Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0046

 

    “И д и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 712 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор, “И д и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 712 дугаар шийдвэрээр: Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д тус тус заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тушаал цуцлах тухай А/82 дугаар тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... 1. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-д “... Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэсэн байна.

          Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/73 дугаар Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто зам, тээвэрлэлтийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн удирдлага, ард иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсох, гаргасан гомдлын талаар газар дээр судалж ажиллах зорилго бүхий Ажлын хэсэг ажилласан.

          Уг ажлын хэсэг ажиллах болсон шалтгаан нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын 104 иргэнээс Зам, тээврийн хөгжлийн сайдад хандан гаргасан “... Цогтцэций сумын малчид, иргэд бидэнд ганц үлдсэн бэлчээр сайтай нутгаар минь хүнд даацын олон арван машин, олон арван салаа зам үүсэж, бэлчээр талхлан, хог хаягдал үүсгэн малчид бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл, мал ахуйгаа эрхлэх боломжийг алдагдуулж эхэллээ ...” гэсэн утга бүхий өргөдөл хүсэлт,

          Мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын 235 иргэдээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “... сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын машины хөдөлгөөний улмаас тус суманд амьдарч буй малчид, ард иргэд бидний эрүүл аюулгүй орчин ажиллах, амьдрах эрх зөрчигдөж дараах хүндрэлүүд үүсээд байна. Тоосжилт асар их болж амьсгалах, үзэгдэх орчин хязгаарлагдах, малын ноос, ноолуур үнэгүйдэх, хээл хаях, өвчлөх, малын нүл улайх, сохрох ...” гэсэн утга бүхий өргөдөл, хүсэлт,

          Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын 72 иргэдээс гаргасан “... Замын дагуу хог хаягдал хаях, тоосжилт үүсэх, газрын хөрсний эвдрэл үүсэх, мал өвчлөх (уушиг хатуурч, амьсгал нь давхцах үхэх) зэрэг хүнд нөхцөл байдал үүсээд байна ...” гэсэн утга бүхий өргөдөл хүсэлтүүдийн дагуу томилогдон ажилласан.

          Улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38-01-002-067/66 дугаар дүгнэлтийн 5-д “Тухайн орон нутгуудад гаргасан олон салаа замаар нүүрсний тээвэрлэлт хийгдсэнээс мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор өнгөрөх, хонох, айлын хаяагаар өнгөрч, иргэдийн амь нас эрүүл мэндээр хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн байгаа нь ...” гэснээс тус тус үзвэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалыг түдгэлзүүлснээр тухайн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх шороон замаар дахин нүүрс тээвэрлэлт явж эхлэх бөгөөд ингэснээр тухайн орон нутагт амьдарч буй иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан эрх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

          2. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 3-д “... Зам, тээврийн хөгжлийн сайд нь “И д и” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байна.

          Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалын үндэслэл нь Улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38-01-002-067/66 дугаар дүгнэлт бөгөөд уг дүгнэлтийн 1-д “... иргэдийн амь нас эрүүл мэнд хохирох, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүсэж байгаа тул Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 227 дугаар тушаалыг цуцлах”, 2-т “... хүнд даацын тээвэрлэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулж, холбогдох норм дүрэм, стандарт хангасан авто зам, замын байгууламжийг барьж ашиглалтад оруулах хүртэл түр зогсоох арга хэмжээ авах зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг тус яаманд өгсний дагуу дээрх тушаал гарсан.

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 5319 дүгээр захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан “И д и” ХХК-ийн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн хяналтын улсын байцаагчдын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын тээвэрлэлтийн тухай 038-07.002.067/66 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

          Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1904 тоот болон 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07/1446 албан бичгүүдээс үзэхэд “И д и” ХХК-ийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах гомдол, хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох яамдуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ойрын хугацаанд хяналт тавин ажиллахаар болсон талаар дурдсан.

          Иймд улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38-01-002-067/66 дугаар дүгнэлтийг хянан шийдвэрлээгүй тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалын цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акт гаргах хууль, эрх зүйн үндэслэлгүй байна.

          3. Шүүхийн шийдвэрээс үзвэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалын 1 дэх заалт буюу “... Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны “Эзэмших эрх шилжүүлэх тухай” 227 дугаар тушаалыг цуцалсугай” гэж заасан заалттай холбогдуулан түдгэлзүүлэх үндэслэл, тайлбарыг хийсэн байна.

          Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалын 2 дахь заалт буюу “Улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38-07-002-067/66 дугаар дүгнэлтийн 2-т заасны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай зам барих хүртэл хориглосугай” гэж заасан нь “И д и” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх, хэрхэн хөндөгдсөн, уг заалтыг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, тайлбарлаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн байна.

          Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 712 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасныг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжиж оролцсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “И д и” ХХК нь “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалыг бүхэлд хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Гэтэл энэхүү тушаал нь хяналтын улсын байцаагчдын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №038-07-002-067/66 дүгнэлтийг үндэслэн гарсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/82 дугаар тушаал гарах шууд, гол үндэслэл болсон байна.

Энэхүү захиргааны актын үндэслэл болсон улсын байцаагчдын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №038-07-002-067/66 тоот дүгнэлтэд холбогдуулан гаргасан гомдол хянан шийдвэрлэх шатанд байгаа ажээ. Энэхүү нөхцөл байдлыг болон бусад үндэслэлийг харгалзан анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүх дээрх нөхцөл байдлаас гадна 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хяналт шалгалтын Танилцуулгад “... 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ... зэрэг 11 аж ахуй нэгж байгууллагын давхардсан тоогоор 881 тээврийн хэрэгсэл 70-99 тонн ачилт хийсэн нь ойролцоогоор 61600 мянган тонн нүүрс тээвэрлэгдсэн байна” гэсэн ба дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И д и” ХХК хэдэн тээврийн хэрэгслээр, хэдэн удаа, нийт хэдий хэмжээний тонн нүүрс тээвэрлэсэн нь тодорхойгүй,

Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Зам хариуцагч байгууллагын үүргүүдийг тодорхой зааж хуульчилсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалд “И д и” ХХК нь авто зам эзэмшигчийн буюу зам хариуцагчийн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар тодорхой заагаагүй,

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/82 дугаар тушаал нь “Тушаал цуцлах тухай” гэсэн тэргүүтэй гарсан атлаа уг тушаалын 2 дахь заалтаар “... Таван толгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг ... хатуу хучилттай зам барих хүртэл хориглосугай” гэж шийдвэрлэсэн нь тушаалын тэргүүгээс зөрүүтэй байгаа,

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан шаардлагыг хангаж ажилласан талаарх баримт байхгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/82 дугаар тушаалыг гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг дутуу шалгасан нь учир дутагдалтай байна” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан нь зөв байна.

Гагцхүү Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/82 дугаар тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь бодит байдалд тохирохгүй хэт богино, хариуцагч захиргааны байгууллагад хууль ёсны шийдвэр гаргах боломжит хугацааг тогтоогоогүй байна гэж үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах гомдолд Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын 104 иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 235 иргэд, Дундговь аймгийн Өлзийт сумын 72 иргэд өргөдөл гаргасан тухай дурджээ. Гэвч тухайн иргэд нь авто замын орчимд амьдардаг болохыг нотолсон баримт хангалтгүй байна. Мөн “мал дайрах” тухай дурдсан боловч ямар нэгэн зам тээврийн осол гарч байсан талаар нотлох баримтыг хариуцагчийн талаас гаргаж, нотолж чадаагүй болохыг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 712 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэснийг “6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР