Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 937

 

2019        12          05                                   2019/ШЦТ/937

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,  

  хохирогч, шүүгдэгч Л.Э , түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

   хохирогч, шүүгдэгч Д.Д ,

   шүүгдэгч Г.Н , шүүгдэгч Т.Б ,

  шүүгдэгч Д.Д , Г.Н , Т.Б нарын өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Л.Э , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овгийн Д.Д , Найдан овгийн Г.Н , Урианхайн овгийн Т.Б  нарт холбогдох эрүүгийн 1911017621068 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Л.Э , 1997 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамжны 1196Г тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

Хариад овгийн Д.Д , 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Гэрэлт вакум хийц ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 868 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Найдан овгийн Г.Н , 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Гэрэлт вакум хийц ХХК-д ажилладаг, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60 дугаар гудамжны 793 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Урианхайн овгийн Т.Б , 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Гэрэлт вакум хийц ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 60 дугаар гудамжны 793 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.Э  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Д тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нар нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Э тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч, шүүгдэгч Л.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Д.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчийн хувьд гомдол санал байхгүй...” гэв.

Шүүгдэгч Т.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 25/,

Хохирогч, шүүгдэгч Л.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний орой ажлаа тараад гэрийнхээ ойролцоо очоод өөрийн танил Лаки гэх хүүхэдтэй таараад пиво ууцгаасан юм. Тэгээд хайлаастын шинэ эцсийн хойд талд замын хажууд сууж байхад манай тэр хавьд байсан Баяраа гэж залуу машинаас бууж ирээд ахын дүү мангар бацаан энэ тэр гээд дээрэлхээд надруу дайраад байхаар нь би тэлээгээ тайлж аваад биеэ хамгаалсан. Тэгтэл над руу хамт явж байсан өндөр залуу нь /Давааням сүүлд нь нэрийг нь мэдсэн/ над руу дайраад намайг цохиж унагаагаад дээрээс энд тэндээс өшиглөөд байсан. Би яг хэн нь цохиж өшиглөөд байгааг бол сайн мэдээгүй. Тэгэж байгаад тэр хэд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд явсных нь дараа би Лакигийн дэргэд очоод хэсэг манараад сууж байтал нөгөө 3 залуу машингүй хүрч ирээд одоо чамайг жинхэнэ ална гэж хэлээд намайг дахин унагаагаад нүүр нүдгүй цохиж зодож байгаад наадах чинь бараг болчихсон юм бишүү гэж хэлээд яваад өгсөн...” мэдүүлэг /хх 39-42/,

Хохирогч, шүүгдэгч Д.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний ажлаа тараад 23 цагийн орчим хамт ажилладаг Баярбаатар, Нямлхагва нарын хамт Баярбаатарын гэрт нь хүн байхгүй байсан тул очиж архи ууцгаасан. Тэгээд шөнө 01 цагийн орчим Баярбаатарын машинтай гэрээс нь гараад доошоо уруудаад дэлгүүр орох гэж явсан. Тэгтэл замд байх сагсны талбайн хойд дэлгүүрийн хажууд 2 залуу сууж байсан. Би тэр хоёроос Баярбаатарыг тамхи асуучихаач гэхэд Баярбаатар машинаасаа буугаад тэр хоёр залуу дээр очоод нэг залуугаас нь тамхи аваад эргээд явтал хажууд нь сууж байсан нэг залуу /Энхтүвшин сүүлд нь нэрийг нь мэдсэн/ яасан гэнээ Бороо пиздаа минь хөгшөөн гээд Баярбаатарыг араас нь татаад тэр хоёрын дунд маргаан болсон ба Энхтүвшин нь өмсөж явсан фудболкоо тайлж шидээд дайраад байхаар нь би очоод Баярбаатарыг явъя гээд машин руу суулгатал нөгөө залуу нь Бороо пиздаа минь чи яах гээд байгаа юм бэ гэж байснаа надтай маргаад намайг шууд цохиод авахаар нь цааш нь түлхээд больё гэхэд яасан гэнээ пиздаа минь гээд намайг хэд хэдэн удаа цохиод авахаар нь би зөрүүлээд цохиход газарт унасан ба босож ирээд цаашаа гүйж очоод тэлээгээ тайлаад хүрээд ир пиздаа минь гэхээр нь бид нар машиндаа суугаад явахад араас чулуу шидээд үлдсэн. Тэр үед миний шүд хугарчихсан байсан ба бид нар доошоо дэлгүүр орчихоод буцаад өгсөөд гудамжинд машинаа тавьчихаад нөгөө хоёр залуу дээр очсон ба Баярбаатар, Нямлхагва хоёр түрүүлж очоод Баярбаатар тэлээг нь булаагаад авчихсан, нуруу руу нь цохиж харагдсан. Нямлахгва уначихсан байхад нь ганц хоёр өшиглөж байгаа харагдсан ба Энхтүвшин босоод надруу чиглээд гүйгээд ирэхээр нь би урдаас нь шанаа хавьд нь цохиж унагаагаад дээрээс нь нүүрний зүүн хэсэгт нь 2 удаа цохиод нуруу руу нь нэг удаа өшиглөсөн ба тэр үед Баярбаатар ирээд нуруу, шилэн хүзүү орчимд нь тэлээгээр 2-3 удаа ороолгож цохиж байсан. Тэгээд бид нар гүйгээд машин дээрээ очоод гэр лүү нь явцгаасан...” мэдүүлэг /хх 43-45/,

Гэрч С.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай гэрийн ойр хавьд амьдардаг хүүхдүүд намайг Лаки гэж дууддаг. Миний жинхэнэ нэр бол Ганболд. ...Би тус өдрийн 15-16 цагийн хооронд сагсны шийд дээр тоглоод байж байсан чинь Энхтүвшин /сүүлд нь бүтэн нэрийг нь мэдсэн/ хүрч ирээд бид хоёр сагс тоглоод жоохон юм ярьж нэг нэг лааз Сэнгүүр пиво уугаад байж байсан чинь сагсны шийдний урд талд нэг хөх өнгийн машин зогсоод машины арын суудлаас нэг намхан залуу буугаад бид хоёр луу зүглээд ирсэн. Энхтүвшин урдаас нь угтаж очоод түд удалгүй юу болсон нь мэдэгдэхгүй хоорондоо чанга чанга дуугаад ярилцаад байсан. Тэгээд машины хойд талын суудлаас нэг залуу гарч ирээд тэр 3 зогсож байсан чинь Энхтүвшин цагаан өнгийн подволкоо тайлаад газар шидээд, өмдний тэлээгээ тайлаад гараа ороогоод машинаас бууж ирсэн Давааням /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу руу далайж байгаа харагдсан ба Давааням гэх залуу Энхтүвшинг нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, нүүр лүү нь мөргөөд газарт унагаачихаар нь би “боль, яагаад байгаа юм бэ, болиоч ээ” гэж хэлсэн чинь нэг нь намайг “Чи холд” гэхээр нь би “надад ямар хамаа байх вэ дээ” гэж бодоод тэр дөрвийн дундуур оролгүй холдох үед Энхтүвшин газарт явган нүүрээ дараад суусан Тэр үед тухайн 3 залуугийн нэг болох Нямлхагва гэх залуу хөл, гуя хэсэгт нь өшиглөөд “Явцгаая” гэж хэлээд тэр 3  машиндаа суугаад яваад өгхөөр нь би Энхтүвшингээс “Чи зүгээр үү? Ямар шалтгааны улмаас чамайг цохиж зодоод байгаа юм бэ, нүүр чинь зүгээр үү?” гэсэн чинь “Би зүгээрээ одоо өөрөө гэртээ харина” гэж хэлсэн. Тэгээд байж байтал 5-10 минутын дараа нөгөө 3 залуу машингүй буцаад ирсэн. Баярбаатар гэх /сүүлд нь нэрийг нь мэдсэн/ залуу түрүүлж ирээд Энхтүвшингийн нүүр, шанаа хэсэгт нь шууд гараараа цохиод авсан чинь араас нь Давааням гэх залуу мөр, нуруу луу нь 5-6 удаа өшиглөөд байхаар нь би “болиочээ, яагаад байгаа юм бэ?” гэсэн чинь Баярбаатар гэх залуу намайг “чи хол бай” гэж хэлээд яваад өгсөн бөгөөд би Энхтүвшинг “Зүгээр үү? Нүүрийг чинь харъя” гэсэн чинь нүүрээ харуулахгүй гараараа хаагаад байхаар нь би “Эрт гэртээ хариарай” гэж хэлээд түрүүлээд яваад өгсөн...Миний харснаар тухайн 3 залуугийн Давааням гэх залуу Энхтүвшинг бусдаасаа илүү зодоод байсан бөгөөд нөгөө 2 залуу хажуугаас нь хамжих маягтай байсан. Давааням гэх залуу нь Энхтүвшингийн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, мөргөөд мөр, гар, нуруу хэсэгт нь 6-7 удаа өшиглөөд байсан, Нямлхагва гэх залуу нь цээж, хөл хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн, Баярбаатар гэх залуу шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохиод, гар хэсэгт нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 59-62/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7902 дугаар дүгнэлтэд: “...Д.Д ын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн дээд 7-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 66-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7769 дугаар дүгнэлтэд: “...Л.Э гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2, 3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 68/,

Шинжээч эмч Т.Чимэд-Осор нь мөрдөн шалгах ажиллаагааны үед мэдүүлэхдээ: “...Үзүүлэгч Л.Э гийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал нь дангаараа хөнгөн зэрэг, 2,3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба үлдсэн 2 нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтлүүд нь 3-4 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн хэрэг гарсан өдөр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 74-75/,

Шинжээч эмч О.Болороо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Үзүүлэгч Д.Д ын биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл нь 1 удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд 7-р шүдний эмтрэл нь мохоо зүйлийн 1 удаагын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 80-81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлтэд: “...2.3.4 2019.09.13-ны өдрийн Med trauma hospital эмнэлэгт хийгдсэн цээжний хөндийн томографийн шинжилгээний хариу болон хэвлийн зурагт, Гэмтэл согог үндэсний төвийн 2019.09.09-ны өдрийн хэвлийн хэв авиан шинжилгээ, 2019.09.09-ний өдрийн хэвлийн хэт авиан шинжилгээнүүдэд гэмтлийн өөрчлөлт илрээгүй байнан. Л.Э гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2, 3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 87-88/,

Шүүгдэгч Т.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар  мэдүүлэхдээ: “...Давааням машинаас бууж ирээд чи цаашаа бай, яах гээд байгаан гээд намайг татаад машинд суулгасан ба өөрөө суух гэтэл Түвшээ араас нь татаад тэр хоёр маргаад байсан ба Даваанямыг нэлээд хэдэн удаа цохиод авсан. Тэгснээ хоёулаа замын хажууд очоод харилцан зодолдохоор нь Нямлхагва бид хоёр машинаас буугаад очиж байтал Түвшээ замын дунд гүйж гарч ирээд өмднийхөө тэлээг тайлж бариад хүрээд ир гээд байхаар нь би яваад очтол намайг нэг ороолгосон ба Нямлхагва нэг удаа цохиулсан. ...Тэгээд би түрүүлж очоод Энхтүвшингийн баруун шанаа орчимд 1 удаа түлхэж цохисон...” гэх мэдүүлэг /хх 106-108/,

Шүүгдэгч Г.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар  мэдүүлэхдээ: “...Давааням бууж очоод Баярбаатарыг машинд суулгаад өөрөө сугаад явах гэтэл Даваанямыг Түвшээ татаад нүүр хавьцаа нь цохисон ба тэр хоёр барилцаж аваад гудамжны үзүүр лүү очоод зодолдоод байсан. ...Би очоод хөл хавьд нь 2 удаа өшиглөсөн бөгөөд тухайн үед Энхтүвшин намайг зүгээр зогсож байх үед тэлээгээр ороолгосон болохоор миний уур хүрээд 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 109-110/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 114, 131, 145, 156/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 112, 130, 144, 155, 159/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 123, 134, 152/, шүүгдэгч Л.Э д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 117-118/, шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарын ажлын газрын тодорхойлолт /хх 143, 153/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Л.Э  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Д тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нар нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Э тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Э гийн “...нөгөө 3 залуу машингүй хүрч ирээд одоо чамайг жинхэнэ ална гэж хэлээд намайг дахин унагаагаад нүүр нүдгүй цохиж зодож байгаад наадах чинь бараг болчихсон юм бишүү гэж хэлээд яваад өгсөн...” мэдүүлэг /хх 39-42/, хохирогч Д.Д ын “...Тэр үед миний шүд хугарчихсан байсан ба бид нар доошоо дэлгүүр орчихоод буцаад өгсөөд гудамжинд машинаа тавьчихаад нөгөө хоёр залуу дээр очсон ба Баярбаатар, Нямлхагва хоёр түрүүлж очоод Баярбаатар тэлээг нь булаагаад авчихсан, нуруу руу нь цохиж харагдсан...” мэдүүлэг /хх 43-45/, гэрч С.Ганболдын “...Давааням гэх залуу нь Энхтүвшингийн нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, мөргөөд мөр, гар, нуруу хэсэгт нь 6-7 удаа өшиглөөд байсан, Нямлхагва гэх залуу нь цээж, хөл хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн, Баярбаатар гэх залуу шанаа хэсэгт нь 1 удаа гараараа цохиод, гар хэсэгт нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 59-62/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7902, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7769 дугаар дүгнэлтүүд /хх 66-68/,шинжээч эмч Т.Чимэд-Осорын “...Үзүүлэгч Л.Э гийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал нь дангаараа хөнгөн зэрэг, 2,3-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах...” гэх мэдүүлэг /хх 74-75/, шинжээч эмч О.Болороогийн “...Үзүүлэгч Д.Д ын биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл нь 1 удаагийн мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд 7-р шүдний эмтрэл нь мохоо зүйлийн 1 удаагын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 80-81/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх 87-88/, шүүгдэгч Т.Б ын “...Тэгээд би түрүүлж очоод Энхтүвшингийн баруун шанаа орчимд 1 удаа түлхэж цохисон...” гэх мэдүүлэг /хх 106-108/, шүүгдэгч Г.Нямлхагвын “...Би очоод хөл хавьд нь 2 удаа өшиглөсөн бөгөөд тухайн үед Энхтүвшин намайг зүгээр зогсож байх үед тэлээгээр ороолгосон болохоор миний уур хүрээд 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 109-110/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус   тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарыг орлого олох боломжийг харгалзан  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Л.Э  нь шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарт гомдолтой гэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Д.Д , Т.Б , Г.Н нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Л.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хариад овгийн Д.Д ,

     Найдан овгийн Г.Н ,

                Урианхайн овгийн Т.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо  нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Д , Т.Б , Г.Н  нараас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э , Д.Д , Т.Б , Г.Н  нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН