Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2063

 

“ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

Гэрээний үлдэгдэл хөлс 5 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ-ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай телевиз нь ХХХХХ-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЦАС-2015/33 дугаартай Мэдээлэл, сурталчилгааны ажил гүйцэтгүүлэх, түүнийг санхүүжүүлэх тухай гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд манай телевиз гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хооронд нийт 6 000 000 төгрөгийн зар сурталчилгааг өөрийн МИС телевизийн эфирээр цацсан.

ХХХХХ нь дээрх төлбөрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 700 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн төлбөр буюу 5 300 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Төлбөрийн үлдэгдлээ төлөхийг тус яамнаас удаа дараа шаардсан боловч тухайн зар сурталчилгааны санхүүжүүлэгч нь Засгийн газрын Цэвэр агаар сан байсан бөгөөд тус сан татан буугдсан учраас одоо манайд хамааралгүй болсон гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл тус яамтай байгуулсан ЦАС-2015/33 дугаартай гэрээний захиалагч нь Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлапын яам байсан бөгөөд Засгийн газрын Цэвэр агаар сан санхүүжүүлэгчээр оролцож байсан. Гэрээний дагуу санхүүжүүлэгч нь хэн байхаас үл хамаарч захиалагч тал гэрээний төлбөрийн үүргийг биелүүлэх ёстой.

“ХХХХ” ХХК, ХХХХХны хооронд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ТАС-2015/33 дугаартай Мэдээлэл, сурталчилгааны ажил гүйцэтгүүлэх, түүнийг санхүүжүүлэх тухай гэрээний хүрээнд өөрийн телевизийн эфирээр нэвтрүүлсэн зар сурталчилгааны төлбөрийн үлдэгдэл болох 5 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх бичгээр гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүрдүүлж чадсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 500 000 төгрөг болгож байна. Иймд дээрх гэрээний дагуух төлбөрийн үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанид олгоно уу гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 501 дүгээр тогтоолын 4 дэх хэсгийн 3-т зааснаар Цэвэр агаарын сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг нь ХХХХХ-д шилжүүлсэн.

2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр захиалагч тал ХХХХХ, санхүүжүүлэгч тал Засгийн газрын тусгай сан Цэвэр агаарын сан, гүйцэтгэгч тал “ХХХХ” ХХК нар Мэдээлэл, сурталчилгааны ажил гүйцэтгүүлэх, түүнийг санхүүжүүлэх тухай ЦАС-2015/33 дугаартай 6 000 000 төгрөгийн ажпыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан.

Уг гэрээг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ХХХХХны Хэвлэл мэдээллийн албаны дарга ХХХ, “ХХХХ” ХХК-ийн МИС телевизийг төлөөлж ХХХХ нар дүгнэн Хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн акт-ыг баталсан байна. Энэхүү актын дүгнэх хэсэгт “ХХХХ” ХХК-ийн МNC телевиз 5 мэдээ, 1 ярилцлага нийт 700 000 төгрөгийн өртөгтэй мэдээ, мэдээллийг цацсан байна. Гэрээний гүйцэтгэл 11.6 хувьтай биелсэн гэж дүгнэв хэмээн талууд акт үйлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 1 100 000 төгрөгийг хариуцагч ХХХХХнаас гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХнаас 30 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХХХХнаас “ХХХХ” ХХК ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 5 300 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 төгрөг болгож бууруулсан. Харин шүүх Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг үндэслэн 1 100 000 төгрөгийг тус яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар “ХХХХ” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Мэдээлэл сурталчилгааны ажил гүйцэтгэх, түүнийг санхүүжүүлэх тухай ЦАС-2015/33 тоот гэрээг талууд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дүгнэж акт үйлдэж баталгаажуулсан.

Уг ажил хүлээлцэх актаар “ХХХХ” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 24 мэдээ, 16 фото мэдээ, 8 ярилцлага, 2 000 шторк, 1 бэлэн нэвтрүүлэг цацах ёстой бөгөөд нийт 6 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх байснаас 5 мэдээ, 1 ярилцлага нийт 700 000 төгрөгийн ажил гүйцэтгэж уг төлбөрийг гүйцэтгэгч тал авсан байдаг.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “ажлыг бүрэн гүйцэтгэж”, “ажлын үр дүнг хүлээлгэн өгөх” гэх үг байгаа бөгөөд гэрээний нэг тал болох гүйцэтгэгч тал ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй нь гэрээ дүгнэсэн акт, гэрч ХХХ-ны мэдүүлгээс тодорхой харагдаж байсан. Мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т “...гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх...” гэж заасан бөгөөд ХХХХХ ажлын үр дүнгээр гэрээний хөлсийг төлсөн байхад анхан шатны шүүх гэрээг дүгнэж 1 100 000 төгрөгийн ажил хийсэн байна гэж үзсэн нь хууль бус юм. Шүүх гэрээний нэг тал биш бөгөөд гэрээг дүгнэх субъект биш юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт нотлох баримтаар авагдсан CD-бичлэгт үзлэг хийсэн. Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн актад дүгнэгдсэн 5 мэдээ, 1 ярилцлага энэхүү хэрэгт авагдсан мэдээ, ярилцлагуудтай давхцаж буй эсэх талаар хариуцагч тодорхой хариулт өгч чадаагүй гэсэн байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн CD бичлэгүүдэд гэрээгээр тохиролцсон ажилтай ямарч хамааралгүй мэдээ, ярилцлагууд байсан бөгөөд өөрсдийн телевизийн архиваас түүж авчирсан зүйлүүд байсан.

Гэрээг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дүгнэх үед “ХХХХ” ХХК нь мөн л гэрээгээр тохиролцоогүй ийм ажлуудыг авчирж гэрээний дагуу хийсэн ажил болгох гэж оролдож байсан нь тухай үед яамны хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байсан гэрч ХХХ-ны мэдүүлгээс тодорхой харагддаг. Шүүхийн шийдвэрт 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХХХ-ныг гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан тухай нэг ч дурьдаагүй байгаа нь хэргийг тал бүрээс нь нягталж шийдвэр гаргаагүйг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх талаарх хуулиар тогтоосон журыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь ХХХХХ-д холбогдуулан /цаашид БОАЖЯ  гэх/ гэрээний үүрэгт 5 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 500 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид  2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр  “Мэдээлэл сурталчилгааны ажил гүйцэтгүүлэх, түүнийг санхүүжүүлэх тухай” гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаагаар байгуулсан,  талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээний захиалагч тал БОАЖЯ, санхүүжүүлэгч тал Засгийн газрын тусгай зориулалтын Цэвэр агаар сан,  гүйцэтгэгч тал “ХХХХ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн, талууд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн үйл баримтын талаар маргаагүй боловч уг актаар гэрээг эцэслэн дүгнэсэн эсэхээр харилцан зөрүүтэй тайлбарыг гарган маргажээ.

            Нэхэмжлэгч нь”2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ дүгнэж акт үйлдэх үед ажлын хөлсөнд Цэвэр агаар сангаас 700 000 төгрөгийг төлж, гэрээний дагуу хийсэн ажлын үлдэх хөлсийг БОАЖЯ-аас гаргуулахаар акт үйлдэж гарын үсэг зурсан”  /хх-87/ гэж тайлбарлан, үлдэх ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол, хариуцагч БОАЖЯ-наас гэрээний хүрээнд хийсэн ажлыг бүхэлд нь дүгнэж, гүйцэтгэл 11.6 хувьтай болохыг уг актаар дүгнэсэн, ажлын үр дүнд тохирсон хөлс 700 000 төгрөгийг төлсөн  гэж тайлбарлажээ. Уг татгалзлаа нотлохоор “Хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн акт” /хх-60/-ыг гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлохоор дүрс бичлэг бүхий 2 ширхэг CD-г шүүхэд баримтаар гаргасан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр уг CD-д шүүхээс үзлэг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасан журмын дагуу баримтжуулсан тэмдэглэлд 21 мэдээ, 2 ярилцлага тусгагдсан байна. /хх-35-46/

Нэхэмжлэгч нь  ажлын хөлс төлөх гэрээний үүргийг БОАЖЯ-аас удаа дараа шаардсан боловч төлөөгүй гэж тайлбарласан ч шүүхэд гаргаж өгсөн CD дэх 21 мэдээ, 2 ярилцлагыг “MNC” телевизэд яамны захиалгаар гэрээт ажлын хүрээнд байрлуулснаа болон ажлын үр дүнг хэзээ хэрхэн хүлээлгэж өгснөө баримтаар нотлоогүй байна.

Мөн шүүх хуралдааны шатанд гэрээ дүгнэсэн актад үлдэх төлбөрийг БОАЖЯ-аас нэхэмжлэхийг тэмдэглэсэн 2 хуудас акт гарсан, акт засагдсан байна гэж тайлбарлажээ. /хх-88/ 

Хариуцагч БОАЖЯ нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний актаар гэрээг бүхэлд нь дүгнэсэн гэх боловч ажил гүйцэтгэгчээс ирүүлсэн нийт хэдэн мэдээ, ярилцлагаас ямар нэртэй 5 мэдээ, 1 ярилцлагыг хүлээн авч хөлс төлсөн талаар тайлбарлаагүй, холбогдох баримтаар нотлоогүй байна.

Дээр дурдсан хэргийн нотлох баримт, зохигчдын тайлбараар ажил гүйцэтгэгчээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн 5 мэдээ, 1 ярилцлага нь шүүхэд 2 CD-ээр баримтжуулан гаргасан 21 мэдээ, 2 ярилцлагатай давхцаагүй, тусдаа гэдгийг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн “Хэвлэл мэдээллийн байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний гүйцэтгэлийн акт” гэх 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн баримтын агуулгыг талууд өөрөөр тайлбарлаж байхаас гадна уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах ба эргэлзээтэй, хуулийн шаардлагад нийцээгүй баримт нь шийдвэрийн үндэслэл болохгүй.

Мөн ажил гүйцэтгэгчээс гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн эсэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах үүргээ зөрчсөн эсэх маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул улмаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

            Дээрх байдлаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хариуцагч БОАЖЯ-нд хөлс төлөх үүрэг үүссэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр 1 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2016/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаач чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ