Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1499

 

 

 

 

 

 

 

   2019       09          26                                  2019/ШЦТ/1499

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Н.Дашдулам ҮД:07-25 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Г т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04243 1803 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Г

Холбогдсон хэргийн талаар:

Д.Г  нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар үсдэх, цохих, толгойн тус газар нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г  мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай ихэр хүүхдүүдийн төрсөн өдөр болоод би худ С.Туяатай караокед дуулахаар орсон. Гэтэл С.Туяа над руу “охиныг минь гуйсангүй” гээд намайг архины шилээр цохисон. Тэгээд гараад явтал С.Туяа намайг өшиглөсөн тул аргагүй байдалд ороод түүнийг цохисон. Тухайн үед Болормаа бас байсан. Тэгээд  Болормаа надад Туяаг надтай цуг гарч явахдаа “С.Туяа дандаа ийм байдал гаргаж байдаг, та харин их сайн тэвчиж байна” гэж хэлж байсан. С.Туяатай ийм байдалд орсондоо санаа зовж ичиж байна. Өөрийг нь олж уулзъя гэсэн боловч нүүж яваад олдохгүй байна. Өөр хэлэх юм алга гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Туяагийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 00-01 цагийн хооронд Болормаа, худ Д.Г  нартай бид  гурав  “Марал” нэртэй караокед орж 3 шил архи уусан. Тэгээд бид нар гарч явах гэж байхад худ Д.Г  нь согтуудаа над руу чи манай хүүхдийн хувцсыг нохойны үүр рүү хийсэн гэж хэлсэн. Тэгээд би ямар нэгэн зүйл хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд Болормаа, худ Д.Г  нар гараад таксинд суугаад явах гэж байхад би Болормаатай хамт явъя гэхэд Д.Г  над руу ямар нэгэн зүйл хэлэлгүй үсдэж аваад нүүр рүү чирч цохих үед би ухаан алдсан. Нэг сэрэхэд би ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байсан...

...Би эмчилгээ хийлгэсэн ба одоогийн байдлаар 450.000 гаруй төгрөгийн төлбөр гарсан байна. Мөн хамарандаа гэмтэл авсан ба эмнэлгийн байгууллага хагалгаанд ор гэсэн ба зардал нь 1.200.000 гаруй болно гэсэн ба мөнгө байхгүй тул хагалгаанд орж чадахгүй байна. Д.Г  нь эмчилгээний зардал гэж мөнгө өгсөн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Болормаагийн өгсөн: ...Би найз С.Туяа, хадам нь Д.Г  нартай нь “Марал” нэртэй караокед орж Экс нэртэй архинаас 3 шил архи уусан. Тэгээд би Туяа эгчийг явуулахад Д.Г тэй гадна зогсож байхад Туяа буцаж ирсэн. Тэгэхэд Д.Г  нь ямар нэгэн шалтгаангүй үсдэж унагаад нүүр рүү нь өшиглөөд байсан ба Туяа эгч ухаан алдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирэх хүртэл Туяа эгчийг толгой руу нь, ер нь биеийн бүх хэсэг рүү нь өшиглөөд зодоод байсан. Би салгах гээд чадахгүй байсан. Бид нар караокед сууж байхад Туяа эгч Д.Г т хандан чи хүүгээ тусдаа гаргаач ээ, манай охин хүүхдийг чинь төрүүлээд өглөө гэхэд чамд хамаагүй, би мэдэж байна гээд маргалдаад байсан. Туяа эгчийг газар үсдэж унагаад толгой, нүүр бүх хэсэг рүү нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8768 дугаартай шинжээчийн:

1. С.Туяагийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн дал, баруун гуя, шилбэ, хэвлийн зүүн доод хэсэг, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 38, 39 дүгээр тал/

- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлээс: 08 минут 53 секунд ертөнцийн зүгээр зүүн талаас 60 орчим насны эмэгтэй хүн тухайн хоёр эмэгтэйгийн хажууд ирэхэд сууж байсан хоёр эмэгтэйгийн нэг нь зогсож байсан эмэгтэйгийн зүүн талын цээж рүү нэг удаа түлхэж байх бөгөөд хоорондоо маргалдаж сууж байсан эмэгтэй дахин зогсож байсан эмэгтэйгийн цээж рүү нэг удаа түлхэх үед бөгсөөрөө газар унаж байх бөгөөд маргалдаж байсан хоёр эмэгтэйгийн дундуур хамт явсан эмэгтэй салгаж байв.

- Бичлэг 09 минут 15 секундэд бөгсөөрөө газар унадаг эмэгтэй шатан дээр суухад маргалдаж байсан эмэгтэй босож үснээс нь баруун гараараа зулгааж байгаад татаж нүүр хэсгээр нь газар унагааж, баруун хөлөөрөө хоёр удаа газар унасан эмэгтэйгийн толгой хэсэг рүү өшиглөж байв.

- Бичлэг 09 минут 35 секундэд газар унасан эмэгтэйг хамт явсан эмэгтэй босгож байхад ардаас нь өшиглөсөн эмэгтэй түлхэх үед голд нь зогсож байсан эмэгтэй урдаа газар унасан эмэгтэйг түлхэж биеийн баруун талаар нь дахин газар унагааж байв.

- Бичлэг 09 минут 41 секундэд газар унасан эмэгтэй босож баруун гартаа байсан гар цүнхээрээ маргалдаж зодолдож байсан эмэгтэйн толгой хэсэг рүү нэг удаа цохиж байв.

- Бичлэг 11 минут 46 секундэд эрэгтэй хүн ирж тухайн зодолдсон эмэгтэйн голоор орж ярилцаж байх ба зодуулсан эмэгтэй шатан дээр сууж гар утсаа оролдож байв.

- Бичлэг 13 минут 07 секундэд өндөр нуруутай эмэгтэй шатан дээр сууж байсан эмэгтэй рүү дайрч үснээс нь зулгааж шатан дээр унагаад толгой дээр нь дарж байх ба дээр нь байсан эмэгтэй биеийнхээ нуруу хэсгээр газар унаж дор нь байсан эмэгтэй дээр нь гарч мөн адил үснээс нь зулгааж харицан цохилцож байв.

- Бичлэг 14 минут 17 секундэд баруун талдаа таяг тулсан хөл муутай эрэгтэй хүн ирж салгах гэсэн боловч салахгүй байх ба шатан дээр тавьсан байсан гар цүнхнээс эд зүйл авч байх ба дахин нэг эрэгтэй ирж тухайн зууралдсан хоёр эмэгтэйг салгаж байхад хөл муутай эрэгтэй явж байх бөгөөд доор нь байсан эмэгтэй дээр нь гарч ноцолдож байхад амандаа гэрэл зуусан эрэгтэй ирж хоёр эрэгтэй хамт явсан эмэгтэй нар салгах гэсэн боловч салахгүй нэгнийхээ үснээс зулгааж байв.

- Бичлэг 16 минут 06 секундэд амандаа гэрэл зуусан эрэгтэй явах ба тухайн хоёр эмэгтэй салсан байв.

- Бичлэг 16 минут 25 секундэд хажууд нь байсан эрэгтэй явах ба нэг эмэгтэй ирж байгаад явав. Мөн дээр нь гараад үстээд зулгааж байсан эмэгтэй шатан дээр суух ба газар дээр зодолдож байсан эмэгтэй хөдөлгөөнгүй хэвтэж байв.

- Бичлэг 17 минут 35 секундэд хажуугаар явж байсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ирэх ба зодолдсон хоёр эмэгтэйтэй хамт явсан эмэгтэй газар хөдөлгөөнгүй хэвтэж байгаа эмэгтэйг босгох гэсэн боловч хөдлөхгүй байсан.

- Бичлэг 23 минут 21 секундэд тухайн ирсэн хүмүүс явж байв.

- Бичлэг 24 минут 51 секундэд өмнө ирсэн эмэгтэй ирж байгаад буцаад явснаар бичлэг дууссан байна./ хх-н 04-р тал/

- Шүүгдэгч Д.Г ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32, 33, 34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Г  нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар үсдэх, цохих, толгойн тус газар нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Туяа, гэрч Г.Болормаа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8768 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч С.Туяа нь гэмт хэргийн улмаас учирсан 437.270 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 38, 39 дүгээр тал/

            Хохирогч С.Туяа нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Г  /РД:/-с 437.270 /дөрвөн зуун гучин долоон мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулан хохирогч Санчигийн Туяад /РД:/ олгосугай.

6. Хохирогч С.Туяа нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ