| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1830/Э |
| Дугаар | 1860 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.2., |
| Улсын яллагч | Г. Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 1860
2019 12 11 2019/ШЦТ/1860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Хохирогч С.Гантуяа,
Өсвөр насны шүүгдэгч Г.А,
Шүүгдэгч Д.О, тэдний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны Г.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03811 2387 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Д.О,
Г.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Гантуяатай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүхийн 774 дугаартай шийтгэвэрээр тогтоогдож байх ба 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын 22-69 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Гантуяаг хаагуур яваад архи уугаад байгаа юм гэхэд нь чи муу үстэй ал, гичий, нохой, янхан, банзал гэж хэл амаар доромжилж байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлааж гэр бүлий хүчирхийлэл үйлдсэн,
Мөн өөрийн төрсөн охин Г.Атай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гудманд 15 настай Л.Өнөболдыг зодож биед нь зүүн дээд 4-р шүдний паалангийн эмтрэл, дух, зүүн хацар, нуруунд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Өсвөр насны яллагдагч Г.А нь өөрийн төрсөн эцэг Д.Отай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гудманд 15 настай Л.Өнөболдыг зодож биед нь зүүн дээд 4-р шүдний паалангийн эмтрэл, дух, зүүн хацар, нуруунд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, өсвөр насны шүүгдэгч Г.Анударийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
1. Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Гантуяатай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч С.Гантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа тараад гэртээ ирээд байж байтал 22:00 цагийн үед манай нөхөр Д.О согтуу гэртээ орж ирэхээр нь би хаагуур яваад архи уугаад ирж байгаа юм гэж хэлэхэд намайг чи муу үстэй ал, гичий, нохой, янхан, банзал гэж хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Хэдэн удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнөө мэдэхгүй байна. Хэд хэдэн удаа цагдаад дуудлага өгсөн байгаа. Д.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хэл амаар доромжилдог нь үнэн. Хүүхдүүдээ хэл амаар доромжилдоггүй.
2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Д.О гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод, агсам тавиад байхаар нь цагдаад хандсан. Өмнө нь ийм асуудал гардаг байсан. Үстэй ал, янхан, пизда минь гэх зэргээр доромжилдог. Миний хувьд баривчилгаанд явуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 47, 51-52/
Насанд хүрээгүй гэрч Г.Анударийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Манай аав Д.О нь дөлгөөн, хөгжилтэй зантай. Ээж дүү бид гуравт халамжтай. Харин архи уусан үедээ ганцаараа ярьж шөнө унтахгүй, ээж бид нарыг унт гэхээр үгэнд орохгүй ээжтэй маргалдаад байдаг. Тэгэхээр нь ээж цагдаа дуудаж бариулдаг. Түүнээс болж манай аав ээж бид нарыг зодож, цохиж байсан удаа бол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11, 43/
-Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 46/
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Зөрчлийн шийтгэл оногдуулсан шийтгэвэрийн хуулбарууд /хх-ийн 101-104/
Шүүгдэгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ах дүү нарын хамт газарт очоод буцах замдаа архи уусан. Гэртээ оройн 22 цагийн үед ирэхэд эхнэр С.Гантуяа архи уусан байна гэж уурласан. Түүнээс болж хэрүүл маргаан болж би түүнийг гичий, янхан гэж доромжилсон. Тэр үед цагдаа дуудсан байсан. 2017 оноос хойш би 4 удаа эрүүлжүүлэгдэж, баривчилгаанд явж байсан. Тэрнээс өмнө ч орж байсан. Архи ууж гэртээ агсам тавьж байсан ч эхнэр, хүүхдээ зодож байгаагүй. Би архи уухаараа хурдан тасарч тэр үедээ эхнэрээ хэл амаар доромжлоод байдаг гэсэн. Би өөрөө санадаггүй юм. Эхнэрийн хэлснээр бол би согтуу үедээ гэртээ уйлдаг, заримдаа догшин авирлаж эхнэрээ хэл амаар доромжилсон зөрчил гаргадаг нь үнэн. Өөрийн хийсэн үйлдэлээ харамсаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 56-59/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
-хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Оийн иргэний үнэмлэхний хуулбар, Д.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-64/, цагдаагийн байгууллагын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 68-104/, хохирогч С.Гантуяагийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх өргөдөл /хх-ийн 109/ зэргийг шинжлэн судлав.
2. Шүүгдэгч Д.О, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гудманд 15 настай Л.Өнөболдыг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Д.Өнөболдын мөрдөн байцаалтад өгсөн:
Би тэр өдөр найзуудын хамт тоглож байгаад 19 цагийн орчимд Г.Атай маргалдсан юм. Тэгсэн Г.А намайг барьж явсан цэнэглэгчээрээ нилээд хэдэн удаа ороолгосон. Тэгэхээр нь Анударийн хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгсэн Г.А байж байгаарай гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа аав, аавынхаа дүү хоёрыг дагуулж ирсэн. Г.А хүрч ирээд намайг үсдсэн. Тэгсэн аав нь 2 удаа өшиглөсөн. Бас гараараа цохиод байсан. Би нүүрээ дараад хамгаалсан байсан. Тэгээд намайг босоод ирэхэд аав нь миний хүзүүнээс дарж байгаад Г.А нүүрлүү өвдөглөсөн. Толгойн дээрээс цохиод байсан. Тэгэхэд миний хамар, нүүр хавдаад, шүд эмтэрч унасан. Аав нь намайг газар унагасан. Тэгээд 2 удаа өшиглөсөн. Тэгж байхад тэнд байсан хүүхдүүд салгахад нь би зугтааж явж байхад Г.А араас чудуу шидэж миний толгойг оносон. Би зугтааж өвөөгийндөө очоод цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,
Насанд хүрээгүй гэр Б.Дөлгөөнмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Г.А, Өнөболдод чи хөл муутай хүнийг хурдан яв гэж хэллээ гичийний хүүхэд чинь гэж хэлсэн чинь Өнөболд уурлаад босож очоод Анударийг нэг удаа алгадчихсан. Тэгсэн Г.А зөрүүлээд гар утасны цэнэглэгчээр Өнөболдыг нэлээд олон удаа нуруу руу нь ороолгосон. Тэнд байсан хүүхдүүд салгасан юм. Г.А салж яваад 5-10 минутын дараа аав Д.О, бас нэг эрэгтэй хүний хамт ирсэн. Анударийн аав Д.О Өнөболдыг чи миний охиныг зоддог хэн бэ гэж хэлээд Өнөболдыг хоёр гарнаас нь бариад доош тонгойлгосон. Тэгэхэд Өнөболд гарыг нь тавиулаад нүүр рүү нь 1 удаа цохьсон. Тэгэхэд Өнөболдыг Д.О дахиж доош нь тонгойлгоод Г.А Өнөболдын толгой, нуруу руу нь өшиглөж цохиод байсан. Д.О бас цохиж байгаа харагдсан. Би цуг ирсэн ахыг нь хориод байж байсан. Тэнд байсан хүүхдүүд тэднийг салгаж Өнөболд зугтааж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 138/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн №8480 дугаартай:
Д.Өнөболдын биед зүүн дээд 4-р шүдний паалангийн эмтрэл, дух, зүүн хацар, нуруунд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 143/,
Шүүгдэгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Өнөболд миний охин Г.Атай маргалдсан гэхээр нь би очиж түүнийг яагаад эмэгтэй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэхэд чи муу яадаг юм гээд миний нүүр рүү 3 удаа цохьсон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гээд Өнөболдын мөрнөөс барьж авахад Г.А түүний нүүр рүү 2, 3 цохьсон. Тэгээд намайг тавьсан чинь зугатаагаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 158/,
Өсвөр насны шүүгдэгч Г.Анударийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би тухайн өдөр Өнөболдтой маргалдсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг учруулахаар цохиж зодоогүй. Нуруу руу нь 2 удаа цохиж 1 удаа цэнэглэгчээр ороолгосон. Тухайн үед миний 2 гарын шуу хөхөрсөн, толгой хавдсан, нуруу гүвдрүү болсон байсан. Цагдаа дээр ирэхэд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгсөн боловч ээж Гантуяа намайг хүний муу үзэж яах юм гээд үзүүлээгүй. Одоо миний биед үүссэн гэмтэл арилсан гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 123/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-өсвөр насны шүүгдэгч Г.Анударийн оршин суугаа хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-150/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, өсвөр насны Г.Анударийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Д.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Оийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга хэрцгий харьцаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
өсвөр насны шүүгдэгч Г. Анударийн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.От ял, эрүүгийн хариуцалга оногдуулж шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Харин өсвөр насны шүүгдэгч Д.Анударийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний 18 насанд хүрээгүй, суралцаж байгаа, 2 сартай жирэмсэн гэх зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тодорхойх хугацаанд хэрэглэх нь түүний гэм бурууг ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургахад нөлөөлнө гэж үзлээ.
Шүүгдэгч нарт хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, тэдгээрт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Оийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга хэрцгий харьцаж, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
Өсвөр насны шүүгдэгч Г.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хорих ялыг шүүгдэгч Д.От оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мяган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Д.Оийг шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ат нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч Д.О, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Ат хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.От хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Д.О, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.О, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ