг
10. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 300.000 төгрөг нийт 37.516.000 төгрөг, манай нөхөр Н.Бүрэнтөгсийн дансруу
1. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг
2. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг
3. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 9.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд нийт 46.016.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Би 8.916.000 төгрөгийн үнэ бүхий махыг нийлүүлсэн байгаа. Одоо 38.100.000 төгрөгийг өгөх ёстой байгаа. Тэгээд би төрж бага хүүгээ гаргасан, тэгээд л нийлүүлж чадаагүй. 30.000.000 төгрөгт 1000 хурга, 8.100.000 төгрөгөнд нь мах өгнө гэж тохирсон байсан. Би 38.100. 000 төгрөгийг эмнэлгийн мөнгө төгрөг гээд өөрийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Би учруулсан хохирлоо төлж барагдуулах болно... гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.О ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.О нь хохирогч Б.Баттуяад “Хэнтий аймгаас хямд мал худалдан авч өгнө гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 38.100.000 төгрөг дансаар шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Баттуяа, яллагдагчаар өгсөн Г.О нарын мэдүүлэг, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.О ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.О нь Хэнтий аймгаас хямд үнэтэй мал олж өгнө гэж итгүүлэн хохирогчийн мөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулж хариу төлбөрийг хийхгүй байгаа үйлдэл нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Оююунгэрэлийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Г.О ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Баттуяагаас нийт 38.100.000 төгрөг дансаар шилжүүлэн авч хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Г.О ээс гаргуулан хохирогч Б.Баттуяад олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баттуяа нь Г.О д шилжүүлэн өгсөн мөнгийг банкнаас зээл авч шилжүүлэн өгсөн тул банкны хүүг нэмж нэхэмжилнэ гэж байх боловч банктай Б.Баттуяа зээлийн гэрээ хийж үүрэг хүлээсэн тул зээлийн хүүг Г.О ээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй, харин бодитоор учирсан 38.100.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.О д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.О ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.О /РД:/-с 38.100.000 /гучин найман сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Батдоржийн Баттуяад /РД:/ олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ