| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1430/Э |
| Дугаар | 1459 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 1459
2019 09 19 2019/ШЦТ/1459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатагин овогт Д Бб яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04544 1855 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 553 тоотод өөрийн эхнэр Б.Баттулгыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Өөрийгөө өмгөөлж хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлгүй тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттулгын өгсөн: ...Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг яаж учруулсан гэхээр манай нөхөр Солонгос улсад 4 жил гэрээгээр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард ирээд надтай хамт 2019 оны 03 дугаар сар хүртэл амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод жаахан маргаантай болоод манай нөхөр зарим үед гэртээ 3-4 хоночихоод зарим үед гэртээ ирэхгүй хаагуур хонож байгааг нь мэдэхгүй найз нөхөдтэй ч юмуу өөр хэн нэгэнтэй амьдарч байгаа юм шиг байдаг. Би нөхөртэйгээ 2019 оны 06 дугаар сараас эхлээд 2019 оны 07 дугаар сарын 18-ны хүртэл уулзаагүй. Тэгтэл нөхөр 2019 оны 07 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Би 2018 оны 11 сард “Худалдаа Хөгжлийн” банкнаас лизингээр “Марк X zio” маркийн машин авсан ба манай нөхөр авсан цагаас эхлээд 2019 оны 06 дугаар сар хүртэл сарын төлбөр болох 507.000 төлж байгаад 06 сараас хойш өөрөө ч байхгүй, машинаа унаад явсан. Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд манай нөхөр миний лизингийн машиныг унаад явсан би нөхрийгөө эрэн сурвалжлуулж олж авмаар байна гэж өргөдөл гаргаж өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй гээд прокуророос хаасан гэсэн. Би нөхрийгөө яаж олж авсан гэхээр манай нөхөр Солонгос улсад ажиллаж байхдаа өөр эмэгтэйтэй танилцаад тэр эмэгтэйтэй уулзаад хамт амьдардаг юм шиг байна лээ, би сайн мэдэхгүй байна. Би манай нөхөртэй нийлсэн эмэгтэйн салсан нөхрөөс нь уг эмэгтэй манай нөхөртэй хамт амьдраад байгаа талаар олж мэдээд гэрийнх нь гаднаас машинаа олж авсан. Надад миний машины 1 хувь түлхүүр нь байдаг. Тэгтэл миний машин дотор манай нөхөртэй хамт явж байгаа эмэгтэйн бичиг баримт нь байсан ба 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нөхөр нөгөө эмэгтэйн бичиг баримтаа авах гээд гэртээ ирээд надтай зэвүүн маягаар харьцаад байхаар нь би бичиг баримтыг нь өгөхгүй гэхэд түүнээс маргалдаж байхдаа миний зүүн гарын зүүн бугалга руу цохихоор нь зөрүүлээд цохих гэсэн боловч надаас бултаад би цохиж чадаагүй. Тэгтэл үргэлжлүүлээд миний толгой, нүүр рүү цохисон, намайг барьж явсан цүнхээрээ цохихдоо цүнхний төмөр цахилгаан хэсэг нь өвдөг, шагай орчимд цохигдоод гэмтсэн. Нүдний гэмтлийг нүүр рүү гараараа цохиж байхдаа учруулсан. Би тухайн үед гар утсаараа дүү Мөнх-Эрдэнэ рүү мессеж бичээд цагдаа дуудаарай гээд мессеж бичихэд дүү цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа орж ирсэн. Одоо миний биед болон хүүхдэд маань ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй, эсэн мэнд амаржсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 -р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Б гийн: ...Би 2019 оны 07 дугаар сарын эхээр хөдөө ажлаар явахаар болоод найз эмэгтэйдээ машинаа үлдээгээд явсан. Тэгтэл эхнэр машины запас түлхүүрээр манай эмэгтэй найзын гэрийн гаднаас аваад явсан байсан ба машин дотор манай эмэгтэй найзын бичиг баримт байсан ба над руу залгаад эхнэр чинь машиныг чинь аваад явсан дотор байсан миний бичиг баримтуудыг аваад өг гэхээр нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэртээ очоод эхнэр Баттулгыг машин байсан хүний бичиг баримт гаргаж өгөхдөө наад хүн чинь шүүх хуралд хэрэглэгдэх бичиг баримтууд байсан байна гаргаад өгчих гэхэд гаргаж өгөхгүй намайг уг эмэгтэй найзтай маань хардаад хараагаад эхэлсэн. Би тухайн үед 2 хүүхдээ эрхлүүлээд өвөр дээрээ суулгаад байж байхад хүүхдийн хажууд ярих юм байна, ярихгүй юм байна гэж шаардлага тавихад хараал хэлээд хэл амаар доромжилж янз бүрээр хэлээд хардаад байсан. Би 2-3 удаа шаардлага тавьсан боловч дуугүй байхгүй байхаар нь тэсэхээ байгаад уурандаа эхнэрээ алгадсан. Тэгтэл эхнэр миний өөдөөс дайраад бид хоёр хэсэг зууралдсан. Удалгүй цагдаа ирээд бид 2 цагдаагийн хэсэг дээр аваачсан. Тухайн үед бид хоёр хоёулаа эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 -р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8888 дугаартай шинжээчийн:
1. Б.Баттулгын биед зүүн нүдний далд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн эгэм, өвдөгний цус хуралт, баруун хөлний шагайн өмнөд гадаргуун зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.Б гийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 29 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 553 тоотод өөрийн эхнэр Б.Баттулгыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Б.Баттулга нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 553 тоотод өөрийн эхнэр Б.Баттулгыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Баттулга, яллагдагчаар өгсөн Д.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8888 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Баттулга нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хатагин овогт Д Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ