Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1485

 

 

 

 

 

 

 

  2019        09          25                                  2019/ШЦТ/1485                                                                        

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Элэзэн овогт М С яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04116 1881 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

М.Снь  2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Жавхланг төмрөөр цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай нөхрийн найз н.Лхагвасүрэн өдөр дуудаад байхаар нь бид хоёр 12:00 цагт ажлаа тараад очсон. Тэгээд дуудсан газар нь таксидаад очиход н.Лхагвасүрэн, н.Жавхлан хоёр зодолдоод, барилцаад байж байсан. Тэр хоёрыг манай нөхөр эвлэрүүлсний дараа бид нар випо, архи уусан. Нөхөр дэлгүүр явсан хойгуур би н.Лхагвасүрэнтэй тоглоомноос болж маргалдсан ба н.Жавхлан намайг барьж байгаад н.Лхагвасүрэнд алгадуулчихсан юм. Тэгээд тэр уурандаа би н.Жавхлангийн нуруунд хогийн шүүрний ишээр цохисон гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Жавхлангийн өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найз Саруулыг Дорнод аймаг явлаа гэхээр нь бид нар гаргаж өгөх гээд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Лицензын төвийн ард байх 12 давхар байранд очсон. Ингээд бид нар юм яриад сууж байтал манай найз Лхагвасүрэнгийн толгой руу Сараа гэгч эмэгтэй шалтгаангүйгээр  цохиж ундааны лааз авч шидээд байсан. Тэгэхээр нь би боль гэтэл Сараа Лхагвасүрэн рүү хутга авч шидсэн. Тэгэхээр нь би салгаад Сарааг аваад гадаа тайвшруулах гээд Хоме Плазагийн урд явж байтал Сараагийн нөхөр Бямбасүрэн өөдөөс ирсэн ба гэтэл Сараа Лхагвасүрэн Жавхлан хоёрт тэгтлээ доошоо орсон юм уу гэтэл Бямбасүрэн хэн Лхагвасүрэн үү гэх зэргээр гайхаж тэрийг ална гэх зэргээр агсам тавьж байхаар нь би Бямбасүрэнд чи яахаараа Лхагвасүрэнг зоддог юм бэ гэтэл чи юу юм пизда минь гээд намайг заамдаад авсан. Тэгтэл Сараа намайг бүдүүн трубагаар цохисон ба Бямбасүрэн намайг хавирч унагаад дээрээс дараад байхаар нь би гар өвдөөд байсан учраас больё гэж хэлтэл чи муу ийм арчаагүй пизда байхгүй юу гээд салсан. Ингээд би маргааш нь Сараа, Бямбасүрэнтэй яриад цагдаад өгөөд яах вэ, би эмчилгээний зардлаа авъя гэтэл шалгуулдаг газраараа шалгуул гээд байна. Толгой урд дух шалбарч хавдсан, баруун гар хөдлөхгүй болсон улайж хавдсан, гар чинэрч өвдөөд бадайраад байна...

            ...Би тухайн өдөр найзууд дээрээ очихоос өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөлбөмбөг тоглож байгаад баруун нүдэндээ хамт тоглож байсан хүнд санаандгүй мөргүүлсэн ба дараа нь найзууд дээрээ ирээд Лхагвасүрэнтэй маргалдаад улмаар баруун шанаа хэсэгтээ 1 удаа цохиулсан. Миний биед баруун гарын бугалга, тохойн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүдийг Сараа гэх эмэгтэй нарийн төмрөөр миний баруун гар руу болон нуруу хэсэгт 2 удаа цохисны улмаас үүссэн гэмтэл байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 16-17 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энхцэцэгийн өгсөн: ...Тэр архийг дуусгаад Л.Бямбасүрэн дахин архинд явсан ба тэр хооронд Л.Бямбасүрэнгийн эхнэр болох М.СБ.Лхагвасүрэнгийн толгой хэсэгт ундааны саваар босооч гээд хэд хэдэн удаа цохиход Б.Лхагвасүрэн уурлаад М.С маргалдаж барьцалдаад хажуугийн өрөө рүү орсон. Би араас нь ороход М.С манай найз залуу болох Б.Лхагвасүрэн рүү хуванцар сандал, элдүүр зэргийг шидээд байхаар нь Б.Лхагвасүрэн цагдаа дуудлаа гэхэд М.Сдахин Б.Лхагвасүрэн рүү хутга авч шидсэн. Тэгээд Б.Лхагвасүрэн гэрээс гарахад М.С, Л.Жавхлан нар араас нь гарсан. Удаагүй би араас нь гарахад Л.Бямбасүрэн, Л.Жавхлан нар маргалдаад зогсож байхад М.Сшилтэй архиар цохих гэж дайрч байсан бөгөөд цаанаас шүүрний иш авч ирээд Л.Жавхлангийн нуруу болон баруун гар руу 3 удаа цохиж байх харагдсан. Дараа нь гартаа барьсан шүүрний ишээрээ Б.Лхагвасүрэнг цохих гэж дайраад байхаар нь би М.С гарнаас шүүрний ишийг нь булааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Мөнхсаруулын өгсөн: ...Тэгэхэд 22.30 минутын үед манай найз Бямбасүрэн Сараа бид нар дээр ирээд бид нар хамт гэрт орцгоогоод үлдсэн пивоо ууж дуусгаад Бямбасүрэн Даваатай хамт дахин архи авна гээд гарсан. Тэр үед Сараа гэх эмэгтэй Лхагвасүрэнг унтаж байхад ундааны саваар гурван удаа цохисон мөн бос гээд цамцнаас нь татаад байсан болохоор Лхагвасүрэн уурлаж босч ирээд Сарааг нэг удаа алгадсан. Дараа нь Сараа гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд Лхагвасүрэн рүү шидсэн бөгөөд Лхагвасүрэн цагдаад дуудлага өгсөн болохоор нь би та нар учраа ол гээд Лхагвасүрэн, Сараа, Жавхлан гурвыг гаргасан. Удаагүй би араас нь гарч очиход Сүлд чуулгын урд талд Жавхланг Сараа шүүрний ишээр гар руу нь 2 удаа цохиж харагдсан. Удаагүй Бямбасүрэн, Даваа 2 бид нар дээр ирээд Жавхлантай эхнэрээ өмөөрч маргалдаж байгаад шанаа болон мөр хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохиж байхад Сараа дахин ирээд Жавхаагийн баруун гар руу цохиод байсан хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй. Удаагүй цагдаа нар ирээд бид нарыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8392 дугаартай шинжээчийн:

            1. Л.Жавхлангийн биед духны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун гарын бугалга, тохой, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.С: ...Тэр үед Б.Лхагвасүрэн цагдаад дуудлага өгөөд Саруулын гэрээс бүгд цуварч гарсан бөгөөд гадаа манай нөхөр Б.Лхагвасүрэнтэй яагаад Сарааг алгадаж байгаа юм бэ гээд маргалдаад байж байхад хажуунаас Л.Жавхлан манай нөхрийг чи надтай зодолд гээд орилоод байсан. Тэгээд нөхөр маань Л.Жавхланг зууралдаж байгаад газарт унагаагаад байж байхад нь би нарийн төмрөөр Л.Жавхлангийн нуруу болон баруун гарт нь хоёроос гурван удаа цохисон бөгөөд миний гараас Б.Лхагвасүрэнгийн найз охин болох Г.Энхцэцэг булааж аваад хаясан. Тэр үед цагдаа нар ирээд бид нарыг бичиг баримт шалгаж байгаад бид нарыг гэр орондоо ор гэж шаардлага тавьсан ба бид бүгд гэртээ орцгоосон...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар тал/,

            - Шүүгдэгч М.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59, 60 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.С 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Жавхланг төмрөөр цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд М.Снь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Л.Жавхлан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.С холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.Снь  2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Жавхланг төмрөөр цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Жавхлан, гэрч Г.Энхцэцэг, З.Мөнхсаруул, яллагдагчаар өгсөн М.Снарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8392 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Л.Жавхлан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байх тул шүүгдэгч М.С бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 67 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Снь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Элэзэн овогт М С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар М С 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.С оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ