| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0180/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-08-15 |
| Зүйл хэсэг | 115.1., 192.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 54
Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Батзориг
Ц.Амаржаргал
Прокурор Н.Дуламсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 172 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Т-, А-ийн Т-, ЧулуунБ-ын Ч- нарт холбогдох эрүүгийн 201709000220 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Алаг морьт овогт Б-ын Т-, 1995 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 1-р хэсгийн 3-3 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТА********** регистрийн дугаартай.
2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт А-ийн Т-, 1994 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 5-р хэсгийн 3-11 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэж, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжаар 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ТЕ94052216 регистрийн дугаартай.
3. Монгол Улсын иргэн, Боржигон овогт ЧулуунБ-ын Ч-, 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настаи, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 1-р хэсгийн 2-5 тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ТА93032714 регистрийн дугаартай.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр: Б.Т-, А.Т-, Ч.Ч- нар нь 2017 оны 02 дугаар сарын сүүлч 3 дугаар сарын эхээр сэтгэцэд нөлөөлөх делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabino/ агуулсан хогийн олс гэх ургамлыг борлуулах зорилгогүйгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрээс түүж хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,
-Б.Т-, А.Т-, Ч.Ч- нар нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй Я.Тайваныг /16 нас 03 сар 18 хоногтой/ согтуурал, мансууралд татан оруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Б.Т- нарт холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 172 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, насанд хүрээгүй хүнийг мансууралд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарыг тус бүрийг 1 сар /нэг сар/-ын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарыг тус бүрийг 3 сар /гурван сар/-ын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Т-д, Б.Т-, Ч.Ч- нарын биечлэн эдлэх ялыг 4 сар /дөрвөн сар/-ын хугацаагаар баривчлах ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарт оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар,
-Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор... тус тус шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Б.Т-, А.Т-, Ч.Ч- нар нь 2017 оны 02 дугаар сарын сүүл 03 дугаар сарын эхээр сэтгэцэд нөлөөлөх делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агуулсан хогийн олс гэх ургамлыг борлуулах зорилгогүйгээр Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрээс түүж хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар, Б.Т-, А.Т-, Ч.Ч- нар нь 2017 оны 03 дугаар 13-ны өдөр насанд хүрээгүй Я.Тайваныг /16 нас 03 сар 18 хоногтой/ согтуурал, мансууралд татан оруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар тус тус зүйлчилж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, насанд хүрээгүй хүнийг мансууралд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 3 сар /гурван сар/-ын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялыг 4 сар /дөрвөн сар/-ын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн 172 тоот шийтгэх тогтоолыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр прокурор хүлээн авч танилцлаа.
Анхан шатны шүүхийн 172 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарыг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д “ ... гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ...” гэж заасан байхад шүүгдэгч Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарт уг зүйл ангиар ял оногдуулахдаа 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь, оногдуулсан баривчлах ялыг нэмж нэгтгэсэн 3 дахь заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 172 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.
Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор оролцох хүсэлт гаргаж байна ” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарын хууль ёсны, эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт нийт 4 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эрхтэй. Анхан шатны шүүх хуучин хуулийг хэрэглэхдээ процессийн алдаа гаргаж шүүгдэгч нарт 3 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан учраас шүүгдэгч нарт 3-с дээш сарын баривчлах шийтгэл оногдуулж, шинэ хуулиар баривчлах шийтгэл байхгүй болсон учраас шүүгдэгч нарыг баривчлах шийтгэлээс чөлөөлж өгнө үү гэв.
Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “3-с дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт 3 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Мөн оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж дээд шатны прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Шинэ Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан” гэж заасан. Зүйлчлэлийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Ялыг хүндрүүлэх эрх нь давж заалдах шатны шүүхэд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэв.
Тодорхойлох нь:
Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарыг 2017 оны 02 дугаар сарын сүүлч 3 дугаар сарын эхээр сэтгэцэд нөлөөлөх “делта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabino/ агуулсан хогийн олс гэх ургамлыг борлуулах зорилгогүйгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрээс түүж хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мөн Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй Я.Тайваныг /16 нас 03 сар 18 хоногтой/ согтуурал, мансууралд татан оруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 192 дугаар зүйлийн 192.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарыг тус бүрийг 1 сар /нэг сар/-ын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарыг тус бүрийг 3 сар /гурван сар/-ын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч А.Т-, Б.Т-, Ч.Ч- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялыг 4 сар /дөрвөн сар/-ын хугацаагаар баривчлах ялаар тогтоож, уг ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлэх, урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор тус тус зааж шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянахад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байх боловч шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан баривчлах ял оногдуулахдаа “ ...гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах....ял шийтгэнэ” гэж заасан байхад гурван сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан…Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн…гэж үзэх үндэслэлтэй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Б.Т-, А.Т-, Ч.Ч- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.БАТЗОРИГ
Ц.АМАРЖАРГАЛ