Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0499/З |
Дугаар | 221/МА2021/0029 |
Огноо | 2021-01-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0029
“ЗБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “ЗБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 697 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалтын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...”ЗБТ” ХХК-ийн ашиглаж байсан ...0.5 га газар нь бүхэлдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүстэй давхцалтай болох нь нотлох баримтаар тогтоогдсон” гэж дүгнээд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг үндэслэл болгосон байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заажээ. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхын тулд манай компанийн ашиглаж буй газар энэ заалтад хамаарч буй эсэхэд зөв дүгнэлт өгсөн байх учиртай. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.3-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан.
Бодит байдалд манай компанийн ашиглаж байгаа газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаардаггүй бөгөөд онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг өмнөх шүүхийн шийдвэрээр хассан, мөн ус хангамжийн эх үүсвэр гэж Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар “ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр үндэслэлд зөв дүгнэлт хийвэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Мөн эрүүл ахуйн бүс гэдэг нь ус хангамжийн эх үүсвэр гэх ойлголтод шууд хамаарах бөгөөд энэ утгаараа манай ашиглаж буй газарт хамааралгүй ойлголт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гол нотлох баримт болох холбогдох байгууллагуудаас болон хариуцагчаас гаргасан сансрын зургуудын хувьд ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүсийг өөр өөрөөр тодорхойлсон байхад үүнийг шүүх харьцуулан шинжлэн судлалгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрөх нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Жишээ нь хариуцагчаас гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/6302 дугаар албан бичгийн хавсралтад усны хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүс гэж заасан бүсийг шүүх эрүүл ахуйн бүс гэж ойлгон шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэтэл Усны тухай хуульд зохицуулснаар эрүүл ахуйн бүс нь ус хангамжийн эх үүсвэрт шууд хамаарах ойлголт бөгөөд энэ нь манай ашиглаж буй газартай ямар нэг байдлаар холбоогүй болно.
Өмнө нь дурдсанчлан манай компанийн ашиглаж буй газартай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 809 дүгээр шийдвэр гаргаж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131, 133 дугаар зүйлүүдэд заасны дагуу хүчингүй болгоогүйгээс бусад тохиолдолд түүнийг төр захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэх ёстой.
“ЗБТ” ХХК анх Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт байрлах Залаатын аманд аялал жуучлалын зориулалттай 0.5 га газрыг ашиглуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 107.96 м.кв-аас бусад хэсэг нь ямар нэг хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг шинээр гарсан хуульд нийцүүлэх нэрээр хүчингүй болгох нь газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ЗБТ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/268 дугаар тушаал багтаж, “ЗБТ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж маргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор заасан, уг заалтын хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно.
Тухайн тохиолдолд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг үндэслэж мөн хуулийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хууль зөрчиж газар олгосон гэсэн тодорхой үндэслэлээр, өмнө гаргасан тушаалаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасны дагуу хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон тушаалаа хүчингүй болгосон нь хуулийг зөрчөөгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “...Бодит байдалд манай компанийн ашиглаж байгаа газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаардаггүй бөгөөд онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг өмнөх шүүхийн шийдвэрээр хассан, ...хариуцагчаас гаргасан сансрын зургуудын хувьд ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүсийг өөр өөрөөр тодорхойлсон байхад үүнийг шүүх харьцуулан шинжлэн судлалгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, ...манай компанийн ашиглаж буй газартай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 809 дүгээр шийдвэр гаргаж, энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, түүнийг төр захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзэх ёстой” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн, уг зохицуулалт нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгохдоо зөвхөн дээрх зохицуулалтын дагуу түр буудаллах орон байрыг ашиглах эрхтэй байх агуулгатай байх бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 5-д зааснаар “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулахыг хориглосон” зэргээс үзэхэд анхнаасаа уг газарт аялал жуулчлалын зориулалтаар эрх олгох боломжгүй байжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримтлавал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул холбогдох хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 697 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 17 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “ЗБТ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “ЗБТ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ