| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1829/Э |
| Дугаар | 1857 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц. Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1857
2019 12 11 2019/ШЦТ/1857
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаярын Э.Чд холбогдох эрүүгийн 1906 06384 2639 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Ч.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Чагнаадоржтой маргалдан, улмаар хутгаар баруун гуянд нь хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06384 2639 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Ч нь иргэн Г.Чагнаадоржийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Чагнаадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний үдээс хойш 19-н цагийн үед “Нарантуул” зах дээр очиж найз Ганбаатай уулзсан ба хажууд нь зүс таних Баак, Шантка гэх хоёр ах байсан. Тэгтэл Ганбаа надад архи уух талаар санал тавьсан. Ингээд бид 4 нийлээд Ганбаагийн машинд нь суугаад нэг шил 0.5-н архи уусан ба архиа уугаад дуустал Шантка гэх ах манай гэрт очиж архи ууя гэсэн санал тавьсан. Тэгтэл Ганбаа очихгүй гээд би болон Баак, Шантка бид гурав Баянзүрх дүүргийн 14дүгээр хороо 69 дүгээр байр, 8 давхар 804 тоотод очсон ба замаараа 1 шил 0.75, 1 шил 0.5-ын архи авсан. Ингээд тэдний гэрт нь ороод бид гурав 0.5-ын архиа задлаад ууж байтал Баак гэх ах Шанткад хандан гэртээ битгий хулгайч цуглуулж бай наад бацаанаа явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл явлаа, би хулгай хийдэггүй гэж хэлсэн. Тэгтэл Баак гэх залуу би чамайг хулгайч гэж хэлсэн юм уу гээд намайг бариад авсан ба би Баакаас салах гээд бид хоёр ноцолдсон. Тэгтэл Шантка хажуу талаас орж ирэн намайг боогоод нуруу руу цохисон бөгөөд би газар унасан. Ингээд би газраас босон хаалга руу гүйх гэтэл хаалганы үүдэнд нөгөө хоёр зогсож байхаар нь би сандалны хажууд байсан хутга аваад тэр хоёрт хандан намайг гаргачих гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр за ахын дүү наад хутгаа тавьчих гээд гуйсан. Тэгэхээр нь би хутгаа газар хаясан. Тэгтэл Шантка гүйж ирэн намайг хавсарч унагаагаад нөгөө хутгыг аваад гуяны урдаас дүрчихсэн. Тэгээд цус гарч эхэлсэн учир би 103 дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгтэл Шантка сүртэй юм биш байна гээд миний шархан дээр архи асгасан. Ингээд би байж байгаад Шанткагийн утсыг аваад эхнэр рүүгээ залган дуудсан. Тэр үед Баак хаалган дээр байгаад байсан. Ингээд түр байж байгаад Баак хаалганаас холдоод явахаар нь би гүйгээд хаалгыг нь онгойлгоод орцонд нь гартал араас Шантка гүйж гарч ирээд “чи муу ямар сүртэй бааштай пизда вэ жинхэнэ хутгалж үзүүлье” гээд маслоны төмөр хутга барьчихсан зогсож байсан. Ингээд намайг буцаад гээд татахаар нь би орохгүй гэж эсэргүүцээд орцондоо үлдэн эхнэрийгээ хүлээж байсан гэх мэдүүлэг/хх 11-12 /,
Гэрч Д.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчим манай нөхөр болох Г.Чагнаадорж 90526767 дугаарын утаснаас залгаад 69 дүгээр байрны 8 давхарт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд дүү Б.Батзоригийг дагуулаад Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн хойд хаалган дээр байрлах 69 дүгээр байрны 8 давхарт очиход баруун хөлний гуяанд хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Шалаар нь болон хананд цусны мөр их хэмжээтэй байсан. Тэгээд би 103 болон 102-т дуудлага өгсөн. Намайг дуудлага өгч байх хооронд манай дүү болох Батзориг 8 давхраас шатаар доош гүйгээд 10 минутын дараа нэг бараан өнгийн хувцастай 35-45 орчим насны эрэгтэй хүнийг дагуулж ирсэн. Тэгээд манай нөхрөөс энэ залуу таныг хутгалсан залуу мөн үү? гэж асуухад манай нөхөр Чагнаадорж мөн гэж хэлсэн тэгээд тэр залуугаас юу болсон талаар асуухад өөрийгөө удирдаж хүнтэй харьцах чадваргүй согтолтын байдалтай байсан гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч Б.Мянганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
Би тус өдөр гадуур ажилтай явж байгаад орой 19 цагийн үед “Нарантуул” зах дээр бараагаа буулгах гээд ирсэн. Ингээд “Нарантуул” дээр явж байтал манай Ганбаа гэх найз Нарантуулын зогсоол дээр хүрээд ир гэж дуудсан. Ингээд Ганбаа дээр очтол Э.Ч, Чагнаа, Ганбаа гурав байж байсан бөгөөд нэг шил архи тавьчихсан сууж байсан. Тэгээд бид 4 нийлээд тэр архийг нь хувааж уусан бөгөөд Ганбаа гэрлүүгээ харихаар явсан. Тэгэхээр нь Чагнаа, Э.Ч, бид гурав Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Э.Чы гэр рүү нэг шил архи аваад очиж уухаар тохироод тэдний гэрт очсон. Ингээд бид гурав архиа хувааж уугаад байж байсан бөгөөд би жоохон согтсон байсан. Нэг мэдэхэд Чагнаа гартаа хутга барьчихсан ална гээд зогсож байсан. Тэгэхээр нь боль гээд Чагнаад хэлээд болилуулах гэтэл намайг газар хавирч унагаасан бөгөөд дахиад босоод иртэл дахин хавирч унагаагаад байсан. Ингээд би газар уначихаад босоод иртэл Чагнаа өмдөө тайлаад гуяаа гаргаад ирчихсэн гуянаас нь цус гарчихсан Чандамьсайхан ахаа та яаж байгаа юм гээд сууж байсан. Тэр үед Э.Ч түргэн дуудсан. Ингээд Чагнаа эхнэр рүүгээ залгаад эхнэрээ дуудсан бөгөөд бид гурав гаръя гээд орцонд гарсан. Тэгтэл эхнэр нь ирж байна бас цагдаа дуудсан гэхээр нь би айгаад түрүүлээд тус газраас гараад явчихсан гэх мэдүүлэг /хх 18/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12950 дугаартай:
Г.Чагнаадоржийн биед баруун гуянд шарх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 21/,
Шүүгдэгч Э.Чы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой Нарантуул зах дээр ажлаа хийж байгаад орой ажил тараад 18 цагийн үед найз Ганбаатай хамт 1 шил 0.75 граммын архи авсан. Ингээд бараагаа хурааж дуусчихаад байж байтал Чагнаатай таарсан. Ингээд нэг юм ууя гэж хэлэхэд Чагнаа тэгье гээд бид хэд зах гарч явтал замд Мянганбаяртай таарсан. Ингээд 4-үүлээ болоод Ганбаагийн машин дотор нөгөө архиа хувааж уусан. Ингээд байж байтал Ганбаа харилаа гээд явсан ба Чагнаа Мянганбаяр бид гурав манайх руу явж архи уухаар болсон. Удалгүй 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 69-804 тоот болох манай гэрт очсон бөгөөд бид гурав 0.5 граммын нэг шил архи задлан хувааж уусан. Ингээд би тасарсан. Нэг мэдэхэд Чагнаа лифтний хажууд газар хэвтэж байсан бөгөөд хөлөө барьчихсан, гуянаас нь цус гарчихсан байж байсан. Тэгэхээр нь би сандраад 103 дуудсан ба манай дүү 103-т түргэний жолооч хийдэг. Удалгүй манай дүү түргэний тэрэгтэй ирсэн бөгөөд би Чагнааг өргөөд лифтээр доошоо буун биеийг нь үзүүлтэл эмнэлэг рүү аваад явчихсан. Г.Чагнаадоржийн биед учирсан баруун хөлний гуя хэсгээс цус гараад өмд нь цус болчихсон байсан. Тус гэмтлийг би учруулсан. Би согтуу байсан болохоор яг сайн санахгүй байна. Ямар ч байсан лифтний урд байхад Чагнаа надад хандан Чандка ахаа та яагаад намайг хутгалж байгаа юм бэ гэж хэлж байсан. Би согтуудаа хутга барин нэг удаа гуя руу нь хатгачихсан юм шиг байсан гэх мэдүүлэг /хх 16/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын тэмдэглэл /хх 3-7/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Чы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 27/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Э.Чыг иргэн Н.Чагнаадоржийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Ч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.Э.Чд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ