Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 939

 

2019       12          06                                   2019/ШЦТ/939

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Э.Б д холбогдох эрүүгийн 1911004240125 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овгийн Э.Б , 1985 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн, Улиастай хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Беланзын операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь-эхийн 9-983 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудлын 10 тоот өрөөнд архидан согтуурсан үедээ З.Лхагважаргалтай маргалдаж түүнхүү “бор өнгийн 45 см өндөртэй, 50 см урттай, 40 см өргөнтэй шүүгээ” шидэж улмаар Г.Батбилэгийг онож түүний биед дагзны зүүн хэсгээс баруун хэсэг доош нугасны том нүхний баруун тул руу чиглэсэн хугарал /16 см/, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааа /50 мл/, тархи дарагдал, тархины духны дэлбэн болон баруун чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, няцрал, дагзанд шарх гэмтэл болгоомжгүйгээр учруулсаны улмаас Г.Батбилэг нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-159 тоотод нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 15/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А гудамж 159 тоот” /1-р хх 18-25/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 26-39/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Хур” зочид буудал 10 тоот өрөө” /1-р хх 39-46/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 47-98/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 98-114/,

Дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 124/,

Гэрч Н.Амгаланбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Лхагважаргал урд орны хөлийн ойролцоо зогсож байсан, Болорсайхан хойд орны гол хавьцаа зогсож байсан нэг мэдсэн чинь Болорсайханы зогсож байсан зүгээс тумбочик шидсэн, тумбочк Лхагважаргалын зогсож байсан газрын ойролцоо унасан. ...Би тухайн өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ХУР” зочид буудлын өрөөнөөс дуудлагаа ирсэн 2 цагдаа Болорсайханыг гавлаад бусдыг нь явган дагуулаад цагдаагийн хэсэг дээр очсон. Цагдаагийн хэсгийн байранд ортол Болорсайхан орилж чарлаад агсам тавиад байтал Болорсайханы гарыг нь өчөөд доош дарчихсан, тэгээд Лхагважаргалаас чи гомдолтой юмуу гэж асуугаад надаас бас чи ч гэсэн гомдол байна уу гэхээр нь би надад гомдол санал байхгүй найз нөхөд хүн гэсэн чинь нэг цагдаа нь чи чинь юу билээ гээд намайг таньсан. Учир нь би тэр цагдаатай нэг жил цагдаагийн курс төгсөж байсан болж таараад би танихгүй байна юу билээ гээд намайг дагуулаад хажуу талын өрөө рүү орж байсан, тэгээд цагдаагийн курсийн талаар ярилцаж байгаад гараад ирсэн чинь нэг цагдаа нь талийгаач Батбилэгтэй хэрүүл болчихсон зогсож байсан. Чи тамхи татлаа, том том юм яриад байгаарай гэж байсан. Талийгаач болохоор Болорсайханыг дарж аваад гаваас нь өчөөд байхаар нь болиоч та нар манай ах бол том шүү гэх зэрэг юм яриад хэрүүл болоод байсан. Тэгсэн чинь зочид буудалд ажилладаг залуу нь шүүгээ эвдэлсэн, төлбөр тооцоо авах гээд ирчихсэн байсан. Тэгээд би өөрийн утаснаас мобайлаар шилжүүлж өгөөд гомдол саналтайг нь асуугаад байхгүй гээд бид нарыг явуулсан. Би талийгаачийг авч гараад Лхагваа гэсэн алга болчихсон байсан. ...Тэгээд унтаж байтал ээж энэ найз чинь болохоо байчихсан байна гэхээр нь босож ирээд үзэхэд талийгаач нас барчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 138-147/,

Гэрч З.Лхагважаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би Болорсайханыг болиоч гээд цаашаа түлхсэн чинь Болорсайхан намайг буцааж түлхэн ор руу унагаагаад араас бор өнгийн жижиг шүүгээ аваад шидчихсэн. Шүүгээ миний нүүрэн дээр унаж таараад би манараад цус гоожоод цусаа арчаад хэвтсэн Болорсайхан намайг хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 148-149/,

Гэрч Н.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Амгаа босож ирээд Болорсайхантай маргалдаж эхэлсэн, Лхагваа бас боль энэ тэр гэж хэлтэл Лхагвааг орон дээр байхад Болорсайхан бор өнгийн жижиг шүүгээг өргөж гаргаж ирээд Лхагваа руу шидэхэд түүний нүүрийг оноод Лхагваа арагшаа унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 150-151, 158 /

Гэрч С.Урангоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байтал Солонго Болорсайхан 2 хоорондоо хэрэлдэж маргалдаад зодоон болсон яагаад юунаас болж зодоон болсныг мэдэхгүй байна. Тэгээд би Лхагваад хандаж салгаачээ гэж хэлсэн чинь Лхагваа босоод Болорсайхан, Солонго хоёрыг салгах гэж байхад Болорсайхан Лхагваагийн нүүр лүү гараараа цохчихсон чинь Лхагваа ор луу унахад Болорсайхан дээр нь гараад цохиод яах ийхийн зуургүй босоод хажууд байсан бор өнгийн жижиг шүүгээг аваад Лхагваа руу шидчихсэн, шүүгээ шидсэнийхээ дараа модон сандал аваад бас Лхагваагийн зүг рүү шидсэн, шидсэн шүүгээ Лхагваагийн нүүр лүү оносон, сандал нь оносон эсэхийг мэдэхгүй байна, шүүгээнд цохиулаад Лхагваа хойшоо унасан. Энэ үед Амгаланбаатар, талийгаач болсон залуу хоёр босож ирээд салгах гээд оролдоод байсан...” гэх мэдүүлэг /1хх 160-161, 170/,

Гэрч А.Гал-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой 22-23 цагийн орчимд Амгаланбаатар ах нэг найзтайгаа цуг орж ирсэн. Энэ үед би эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан бөгөөд Амгаланбаатар ахын найзынх нь дагз орчмоос цус гоожчихсон куртик нь цус болчихсон байсан юм. Би нялх хүүхэдтэй учраас жаахан эвгүйцээд гадаа гаръя гээд бид 3 гарсан. Амгаланбаатар ах найзтайгаа цуг 750 граммын 1 шил Эден нэртэй архи авчирсан байсан. Бид 3 хашаанд нүүрсний амбаарын урд зогсож байгаад архинаас нэг хүн 3 орчим хундагыг уусан. Архиа талдаа оруулаад л больсон юм. Амгаланбаатар ахын найз нь нэлээн согтоод тасраад уначихсан юм. Тэгээд бид 2 тэр ахыг цуг өргөөд Амгаланбаатар ахын гэр рүү оруулсан юм. Тэгээд би гэртээ ороод унтчихсан. Архиа гадаа хаячихсан байсныг ээж нь асгачихсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх 172-173/,

Гэрч Б.Хэнчбиш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Буудалд орох үед цагаан куртиктэй залуу зүгээр сууж байсан бөгөөд тасаг дээр очоод дээрх залуучууд инээж хөхрөөд хоорондоо зүгээр юм яриад сууж байсан. Тэгээд Амгаланбаатарыг торгох үед бие биенээсээ торгуулийн мөнгө төгрөг асуугаад инээлдээд байсан. Дээрх залуучуудыг явуулахдаа Амгаланбаатар болон цагаан куртиктэй залууг 103-т үзүүлээрэй гэж хэлээд гаргасан. Ер нь цагаан куртиктэй залуу бусдыгаа бодвол илүү согтсон байх шиг байсан, толгой чинь хагарсан байна гэхэд гайхаад толгойгоо хагарсан гэдгийг ч мэдээгүй байх шиг байсан. Тэгээд надтай хамт байсан цагдаа Даваадэлгэр дээрх залуучуудыг тасгаас гаргах үед цагаан куртиктэй залуу нь буудлын орон дээр хэвтэж байсан залуутай маргалдаад байна гээд цагаан куртиктэй залууг Даваадэлгэр аваад ороод ирсэн. Тэгээд Амгаланбаатарыг цагаан куртиктэй залуугаа аваад яв гэж хэлээд явуулсан. Ер нь Болорсайхан болон цагаан куртик өмссөн байсан эрэгтэй шаардлага биелүүлэхгүй, хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байхаар нь буудлаас Болорсайханыг гавлаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх 178-179/,

Гэрч Г.Даваадэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эргүүлийн 24 цагийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Тайшир-10 аас оройн 20 цагийн орчимд “Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хур зочид буудалд согтуу хүмүүс танхайраад буудлын эд зүйлс эвдчихлээ” гэх дуудлага мэдүүлгийг хүлээн авч дуудлага өгсөн газарт очиход тус 4 залуу, 2 эмэгтэйн хамт нэлээд согтсон байдалтай байсан. Тэгээд 4 залуугийн нэг нь /нас барсан/ хойшоо хана налаад сандал дээр суугаад байсан ба би түүнд “хана битгий налаарай” гэж хэлэхэд тэр залуу хана налахаа больсон ба налсан хэсэг орчмоор хананд цусан толбо үлдсэн. Тэрхүү цусан толбыг хамт явж байсан 2 эмэгтэй нь арчаад цэвэрлэсэн. Мөн тэдний Амгаланбаатар гэх залуугийн толгой нь хагарч, цус гарсан байдалтай байсан. Бас нэг залуугийнх нь хамар нь урагдаж шалбарсан байсан. Би тухайн үед ямар учраас та нарын биед гэмтэл шарх үүссэн талаар асуухад “бид нар хоорондоо ийм асуудал гаргасан, бие биедээ ямар нэгэн гомдол саналгүй” гэх хариултыг хэлсэн бөгөөд тэдэнтэй хамт явж байсан 2 эмэгтэйгээс асуухад Болорсайханыг эдгээр гурван залуу руу шүүгээ авч шидэж, зодсон учраас эдгээр хүмүүст гэмтэл учирсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 184-185/,

Гэрч Ж.Соёлмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...орой 20 цагийн үед ажлаа хийж байтал 3 давхраас хүний чанга дуугарах чимээ гарсан. Тэгээд хамгаалагч Мөөгийгийн хамт очоод үзэхэд 3 давхрын 10 тоот өрөөнд 2 залуу зодолдоод төмбүүчик эвдчихсэн хоорондоо зууралдаад байж байсан. Нэг нь монгол гуталтай нөгөөх нь хөх өнгийн цамц өмсчихсөн байсан. Тэгээд манай хамгаалагч бид 2 боль гээд шаардлага тавьсан чинь хөх цамц өмссөн залуу монгол гутал өмссөн залуу руу сандал шидсэн. Сандал нь хана цохиод унасан бөгөөд хүн цохиогүй. ...Өөр нэг залуу зодолдож байгаа 2 залууг салгах гээд дийлэхгүй байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх 188-189/,

Гэрч Э.Золзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ямар сонин юм бэ гээд гайхсан итгэхгүй байгаа байдалтай байсан, тэрнээс биш яг тэр ингээд цохисон шүү, тэгээд цохичихсон шүү гэсэн юм лав хэлээгүй. ...Солонго хэлэхдээ цагдаа дээр очиход толгойноос нь цус гарчихсан байсныг цагдаа нар харчхаад наад толгойноос чинь цус гараад байгаа юм биш үү гэж хэлж байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 195-196/,

Гэрч Н.Мөнхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Тухайн үед би талийгаачаас яагаад толгойгоо хагалсан талаар, одоо бие нь хэр байгааг асуухад “ах нь харин толгойгоо газар унаад хагалчихвуу яав” гээд өөрөө ч тодорхой зүйл хэлж мэдэхгүй байсан ба толгой хэсгээс нь гарч байсан цус тогтсон, куртикнийх нь зах хэсгээр нь цус гоожоод хатсан байсан. Яагаад найз нь толгойгоо хагалуулсан талаар би өөрийн ахаасаа асуугаагүй юм байна...” гэх мэдүүлэг /1-р хх 201-202/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 419 дугаар дүгнэлтэд: “...талийгаачийн биед дагзны зүүн хэсгээс баруун хэсэг доош нугасны том нүхний баруун тал руу чиглэсэн шугаман хугарал /16см/, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, тархи дарагдал, тархины духны дэлбэн болон баруун чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, няцрал, дагзанд шарх, дагзны хуйх болон зулай хэсгийн хуйханд цус хуралт, дух, зүүн хацар, нуруу, баруун шагайн үенд зулгаралт, дух, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйл хөдөлгөөн хийх чадваргүй байна. Эмнэлгийн анхан шатны тусламж авсан ч амьд гарах боломжгүй гэмтэл байна. Талийгаач нь дээрх гэмтлээр нас барсан байна...” гэх дүгнэлт /1-р хх 220-223/,

Шинжээч Б.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Талийгаач нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 50 минутаас оройн 20 цаг 50 минутын хооронд дагзны зүүн хэсгээс баруун доош нугасны том нүх рүү баруун тал руу чиглэсэн шугаман хугарал гэмтлийг авч цус алдаж эхэлсэн. Тэгэхээр талийгаач энэ 16 см шугаман хугарал гэмтлийг авснаас хойш тархи дарагдах үе буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цаг 50 минутаас 04 цаг 50 минут хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 224-229/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1772 дугаар дүгнэлт /1-р хх 243-244/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1092 дугаар дүгнэлт /1-р хх 245-247/,

Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 731 дүгээр дүгнэлтэд: “...Э.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Б  нь болсон хэргийн талаар асуултад хариулах чадвартай байна. Э.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.Б д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /2-р хх 4-5/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1866 дугаар дүгнэлтэд: “...З.Лхагважаргалын биед хоёр нүдний зовхи, хамар, баруун хацарт зулгаралт, баруун шанаанд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /2-р хх 15/,

Гэрч Б.Дэмчинжамц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би уг хэргийн газрын үзлэгт оролцсоноо санаж байна, тухайн үед би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр дадлага хийж байсан Дотоод хэргийн их сургуулийн сонсогч байсан юм. Би мөрдөгч болон шинжээч, мөн дадлага хийж байсан Амарсайхан нарын хамт хэргийн газар очиж үзлэг хийхээр болоод өрөөг буудлын ажилтнаар заалгаад очиход Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийн газрын хамгаалалтад авсан байсан. Тэгээд мөрдөгч Бүүвэйбаатар шинжээчийн хамт орж үзлэг хийхэд мөн манай сургуулийн сонсогч Амарсайхан бид 2-ыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Өрөөнд ороход өрөө эмх замбараагүй нэг төмбүүчик цаад талын орон дээр, тэгээд хөнжил гудсыг замбараагүй болгосон, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Шал болон ширээн дээгүүр ундаа асгаж хатсан, зууралдсан байдалтай, архины шил, ундааны савнууд эмх замбараагүй хөглөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 123/,

Гэрч Б.Амарсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон, тухайн үед би Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, үйлдвэрлэлийн дадлага хийж байсан учраас уг хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон юм. Хэрэг гарсан гэх буудлын өрөөнд ороход эмх замбараагүй болсон орон дээр байсан хөнжил гудас, шал, сандал зэрэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон, архины шил, тамхины иш, шалан дээр ундаа асгарч зууралдаж хатсан байдалтай бохир болсон өрөөнд орж мөрдөгч үзлэг хийсэн, хөндлөнгийн гэрчийн хувьд хуульд заасан эрх, үүргээ хүлээж үзлэгт оролцсон. Хэргийн газрын үзлэгээр хүрэн төмбүүчик хурааж авсан, тэр төмбүүчикний ар талын хэсгийн доод ирмэгт сэтэрхий үүссэн тэр сэтэрхий дээр багц бөөгнөрсөн хар өнгийн хүний үс мэт зүйл наалдаж, хавчигдсан байдалтай байсныг криминалистик шинжээч гэрэл зургаар авч тухайн үсийг хурааж авч байсан...” гэх мэдүүлэг/3-р хх 125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 951, 1094, 953, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1837, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 952, 950, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1868, 1867, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 905, 893, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 901, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1093 дугаар дүгнэлтүүд  /2-р хх 2, 6, 8, 10, 17, 19, 21, 27, 32,  40, 44, 3-р хх 1/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 50-56/,

            Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 60-73/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баатарбилэгийн гаргаж өгсөн хохирлын баримт /2-р хх 162-184/,

Шүүгдэгч Э.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...миний болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогчийн амь нас хохирсон байж магадгүй гэж бодож байна. Би хохирогчийн ар гэрт учирсан хохирол болох 33.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн ар гэрийн зүгээс гомдол санал байхгүй гэдгээ одоо илэрхийлж байгаа. Би энэхүү болсон үйл явдалд маш харамсаж байна, миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний хувьд бол ямар нэгэн байдлаар амь хохирогчтой муудалцаж байсан зүйл байхгүй, бие биедээ муу санаж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх 193-194/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-209/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 210/, оршин суугаа газрын тодорхойлолт /3-р хх 3/, шүүгдэгч Э.Б ы хувийн байдлыг тодорхойлох баримт /2-р хх 211-217, 3-р хх 88-90/, шүүгдэгч Э.Б ы Голомт банкны дансны хуулга /3-р хх 131-181/, хохирогч Г.Баатарбилэгт хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /3-р хх 186/ баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудлын 10 тоот өрөөнд архидан согтуурсан үедээ З.Лхагважаргалтай маргалдаж түүнхүү “бор өнгийн 45 см өндөртэй, 50 см урттай, 40 см өргөнтэй шүүгээ” шидэж улмаар Г.Батбилэгийг онож түүний биед дагзны зүүн хэсгээс баруун хэсэг доош нугасны том нүхний баруун тул руу чиглэсэн хугарал /16 см/, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааа /50 мл/, тархи дарагдал, тархины духны дэлбэн болон баруун чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, няцрал, дагзанд шарх гэмтэл болгоомжгүйгээр учруулсаны улмаас Г.Батбилэг нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ныг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-159 тоотод нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А гудамж 159 тоот” /1-р хх 18-25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 26-39/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Хур” зочид буудал 10 тоот өрөө” /1-р хх 39-46/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 47-98/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 98-114/, дискинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 124/, гэрч Н.Амгаланбаатарын “...Тэгээд унтаж байтал ээж энэ найз чинь болохоо байчихсан байна гэхээр нь босож ирээд үзэхэд талийгаач нас барчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 138-147/, гэрч З.Лхагважаргалын “...Тэгэхээр нь би Болорсайханыг болиоч гээд цаашаа түлхсэн чинь Болорсайхан намайг буцааж түлхэн ор руу унагаагаад араас бор өнгийн жижиг шүүгээ аваад шидчихсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 148-149/, гэрч Н.Солонгын “...Амгаа босож ирээд Болорсайхантай маргалдаж эхэлсэн, Лхагваа бас боль энэ тэр гэж хэлтэл Лхагвааг орон дээр байхад Болорсайхан бор өнгийн жижиг шүүгээг өргөж гаргаж ирээд Лхагваа руу шидэхэд түүний нүүрийг оноод Лхагваа арагшаа унасан...” гэх мэдүүлэг /1-р хх 150-151, 158/, гэрч С.Урангоогийн “...Болорсайхан дээр нь гараад цохиод яах ийхийн зуургүй босоод хажууд байсан бор өнгийн жижиг шүүгээг аваад Лхагваа руу шидчихсэн, шүүгээ шидсэнийхээ дараа модон сандал аваад бас Лхагваагийн зүг рүү шидсэн, шидсэн шүүгээ Лхагваагийн нүүр лүү оносон, сандал нь оносон эсэхийг мэдэхгүй байна, шүүгээнд цохиулаад Лхагваа хойшоо унасан. Энэ үед Амгаланбаатар, талийгаач болсон залуу хоёр босож ирээд салгах гээд оролдоод байсан...” гэх мэдүүлэг /1хх 160-161, 170/, гэрч А.Гал-Эрдэнийн “...Амгаланбаатар ахын найз нь нэлээн согтоод тасраад уначихсан юм. Тэгээд бид 2 тэр ахыг цуг өргөөд Амгаланбаатар ахын гэр рүү оруулсан юм. Тэгээд би гэртээ ороод унтчихсан. Архиа гадаа хаячихсан байсныг ээж нь асгачихсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх 172-173/, гэрч Б.Хэнчбишийн “...Ер нь цагаан куртиктэй залуу бусдыгаа бодвол илүү согтсон байх шиг байсан, толгой чинь хагарсан байна гэхэд гайхаад толгойгоо хагарсан гэдгийг ч мэдээгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 178-179/, гэрч Г.Даваадэлгэрийн “...Тэгээд 4 залуугийн нэг нь /нас барсан/ хойшоо хана налаад сандал дээр суугаад байсан ба би түүнд “хана битгий налаарай” гэж хэлэхэд тэр залуу хана налахаа больсон ба налсан хэсэг орчмоор хананд цусан толбо үлдсэн. Тэрхүү цусан толбыг хамт явж байсан 2 эмэгтэй нь арчаад цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 184-185/, гэрч Ж.Соёлмаагийн “...Өөр нэг залуу зодолдож байгаа 2 залууг салгах гээд дийлэхгүй байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх 188-189/, гэрч Э.Золзаяагийн “...Солонго хэлэхдээ цагдаа дээр очиход толгойноос нь цус гарчихсан байсныг цагдаа нар харчхаад наад толгойноос чинь цус гараад байгаа юм биш үү гэж хэлж байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 195-196/, гэрч Н.Мөнхцэцэгийн “...Тухайн үед би талийгаачаас яагаад толгойгоо хагалсан талаар, одоо бие нь хэр байгааг асуухад “ах нь харин толгойгоо газар унаад хагалчихвуу яав” гээд өөрөө ч тодорхой зүйл хэлж мэдэхгүй байсан ба толгой хэсгээс нь гарч байсан цус тогтсон, куртикнийх нь зах хэсгээр нь цус гоожоод хатсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 201-202/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 419 дугаар дүгнэлт /1-р хх 220-223/, шинжээч Б.Даваасүрэнгийн “...Тэгэхээр талийгаач энэ 16 см шугаман хугарал гэмтлийг авснаас хойш тархи дарагдах үе буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цаг 50 минутаас 04 цаг 50 минут хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх 224-229/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1772 дугаар дүгнэлт /1-р хх 243-244/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1092 дугаар дүгнэлт /1-р хх 245-247/, сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 731 дүгээр дүгнэлт /2-р хх 4-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1866 дүгнэлт /2-р хх 15/, гэрч Б.Дэмчинжамцийн “...Өрөөнд ороход өрөө эмх замбараагүй нэг төмбүүчик цаад талын орон дээр, тэгээд хөнжил гудсыг замбараагүй болгосон, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Шал болон ширээн дээгүүр ундаа асгаж хатсан, зууралдсан байдалтай, архины шил, ундааны савнууд эмх замбараагүй хөглөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /3-р хх 123/, гэрч Б.Амарсайханы “...Хэргийн газрын үзлэгээр хүрэн төмбүүчик хурааж авсан, тэр төмбүүчикний ар талын хэсгийн доод ирмэгт сэтэрхий үүссэн тэр сэтэрхий дээр багц бөөгнөрсөн хар өнгийн хүний үс мэт зүйл наалдаж, хавчигдсан байдалтай байсныг криминалистик шинжээч гэрэл зургаар авч тухайн үсийг хурааж авч байсан...” гэх мэдүүлэг/3-р хх 125/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 951, 1094, 953, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1837, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 952, 950, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1868, 1867, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 905, 893, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 901, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1093 дугаар дүгнэлтүүд  /2-р хх 2, 6, 8, 10, 17, 19, 21, 27, 32, 40, 44, 3-р хх 1/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 50-56/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 60-73/, шүүгдэгч Э.Б ы “...миний болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогчийн амь нас хохирсон байж магадгүй гэж бодож байна. ...Би энэхүү болсон үйл явдалд маш харамсаж байна, миний хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний хувьд бол ямар нэгэн байдлаар амь хохирогчтой муудалцаж байсан зүйл байхгүй, бие биедээ муу санаж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх 193-194/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б ыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийг улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн  хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1 жилийн хугацаанд хориглон хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “бор өнгийн шүүгээ болон цагаан өнгийн подволка” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баатарбилэг нь “...33.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Миний бие нэхэмжлэх зүйл гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Э.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б  нь энэ хэрэгт 140 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Б д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б ы Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “2617002294” тоот дансанд байршуулсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 4.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдэлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар уг 1 /нэг/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.Б ы Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “2617002294” тоот дансанд байршуулсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 4.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “бор өнгийн шүүгээ болон цагаан өнгийн подволк” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасагт даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 140 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Б д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН