Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1989

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00817 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХнд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, ХХХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ, ХХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

ХХны дарга ХХХХХ нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар намайг тус хорооны Зохицуулалтын газрын даргын ажлаас халсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Үүний дараа надтай эвлэрлийн гэрээ байгуулан намайг өмнөх ажилд нь эгүүлэн авах зохих хохирлыг нөхөн төлөх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж зохих бичилт хийх үүрэг хүлээсэн.

Энэ эвлэрлийн гэрээг шүүх 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 3620/и дугаартай захирамж гаргаж баталсан. Гэтэл ХХ дээрх захирамжийг бодитойгоор биелүүлээгүй атлаа 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/119 тушаалаар намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоосон мэт тушаал гаргаж ажилд оруулахгүй, ажиллах боломж олгохгүй байсан тул эвлэрлийн гэрээ баталсан шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасан.

Шүүх уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай гүйцэтгэх хуудас, захирамжийг гаргасан. ХХ уг захирамж гарснаас хойш 2 cap хагасын дараа эвлэрлийн гэрээнд заасан нөхөх олговрын мөнгийг шилжүүлсэн. Намайг өмнөх ажилд оруулах ямар ч алхам хийлгүйгээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажилд эгүүлэн тогтоох тухай Б/119 тушаалтай хамт нэг өдөр намайг ажлаас халах тухай Б/120 дугаартай тушаал гаргажээ. Энэ тушаалыг өнөөдрийг хүртэл надад гардуулж өгөөгүй төдийгүй шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хуурах ажиллагаа хийсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 3620/и дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байсан. Гэтэл ХХ шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй атлаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг буруутган шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл саатаж би хохирсоор байна. Уг нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэг анхан, давах, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж дууссан. Давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1582 дугаартай магадлалдаа гуравдагч этгээд Х нь ХХны Б/120 тушаалаар ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3, 128.1.2, 69.1 дэх хэсэгт зааснаар тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэж заасан. Улсын дээд шүүх 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 00096 дугаартай тогтоолд Хг ажлаас халсан Б/120 дугаар тушаалын талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гэж заасан.

Намайг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албан ёсоор биелүүлэхгүй болохоор нь дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нэхэмжилж шүүхэд хандахад зохигчийн маргаж байгаа зүйл түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. ХХ 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3620/и дугаартай шийдвэрийг бодитойгоор биелүүлээгүй атлаа 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б/119 тушаалаар намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоосон мэт тушаал гаргаж ажилд оруулахгүй, ажиллах боломж олгохгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг шүүхэд өгч шүүхэд хандах миний эрхийг албаар хойшлуулж өнөөдрийг хүрсэн. Иймээс би гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Иймд намайг ХХны Зохицуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөгийг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХны шүүхэд гаргасан тайлбарт:

ХХны даргын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/119 тушаалаар иргэн Хг Зохицуулалтын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн авахдаа уг тушаалын 2 дугаар заалтаар 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг буцаан сэргээсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, Хорооны хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3, ХХны ажилтан, албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.5, 2.1.6, 3.9, 3.10, 3.12, 4.2, Хөдөлмөрийн гэрээний 2.3.2 дах заалтуудыг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/120 тоот тушаалыг гаргасан. Б/120 тоот тушаал гарсныг Х мэдэж байсан бөгөөд албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулах гэхээр зугатаж алга болсон, гэрийн болон гар утсаа салгасан байсан. Энэ асуудлаар хүний нөөцийн мэргэжилтэн ХХХХХХ биечлэн уулзахаар нилээд оролдлого хийсэн.

Х нь ёс зүйн ноцтой алдаа, дутагдал гаргаж байсныг гэрчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон төрийн бус байгууллагаас гомдол хүсэлтүүд ирүүлсэн. Түүнчлэн Хд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/63 тоот тушаалаар цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байхад 2014 оны 01 дүгээр сарын 28-ны Б/14 тоот тушаалаар дахин цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл авсан. Хг ажлаас халах хангалттай үндэслэл байгаа тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Иймээс ажилгүй байсан хугацааны цалин гэсэн ойлголт байхгүй, зөвшөөрөхгүй. Энэ бүхэн Хгийн өөрийнх нь буруугаас болсон, өмнө нь бид Хгийн өөрийнх нь хүсэлтийг аваагүй болохоор эвлэрсэн. Х сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан тул ажлаас нь чөлөөлсөн. Энэ тухай өөрөө ч мэдсэн мөртлөө Б/120 тушаалыг санаатайгаар аваагүй. ХХны 2012 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан "ХХны шагнал, урамшууллын журам"-ын 4.6-д жилийн үр дүнгийн шагналыг олгохгүй байх нөхцлийг заасан бөгөөд мөн журмын 4.6.2-т Хорооны хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөний улмаас ажлаас халагдсан гэх үндэслэлээр 2014 оны үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөг нэхэмжилж байгааг ч хүлээн авах үндэсгүй. Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Хг ХХны Зохицуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, тус хорооноос 48 303 557 төгрөг гаргуулан Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 220 966 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд нэхэмжилсэн 8 361 557 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Х тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 399 467 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах гомдолдоо: "ХХны даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6/119, 6/120 дугаартай тушаалуудыг Хд гардуулан өгөөгүй Х энэ тухай мэдсэн боловч шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан" гэж шүүх үзжээ.

Нэхэмжлэгч Х нь ХХны даргын 2014 оны Б/119, Б/120 дугаартай тушаалуудыг мэдэж байсан бөгөөд түүнд албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулах гэхээр гэрийн болон гар утсаа салган зугатаж алга болдог, гардаж авахаас татгалзан удаа дараа зайлсхийж байсан болно. Х нь тушаалаа гардаж авдаггүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсоор байхад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 дахь заалтыг зөрчин хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал Хгийн нэхэмжлэлийг хүлээн авч, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх тухай шийдвэр гаргаагүй атлаа хэрэг үүсгэн хянан шийдвэрлэжээ.

Тухайн үед ХХны даргын Б/120 дугаар тушаалыг хууль бус гэж нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй, боломжтой байсан ч зөвхөн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан эрхээ эдлээгүй байна. Иймд Х нь өөрийн эрхийн дагуу шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

ХХны нэхэмжлэлтэй, ХХнд холбогдуулан "ХХны хууль бус ажиллагааг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай" нэхэмжлэлийг гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.16-ны өдрийн 6199 дугаар шийдвэртэй хэрэгт ХХны даргын 2014 оны Б/120 дугаартай тушаал эх хувиараа авагдсан байгааг гуравдагч этгээдээр оролцогч Х нь мэдэж байсан болно. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015.12.02-ны өдөр 1582 дугаартай магадлалын Хянавал хэсэгт "...Гуравдагч этгээд Х нь ХХны даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй эсэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3, 128.1.2, 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар тусдаа нэхэмжлэл гаргаж маргах эрх нь нээлттэй байх бөгөөд түүний энэ эрхийн талаар ХХ тайлбартаа дурдсан байгааг шүүх анхаараагүй байна..." гэж тодорхой тайлбарласан боловч мөн л тухайн үед ХХны даргын 2014 оны Б/120 дугаартай тушаалыг мэдсээр байж нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгүй.

Мөн нэхэмжлэгч Х нь ХХнд холбогдуулан ажиллагаагүй хугацааны цалин, урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргахад шүүх 2015.06.10-ны өдрийн 19128 дугаартай захирамжаар "зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байжээ.

Тус нэхэмжлэлдээ "ажиллаагүй хугацааны цалин 2 787 185 төгрөг, урамшуулал 8 361 557 төгрөг нийт 11 148 742 төгрөг гаргуулах тухай" гэж гаргасан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн захирамжид "Нэхэмжлэгч Х нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох шаардлага гаргаагүй нь ажиллаагүй хугацааны цалин хөлсийг шууд гаргах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан өмнө эрхэлсэн ажилд авахгүй байгаа гэснийг шүүх тайлбар гэж үзэж болно" гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Х нь нэхэмжлэлдээ ХХны даргын 2014 оны Б/120 дугаар тушаалын талаар мөн л дурьдаагүй зөвхөн мөнгө авах тухай нэхэмжилсэн байсан.

2. ХХны Зохицуулалтын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/63 тушаалаар "ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн" үндэслэлээр Хгийн үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 тушаалаар "Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн" үндэслэлээр цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж улмаар ХХны даргын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаартай тушаалаар Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлөхөд Х нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Хэрэгт авагдсан дээрх материалуудаас харахад Х нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж, сахилгын шийтгэл авч байсан нь тодорхой харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-д "Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж заасан байдаг. Шүүх Хгийн эхний сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жилийн дотор удаа дараа дахин дахин сахилгын зөрчил гаргаж байсан, сахилгын шийтгэл авч байсан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй, ажилтанд олгогдсон сахилгын шийтгэл нь нэг жилийн дотор хүчинтэйд тооцогддог Хөдөлмөрийн тухай хуулийг үл тоосон шийдвэр гаргасан.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан cap, илрүүлснээс хойш нэг cap өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах, мөн сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй юм. Иймээс тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, байгууллагуудаас ирсэн гомдол, ХХны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зөрчлийг илрүүлэн, хэлэлцсэн талаар хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад тушаалыг үндэслэлгүй гаргасан, илэрсэн байсан зөрчил дээр дахин арга хэмжээ авсан мэтээр үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, иргэн Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.2 дах заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дах заалтуудыг тус тус зөрчсөн нотлох баримтыг буруу үнэлж нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

          

Нэхэмжлэгч Хгийн гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 66 524 523 төгрөг, хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшуулалд 8 361 557 төгрөг тус тус гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХ эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх талуудаас ирүүлсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х хариуцагч ХХны Зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад тус хорооны даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан, шүүхээс түүний гомдлын дагуу хэргийг хянах явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Х нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр гаргуулах шаардлагаасаа татгалзан хариуцагч ХХ нэхэмжлэгч Хг Зохицуулах газрын даргын ажилд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 375 078 төгрөг нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, дэвтэрт зохих бичилтийг хийхээр эвлэрснийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3620/и захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна.  

 

Хариуцагч ХХ 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус хорооны Зохицуулалтын газрын даргаар Хг эгүүлэн тогтоосон Б/119 дугаартай тушаал гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3 100 000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 100 000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 4 175 078 төгрөг нийт 9 375 078 төгрөг төлж барагдуулан шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлжээ.  

 

Нэхэмжлэгч Хг ХХны Зохицуулалтын газрын даргын ажилд томилсон тушаал гаргасан мөн өдрөө хариуцагч тал сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд ХХ ажилтныг ажлын байраар хангаж, шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 2 дугаар сарын 17, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 3620/и тоот захирамжийг биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч ХХнд хүргүүлсэн ажиллагаа явуулсныг ХХ эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

 

Хариуцагч ХХны дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хууль бус болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6199 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1582 дугаар магадлал, Дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний 00096 дугаартай тогтоолоор тогтоожээ.

 

Хариуцагч тал 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ажлаас халсан тушаалаа нэхэмжлэгч Хд гардуулан өгөөгүй, өмнөх тушаал биелэгдсэн эсэх талаар ХХ, ХХны хооронд маргаан үүссэн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хд ажлаас чөлөөлсөн тушаалын хувийг гардуулаагүй тул Улсын дээд шүүхийн тогтоолыг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаас хойш 1 сарын дотор буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой гомдлоо гаргасан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэх үндэслэл заасан нь ойлгомжгүй, уг зөрчлийг ажилтан нь шүүхийн шийдвэрийн дагуу ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тушаал гаргахын өмнө эсхүл хойно гаргасан болох нь тушаалаас харагдахгүй байна.  

 

ХХны даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/63 тоот, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Х тус тус сахилгын арга хэмжээ авагдсан байх бөгөөд Хгийн өмнө нь ажлаас халагдахын өмнө гаргасан зөрчлийг ажлаас дахин халах үндэслэлээ болгосон нь буруу бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хуулийн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу Б/120 тоот тушаалыг ажилтанд гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй, “Х нь ХХны даргын 2014 оны Б/119, Б/120 дугаартай тушаалуудыг мэдэж байсан бөгөөд түүнд албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулах гэхээр гэрийн болон гар утсаа салган зугатаж алга болдог, гардаж авахаас татгалзан удаа дараа зайлсхийж байсан” гэх хариуцагчийн тайлбар нь баримтаар нотлогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэрч ХХХХХХгийн “Хд Б/120, Б/119 тоот тушаалыг танилцуулах гэж утас руу нь залгахаар утсаа авдаггүй байсан. Тушаалаа авъя гэж надтай холбогдоогүй ...” гэх мэдүүлэг маргаан бүхий үйл баримтыг нотолсонгүй.  

 

Шүүх Хг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 48 304 557  төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                             

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                                    ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА          

                                                                                                         

                                                                                                          А.МӨНХЗУЛ