Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1859

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2019        12          11                                   2019/ШЦТ/1859  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1906 06404 2660 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1-904 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.Номинтуулыг хамт унтсангүй гэх шалтгаанаар усны хуванцар сав шидэж, толгойн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                              /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06404 2660 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Ц.Номинтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр би ажил тараад ажлын нэг охинтой бид хоёр Ботаникийн буудлын хажууд байдаг кафед орж нэг хүний гурван шил пиво уугаад би оройн 21 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Манай хамтран амьдрагч Э.Б бас халамцуу архи уусан байсан. Тэгээд намайг чи орой гэртээ ирэхдээ архи уусан байна гэж уурлаад чи найз нартайгаа уулзаад гоё байна уу? гээд хэрүүл өдөөд байхаар нь би шууд орондоо ороод хэвтсэн. Миний хажуугаар орж унтах гэхэд нь би уурлаад цааш нь түлхсэн чинь Э.Б гэрийн зүүн талд тавьсан байсан шар өнгийн 25 литрийн дотроо устай канестар авч над руу шидээд баруун нүдний дээд талд онож гэмтээсэн. Э.Б архи уусан үедээ агсан зантай намайг хэл амаар доромжилдог. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл бол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12457 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: баруун хөмсөгний дээд тал баруун нүдний зовхи тойрсон хөх ягаан өнгийн цус хуралт, хавантай. Зүүн нүдний зовхины булан тойрсон хөх ягаан өнгийн цус хуралттай.

Ц.Номинтуулын биед баруун хөмсөгний дээд хэсэг баруун зовхийг хамарсан болон зүүн нүдний дотор буланд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,

 

Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найзтайгаа ганц хоёр шил пиво уучхаад 22:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1008 тоот гэртээ ортол миний хамтран амьдрагч Номинтуул надад уурласан. Тэгээд Номинтуул бид хоёр маргалдаж би Номинтуулруу 20 литрийн усны хоосон сав аваад шидчихсэн чинь нүүрэн тус газар нь оночихсон. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 43-44/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2-4 тал/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 34 тал/,

-Э.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт, цагдаагийн мэдээллийн сангийн баримт, гэрлэлт бүртгэлгүй тухай тодорхойлолт /хх-ийн 26-31 тал/,  

-хохиоргч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 47-48 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Бгийн гэр бүлийн хамааралтай хүн болох хамтран амьдрагч Ц.Номинтуулын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Э.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ