| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1478/Э |
| Дугаар | 1500 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Г.Э,
хохирогч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Олныхон овогт Г Э яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04665 1933 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Г.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Казино” баарны үүдэнд иргэн С.Цтай шалтгаангүйгээр маргалдаж улмаар биед зүүн хөмсөгний шарх, үүдэн дээд зүүн 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар ярих зүйлгүй. Өнөөдөр надад хохиролд 500.000 төгрөгийг өгсөн тул баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч С.Цын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Цын өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 01:30 минутын үед хамт ажилладаг Даваа /99948311/ Норов /86600502/ нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Казино баараар үйлчлүүлж байсан. Бааранд үйлчлүүлж байгаад бид нар гарах гээд байж байхад тус бааранд хэсэг хүмүүс хоорондоо зодолдож байхаар нь манай найзууд хүнтэй зодолдоод байж магадгүй гэж бодоод очиж хартал манай найзууд биш байхаар нь буцаад гарах гэж байхад тэнд зодоон хийж байсан хүмүүсийн нэг нь бололтой цэнхэр өнгийн пудволктой намхан нуруутай залуу миний нүүрэн хэсэгт 1 удаа цохиж унагаад миний нүүрэн хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Би босч очоод баарны хамгаалагч нарт очиж энэ хүмүүсийн нэг нь намайг андуураад цохиж гэмтээлээ гэж хэлэхэд хамгаалагч тийм бид нар цагдаад дуудлага өгсөн байгаа. Хаалгаа хаасан байгаа гэж хэлсэн. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцаэд гэрч С.Даваажаргалын өгсөн: ...Бааранд би тайзны хажууд байсан депузерийн хажууд байхад хойд талд ширээний хажууд одоо толгойгоо хагалуулсан байгаа хүн 1 халзан толгойтой, цагаан майктай хүнтэй харилцан зодолдож байсан. Би хараад зогсож байхад манай найз Цогбаяр нь тэр хавиар явж байхад нь цэнхэр өнгийн босоо захтай подволк өмссөн намхан нуруутай, шорт өмссөн /Э/ залуу газарт унагаад өшиглөж байхыг нь би хараад гүйж очоод тэр залууг цааш түлхсэн. Тэр залуу надад түлхүүлээд эргэж миний нүүрэн хэсэгт 1 удаа цохиж зодсон. Тэнд болсон асуудлыг баарны хамгаалагч зөөгч нар салгаад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9487 дугаартай шинжээчийн:
1. С.Цын биед зүүн хөмсөгний шарх, үүдэн дээд зүүн 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Э: ...Хэсэг ууж байгаад 02:00 цагийн үед Т.Мөнхбат бие засах гээд ариун цэврийн өрөө ороод гарч ирэхдээ хүнд зодуулаад гарч ирсэн. Би найз дээрээ очиход толгой нь хагарсан цус нь гоожоод байж байсан. Хажууд нь нэг саарал цамцтай залуу зогсож байхаар нь би тэр залууг татаж эргүүлээд нүүрэн хэсэгт 1 удаа цохиход тэр залуу миний цамцнаас зулгаагаад бид хоёр хамт буйдан налаад унасан. Тэр буйдан ариун цэврийн өрөөний хаалган талаасаа 3 дахь буйдан байсан ба тэр буйдан дээр хамт унасан ба тэр буйдангийн танихгүй хүмүүс бид хоёрыг салгасан. Тэндээс салаад би найз Т.Мөнхбат дээр очоод харахад толгойн хуйх хэсэг нь ярагдсан байсан ба баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхээр нь бид нар бөөндөө гарч хүлээсэн удалгүй цагдаа нар ирээд бид бүгд цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.Э иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33, 34 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Казино” баарны үүдэнд иргэн С.Цтай шалтгаангүйгээр маргалдаж улмаар биед зүүн хөмсөгний шарх, үүдэн дээд зүүн 2 дугаар шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч С.Цт 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Э холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Казино” баарны үүдэнд иргэн С.Цтай шалтгаангүйгээр маргалдаж улмаар биед зүүн хөмсөгний шарх, үүдэн дээд зүүн 2-р шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ц, гэрч С.Даваажаргал, яллагдагчаар өгсөн Г.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9487 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч С.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх ба 500.000 төгрөгийг бэлнээр авсан гэх тул шүүгдэгч Г.Э баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч С.Ц нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олныхон овогт Гансүхийн Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гансүхийн Э 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч С. Цогбаяр нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ